sonin.mn

“Зууны мэдээ” сонин “Төрсөн нутаг мину” булангийнхаа анхны зочноор Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Батсайханыг урьж, ярилцлаа.

 

-Идэр сумын нутгийн зөвлөлөөс энэ сарын 19-нд нэгэн сонирхолтой бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Улсын арслан Урт гарт Маамын Лхагва гэдэг бөхийн нэрэмжит барилдаан болох юм байна. Нутаг усандаа алдартай энэ бөхийн үүх түүхээс яриагаа эхэлье?


-Монгол Улсын арслан Маамын Лхагва 1907 онд Завхан аймгийн Идэр сумд төрсөн. Ер нь бол лам хүн л дээ. Тэрбээр 16 насандаа долоон хошууны даншиг наадамд түрүүлж байсан. Тэр үеийн даншиг наадам Бөхөн шарын нуруунд болж, долоон хошууны алдарт бөхчүүд цуглардаг том наадам болдог байжээ. Түүний дараа Лхагва гуай Улаанбаатар хотод ирсэн байдаг.


1931 оны Төрийн их баяр наадам, Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд 24 настайдаа зодоглож ес даван үзүүрлэсэн байгаа юм. Уг нь бол тэр жилийн их баяр наадамд түрүүлсэн гэдэг. 


Гэвч ардын хувьсгалын тэгш ой болж таарсан учраас лам хүн түрүүлэх нь зохимжгүй хэмээн үзүүрлэсэнд тооцож, улсын заан цол хүртсэн гэдэг. Ийм түүхэн баримт яриа бий. Түүний дараагийн жил буюу 1932 оны их баяр наадамд төрсөн ахтайгаа хамт барилдаж, шөвгийн дөрөвт хоёулаа үлдсэн байдаг юм. Тэр наадмаар төрсөн ах нь заан цол хүртэж, өөрөө заан цолоо баталж байсан түүхтэй.


-Ах нь хэн гэдэг бөх байсан юм бэ?


-Маамын Намбар гэж Улсын заан хүн байсан. Нутаг усандаа бөхийн удамтайгаараа гайхагдсан улс байлаа. Маамын Лхагва гуай 1933 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн. Ингэхдээ 1931 оноос хойш лам байхаа болж, хар болсон. Түүний амжилт дүүрэн, адармаатай ч гэмээр бөхийн замнал ингэж эхэлж өрнөсөн байдаг. Үүний дараа Л.Маам гуай 1939 оны наадамд бас л ес давж түрүүлсэн. Гэхдээ дайны жил байсан учраас шинэ цэрэг Б.Түвдэндоржийг түрүүлсэнд тооцож байжээ. Үндэсний бөхийн Их аварга Б.Түвдэндорж гуай шүү дээ. Дайны үед цэрэг хүн түрүүлэх нь зөв юм гэж үзсэн байгаа юм. Үүнээс болоод М.Лхагва гуай Маршал Х.Чойбалсанд хатуу үг хэлж, 10 жилийн хорих ял авсан. Долоон жил шоронд хоригдож, гарч ирээд үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж, төрийн наадамд таван удаа шөвгөрсөн. Нийтдээ төрийн наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, 12 шөвгөрсөн ийм түүхтэй бөх юм. 


-Урт гарт гэдэг нь ямар учиртай тодотгол вэ. Тийм урт гартай бөх байсан юм уу?


-Анх Хамбын бор гэсэн хочтой барилдаж байсан. Завхан аймгийн Идэр сум бол Хамба гэгээн, ялгуусан гэгээн гээд хоёр гэгээний нутаг. М.Лхагва гуай Хамба гэгээний шавь, лам хүн байсан. Тийм учраас овооны наадамд түрүүлж байх үеэсээ эхлээд Хамбын бор гэдэг хочтойгоор барилдаж байсан. Дараа нь төрийн наадамд барилдаж эхлэх үед урт гарт гэж нэрлэж байсан. Биеийн пропорц нь сонин, онцлогтой хүн байж л дээ. Гараа унжуулаад зогсоход нь хоёр гар нь өвдгийг нь давдаг байсан гэдэг. Тийм учраас урт гарт Маамын Лхагва гэдэг ийм нэр алдрыг өгч байсан түүхтэй юм. М.Лхагва гуай ах дүү гурвуулаа. Том ах М.Намбар 1932 оны улсын наадамд зодоглож улсын заан болсон. Улсад дахиж барилдаагүй байдаг юм. Дараагийн ах нь М.Дэндэв гэж хүн байсан. Тэр хүн аймгийн заан цолтой. Тэгээд бага нь М.Лхагва гуай юм.


-Идэр сумын нутгийн зөвлөлөөс яагаад Урт гарт М.Лхагва гуайн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар болов?


-Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөл, Монголын Үндэсний бөхийн холбоо, “Эв монгол” клуб хамтраад Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг энэ сарын 19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Энэ барилдааныг олон хүн дэмжиж байгаа. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Идэр сумын ИТХ, ЗДТГ дэмжиж хамтран зохион байгуулж байна. Мөн бөхөд сэтгэлтэй олон түмэн минь дэмжиж тусалж хамтран ажиллаж байгаад баяртай байна.


Монгол Улсын аваргын энтэй арслангийн нэрэмжит барилдаан учраас 256 бөх барилдуулахаар шийдсэн. Бөхийн бай шагнал бас нэлээд өндөр байгаа. Монгол Улсын арслангийн нэрэмжит энэхүү барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчид, үзэгчид өргөнөөр ирж оролцох боломж, үүд хаалга нь нээлттэй байна.


Монгол Улсад аварга, арслан цолтой нийт 25 хүн байна. Эдгээр аварга арслангуудад бид албан ёсны урилга хүргэж байна. Мөн Завхан аймгаас төрсөн улсын цолтой бөхчүүдэд урилга хүргэж байгаа. Түүнчлэн энэ цаг мөчид Монгол бөхийн өнгийг тодорхойлж барилдаж байгаа шилдэг залуу улсын цолтнууд, аймгийн цолтнуудаа барилдаанд ирж барилдахыг урьж байна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун дагшин байгаасай, Монгол бөхийн түүхэнд хэлмэгдүүлэлт дахин битгий давтагдаасай гэсэн зорилготойгоор энэ барилдааныг зохион байгуулж байгаа.


- Бөх гэдэг чинь удамшдаг шүү дээ. М.Лхагва гуайн үр удмаас барилдаж байгаа хүн байна уу?


-М.Лхагва гуайн гурван зээ байна. Тэдний дунд барилддаг хүн байхгүй. Харин түүний төрсөн ах М.Намбар гуайн зээ нараас бол барилдаж байна. Аймгийн начин Баярбат гэдэг сайхан бөх бий.


-Таныг банкны салбарын хүн гэж мэдэхээс бөхийн хорхойтон гэж сайн мэддэггүй байлаа?


-Хүний эрхэлж байгаа ажил төрөл, итгэл үнэмшил дээр тулгуурласан хобби сонирхол их ялгаатай. Би монгол бөхийн үнэнч үзэгч, бас монгол бөхөө эрхэмлэн дээдэлдэг хүн. Тийм учраас нутгаас төрсөн энэ сайхан арслангийн үүх түүхийг нэлээд судалсан. Арслангийнхаа нэрэмжит барилдааныг монголын нийт үзэгчдийн хүртээл болгочих юм сан. Мөн энэ цаг мөчид хүч түрэн барилдаж байгаа олон сайхан бөхчүүд оролцсон, өрсөлдөөнтэй, шударга, сайхан барилдаан зохион байгуулах юм сан гэсэн чин хүсэлтэй байна.


Түрүүлсэн бөх 12 сая төгрөгийн бай шагналыг хүртэнэ. Үзүүрлэсэн бөх долоон сая төгрөг, шөвгийн 4-т шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Энэ цаг үед болж байгаа барилдаанууд дотроо нэлээд чансаа өндөрт тооцогдож байна.


Нөгөө талаасаа монголын үндэсний бөхийг үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үзэгчид маань бөхийнхөө барилдаанд орж, дэмжиж сэтгэл санааны сайхан таашаал авдаг онцлогтой шүү дээ. Тийм учраас бид үзэгч дундаас арслангийн хишиг хүртээж, азтай нэгэн үзэгчид автомашин гардуулахаар бэлдсэн байгаа.


-Завхан аймгийг хутагт, хувилгаадын өлгий нутаг гэж ярьдаг шүү дээ. М.Лхагва гуайн үүх түүхээс эхлээд мөн л бөхчүүдийн өлгий нутаг бололтой?


-Тийм шүү. Ер нь бөхийн өлгий нутаг шүү дээ. Олон сайхан бөхчүүд төрөн гарсан байдаг. Монгол Улсын аварга Шагж гэж сайхан бөх байлаа. Бас л хэлмэгдэж байсан түүхтэй хүн. 1929 оны Улсын баяр наадамд түрүүлэхэд нь улсын аварга цолны үнэмлэхийг нь өгчхөөд л маргааш нь буцааж хураагаад авсан ийм түүх байдаг. Монгол Улсын дархан аварга Шаравын Батсуурь Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Тэрбээр 1940 оныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын харьяат гэж цоллуулж явсан байдаг. Ер нь бөхийн түүхэн дэх олон сонин содон явдлууд, түүхүүд манай Завхан нутагтай, Завханы бөхчүүдтэй холбоотой байдаг. Олон сайхан улсын арслангууд бий. Аваргын энтэй арслан, арслангийн энтэй заанууд төