
ХАА салбар бол улс ардын эдийн засгийн үндэс суурь мөн хүнсний аюул байдал, нийгмийн тогтвортой байдлын чухал баталгаа юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт болон нөөц баялгийн хомсдол, хүрээлэн буй орчны дарамт улам бүр нэмэгдэхийн хэрээр уламжлалт хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хэв маяг орчин үеийн нийгмийн өндөр үр ашиг, ногоон эко, тогтвортой хөгжлийн шаардлагуудыг бүрэн хангаж дийлэхээ байж, хүндрэл сорилттой тулгарах болов.Хятад улс бол олон мянган жил газар тариалан эрхэлж, аж төрж ирсэн хөдөө аж ахуйн, тэр дундаа газар тариалангийн орон билээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд ХАА шинэчлэлтийг хэрэгжүүлэх тал дээр томоохон амжилтад хүрээд байна. Өндөр технологи инноваци болон төрийн бодлогын дэмжлэгээр тус улсын ХАА салбар урьдны хямд ажиллах хүчин дээр тулгуурладаг хэв маягаас технологи, автоматжуулалт, механикжуулалт давамгайлсан үйлдвэрлэлийн загварт шилжиж, ухаалаг ХАА, генийн инженерчлэл, хүнгүй техник, робот зэрэг шилдэг технологийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, ХАА үйлдвэрлэлийн үр ашиг, нөөц ашиглалтын түвшин илэрхий дээшлэв. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар ХАА шинэчлэлтийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, санхүү хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологийн судалгаа хөгжүүлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон олон улсын хамтын ажиллага зэрэг олон арга хэлбэрээр салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлсээр байна.Хятадын ХАА-н шинжлэх ухаан технологийн дэвшил тус салбарын үйлдвэрлэлд оруулах хувь нэмэр 2015 онд 56% байсан бол 2023 оны байдлаар 62% болж, орчин үеийн ХАА салбарын хөгжилд шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг туршлага гол тулгуурын үүрэг гүйцэтгэх болов. Ингээд Хятадын ХАА салбарын шинэчлэлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, өндөр технологи инновацийн ХАА салбар дахь бодит хэрэглээ болон төрөөс авч хэрэгжүүлж буй холбогдох бодлого, арга хэмжээний талаар танилцуулъя.
ХАА салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
Хятадын ХАА салбар бол тус улсын 1,4 тэрбум хүн амын амь амьжиргаатай холбоотой чухал салбар. Харин салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ 2016 оноос аажим буураад байна. Энэ нь Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017 онд хуралдсан ХКН-ын XIX их хурлаар эдийн засгийн бүтцийн эрс шинэчлэлт хийхээр шийдвэрлэж, газар тариалан, экспорт болон хямд ажиллах хүчин дээр тулгуурладаг эдийн засгаас шинжлэх ухаан, технологи, инноваци дээр тулгуурлах өндөр чанартай эдийн засаг руу шилжих стратеги баримтлах болсонтой холбоотой. Ийм нөхцөлд ХАА салбарын шинэчлэлт нь тус улсын эдийн засгийн шилжилтийг түргэтгэх, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал салбар болоод байна.
Багахан тоо баримт дурдвал 2023 оны байдлаар ХАА (газар тариалан, мал аж ахуй, загас агнуур гэсэн үндсэн гурван сектороос бүрэлдэнэ), үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ 6.9%, 36.8% болон 56.3% болж өөрчлөгдөөд байна. Өөрөөр хэлбэл Хятадад яг одоо эдийн засгийн бүтцийн томоохон шилжилт явагдаж байна.
Салбарын хэмжээнд өнөөдөр цөөнгүй сорилтуудтай тулгараад байна. Юуны өмнө хөдөөгийн ажиллах хүчний хомсдлын асуудал. Хятадад хотжих үйл явц асар хурдасч, хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байна. Тоон баримтаар 1978 онд хотод оршин суугчид хүн амын 17.9%, 2000 онд 36.09%, 2018 онд 59.58% [1] тус тус эзэлж байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 67% хүрээд байна. Ирэх 5 таван жил ойролцоогоор 75% [2] хүрнэ гэсэн таамаглал ч байна. Нийгмийн энэ шилжилт хөдөлгөөн тус улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллах хүчний хүний нөөцийн ноцтой хомсдолд оруулав [3]. Залуус хот руу ажиллаж, хөдөлмөрлөхөөр ихээр явж, хөдөө тосгонд ихэвчлэн өндөр настай, эмэгтэйчүүд хоцорч, ингэснээр шинэ өндөр технологи, менежментийн арга барил нэвтрүүлэх, түүнийг ашиглахад хүндрэл дагуулж байна [4].
Хотжилт өргөжиж, үйлдвэрлэл эрчимжээд ирэхээр тариалан эрхлэх газар улам хязгаарлагдаж, тариалангийн талбай улам багасч байна. Бас нэг асуудал бол хот хөдөөгийн оршин суугчдын орлогын зөрүү их байгаа явдал. Хөдөө тосгонд ойролцоогоор 477 сая хүн тогтмол оршин сууж байгаагаас бага орлоготой иргэд ойролцоогоор 200 сая [5] буюу бараг тал нь. Хөдөөд нэг хүнд оногдох дундаж орлого 23119 юань, харин хотод 54188 юань. Үүнээс орлогын зөрүү их байгаа нь харагдаж байна. Түүнчлэн хөрс, усны хомсдлын асуудал нэмэгдэж, хүнсний аюулгүй байдал, хүнсний чанарын асуудал яригдана. Хятад улс шинэчлэлт хийж, үр ашгийг дээшлүүлэх тал дээр тодорхой ахиц дэвшилтэй байгаа хэдий ч ХАА салбарт үр ашгийг дээшлүүлэх шаардлага өндөр байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн шинжлэх ухаан технологийг нэвтрүүлэх замаар ухаалаг ХАА үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хот хөдөөгийн ялгааг багасгах, хөдөөгийн иргэдийг чинээлэгжүүлэх, өртгийг бууруулах замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах шаардлага үүсээд буй.
Тэгвэл яригдаж буй салбарын хэмжээнд тулгамдаж байгаа бүхий л сорилт, хүндрэлийг өндөр технологи, инновацийн давуу талыг ашиглан шийдэж болно гэж Хятадын засгийн газар үзэж байна.
ХАА шинэчлэлтэй холбоотой төрийн бодлого, арга хэмжээ
**ХКН-ын 20 их хурал. Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх бодлого баримталж, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин” -тай холбоотой асуудлыг нэн тэргүүнд анхаарах, 2035 он гэхэд ХАА шинэчлэлтийг бүрэн хийж, 2049 он гэхэд ХАА хүчирхэг гүрэн болно гэсэн алсын зорилго тавив. Энэ нь салбарын шинэчлэлтийг хийх бодлогын гол чиг баримжаа болж байна. Тус хурлаар хүнсний аюулгүй байдлыг хангах, ХАА шинэчлэлтэд шинэ техник технологи, инновацийг ашиглах, ухаалаг ХАА байгуулах, түүнчлэн ногоон үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд төвлөрчээ.
** “14 таван жилийн төлөвлөгөө: Дижитал ХАА хөдөө тосгоны хөгжлийн төлөвлөгөө 2019-2025”. Энэ бол ХАА-г шинжлэх ухаан технологи инновацитай уялдуулан хөгжүүлэх бодлого. 2025 он гэхэд ХАА салбарын инновацийн хүчин чадлыг ихээхэн дээшлүүлж, технологийн дэвшил, давуу талыг ашиглаж, тариалалтын чанар, хамрах хүрээ, механикжуулалт зэрэгтэй холбоотой үзүүлэлтийг дээшлүүлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. 2035 он гэхэд өндөр технологийн, ухаалаг, ногоон гэх онцлогтой ХАА шинжлэх ухаан технологийн шинэчлэлтийг үндсэнд нь хэрэгжүүлж дуусгаад дэлхийд тэргүүлэгч ХАА шинжлэх ухаан технологийн төвийг байгуулна гэсэн алсын хараатай.
** “Хөдөө тосгоныг хөгжүүлэн цэцэглүүлэх стратеги” (2018-2022). Хөдөө тосгоны газрын хамтын өмчлөлийг бий болгож, шинэ маягийн хамтын аж ахуйг хөгжүүлэн, хамтдаа баян чинээлэг болох замыг нээх. Мөн хөдөө тосгонд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, чадвартай хүмүүсийг инноваци шинээр бүтээх үйлсэд татан оролцуулах. Басхүү хөдөө тосгоны анхдагч (ХАА), хоёрдогч (үйлдвэрлэл), гуравдагч (үйлчилгээ) үйлдвэрлэл хоршин хөгжих явдлыг түргэтгэж, тариачдын ажил эрхлэлт, шинэ үйлдвэрлэл эрхлэхийг хөхиүлэн дэмжиж, орлогоо нэмэгдүүлэх сувгийг өргөжүүлэх зэрэг өргөн агуулгатай.
** “14 таван жилийн төлөвлөгөө: ХАА, хөдөө тосгоны шинэчлэх төлөвлөгөө”. Их өгөгдөл, интернет, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг шинэ үеийн мэдээллийн технологийг ХАА үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, уялдуулах ажлыг идэвхжүүлэх зорилготой.
** “ХАА ногоон хөгжлийн технологийн чиглүүлэх удирдамж (2018-2030) ”. ХАА салбарт ногоон хөгжлийн шилжилт хийх, шинжлэх ухаан технологиар дамжуулж чанартай, ногоон хөгжлийг урагшлуулах зорилготой.
“Ухаалаг ХАА үйл ажиллагааны төлөвлөгөө 2024-2028 он”-нд 2028 он гэхэд улсын хэмжээнд ХАА үйлдвэрлэлийн дижитал, цахимд шилжих хувь хэмжээг өнөөгийн 27 хувиас 32%-д хүргэх бодит зорилт тавьсан байна.
Дээр дурдсан шинэчлэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүрэхэд төрийн санхүүгийн дэмжлэг чухал хөдөлгөгч хүч болох нь тодорхой.
Тэгвэл 2023 онд Төвийн Санхүүгийн ХАА шинжлэх ухаан технологи инновацыг дэмжихэд зориулсан тусгай хөрөнгө 80 тэрбум юань, харин “ухаалаг ХАА” буюу интернет, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн технологи ашиглалтад зориулсан хөрөнгө 15 тэрбум юаньд хүрчээ. Үүнээс гадна дижитал хөдөө тосгоныг байгуулах зорилгын хүрээнд Хятадын Төв Санхүүгээс 2023 онд 20 тэрбум юань олгож, 5G сүлжээг хөдөө тосгонд дэлгэрүүлэх, интернетэд холбох, хөдөөгийн оршин суугчдыг дижитал технологид сургахад голчлон зарцуулжээ[6]. Эдүгээ тус улсад засаг захиргааны тосгоны 80 хувь нь шилэн кабелд холбогдсон гэх тоо баримт ч байна.
ХАА салбарт өндөр технологи нэвтэрч буй туршлага
Өнөөдөр Хятадад шинжлэх ухаан дээр суурилсан өндөр технологи, инноваци нь ХАА салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж, бодит үр дүнд хүрээд байгаа талаар авч үзье.
Ухаалаг ХАА: их өгөгдөл + хиймэл оюун
Юуны өмнө мэдээллийн технологийн хэрэглээ ХАА шинэчлэлтэд үндсэн үүргийг гүйцэтгэж эхлэв. Тариаланчид юмсын интернет /IoT/-ийн технологийг ашиглаж, мэдрэгчээр хөрсний чийгшилт, дулаан, нарны тусгал зэрэг хүрээлэн буй орчны тоон мэдээллийг цуглуулан, улмаар дүн шинжилгээ хийж, усалгаа болон бордоог маш оновчтой хийж байна. Басхүү хиймэл оюун ухааныг ашиглаж, хортон шавьжнаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, дүрс таних технологиор үр тарианы болц, чанарын нөхцөл байдлыг шинжилж байна. Үүнээс гадна их өгөгдөлд дүн шинжилгээ хийн, тариалалтын бүтэц хийгээд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг оновчтой болгоход тусалж, ХАА бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд байна.
Жишээ нь Жөзянь мужийн “ухаалаг тариалангийн талбай” төсөл нь дрон болон ухаалаг хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж ашиглаж, усан тутрагын тариалалтын бүхий л явцыг автоматжуулж, ухаалаг загварт оруулжээ. Бас нэг сонгодог жишээ бол Шинжааны хөвөн тариалалтад удирдлага болон автоматжуулалтын технологийг ашиглаж, ажиллах хүчний өртгийг бууруулж, гарцыг нэмэгдүүлсэн байна.
ХАА робот болон автоматжуулах технологи
Технологи инноваци. ХАА-д робот ашиглаж, үр жимсийг тарих, бордох, хураах зэрэг бүхий л үе шатыг гүйцэтгэж байна. Жишээ нь робот нь хараагаар таних системээр дамжуулж, боловсорч бэлэн болсон жимсийг олж, автоматаар хураах үйлдлийг хийж байна. Мөн автомат хүлэмж нь цаг уурыг хянах системээр хүнсний ногоо, цэцэг зэргийн дулааныг мэдэрч ургах таатай орчныг бүрдүүлнэ.
Робот жимс хурааж байгаа нь Эх сурвалж: https://www.sohu.com/a/492879126_489960
Хүнгүй техникээр ургацаа хурааж буй нь . Жянсу муж, 2023 он.https://news.cgtn.com/news/2023-12-21/China-pushes-technological-innovation-for-agricultural-modernization-1pIH7Z5iuFW/p.html
Генийн инженерчлэл болон биотехнологи
Хятадын эрдэмтэд генийн инженерчлэл буюу хувиргалтын технологи (жишээ нь CRISPR-Cas9)-оор үр тарианы төрлийг ган гачиг, хортон шавьж эсвэл цаг агаарын онцгой нөхцөлд илүү тэсвэртэй болгон сайжруулж байна. Түүнчлэн био бордоо болон бичил биетийн бэлдмэлийн судалгаа шинжилгээ явуулж, үр дүнд нь бордооны хэрэглээг багасахын зэрэгцээ хөрсний үржил шимийг мөн дээшлүүлэх болов.
ХАА бүтээгдэхүүний онлайн худалдаа
Дижитал шилжилт. Тариаланчид бүтээгдэхүүнээ онлайн худалдаааны платформ (ping duoduo, Jingdong)-ууд ашиглаж, талбай дээрээс шууд танилцуулан борлуулж, энэ нь нийлүүлэлтийн хэлхээг богиносгож, тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна.
Хятад триаланч жимсээ талбайгаасаа цахимаар шууд борлуулж буй нь
https://www.360doc.com/content/23/0724/12/74532830_1089835331.shtml
Ийнхүү Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарт олсон амжилт, туршлага, ялангуяа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан болон био технологийн салбарын хэрэглээний дэвшил дээрээ тулгуурлан, ХАА салбарын өөрчлөлт шинэчлэлтийг ид хийж байна.
Дүгнэлт
Хятад улс өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлж байсан 1978-1990 оны хооронд ХАА салбар тус улсын эдийн засагт томоохон жин дарж, ДНБ-ий 28%-ийг эзэлж байв. Энэ ч аргагүй бөгөөд тухайн үед Хятадын эдийн засаг ХАА дээр суурилж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар харьцангуй буурай байв. Харин өнөөдөр Хятад улс эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлж, энэ зууны дунд үе гэхэд улсаа баян чинээлэг, үзэсгэлэнтэй, хүчирхэг гүрэн болгох, “Хятадын мөрөөдөлд хүрэх” зорилго тавьсан билээ. Тэгвэл энэ зорилгод хүрэх гол арга замыг Хятадын модернизаци буюу орчин үеийн болох шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэх, ингэхдээ шинжлэх ухаан технологийг шүтэж, мэдлэгтэй залуу эрин үеийг бэлдэн, технологи инноваци дээр тулгуурлан өндөр чанартай хөгжилд хүрэх явдал гэж Хятадын засгийн газар үзэж байна.
Монгол улсын хувьд газар нутаг уудам, хүн ам сийрэг, ХАА салбарт МАА тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлдэг билээ. Харин Хятад улс ХАА салбартаа шинэ технологи, инноваци нэвтрүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр хүнсний хангамж болон иргэдийн хүнсний аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг сайтар хангах, мөн хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг аажим багасгаж байна. Хятадын хурдацтай хөгжил ХАА салбар тэр дундаа газар тариаланд шинэ техник технологийн дэвшил авчирч, шинжлэх ухаанд үндэслэн байгалийн нөөцийг үр ашигтай, зөв оновчтой ашигласнаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад нэмэр болж байна.
Хятадын нийгэм эдийн засгийн хөгжихийн хэрээр дундаж орлоготой иргэдийн олширч, иргэдийн хэрэглээ тооноос илүүтэй чанарт шилжин, ногоон эко хүнсний хэрэгцээ улам ихсэж байна. Харин Монгол Улс бол дээд сайн чанарын малын бүтээгдэхүүнтэй, бид харьцангуй эко орчинд мал аж ахуй эрхэлж, өсгөдөг. Хятадын зах зээл асар том. Манай хоёр оронд бие биенээ нөхөх боломж, харилцан ашигтай хамтран ажиллах орон зай их байна.
Гагцхүү Монгол Улс мал малын бүтээгдэхүүний боловсруулалт, чанарын баталгаа болон шинэ брэнд бий болгох тал дээр Хятадтай хамтарч, өөрийн орны МАА бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна Хятадаас дэвшилтэт шинэ технологийг оруулж, газар тариалангийн ургацын чанар, гарцыг нэмэгдүүлэх боломж ч бий. Бид газар тариалангийн усалгаа, агуулах хадгалалт, ложистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, өөрийн улсын ХАА салбарын шинэчлэлтэд анхаарах хэрэгтэй байна.
МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ
Сэтгэгдэл0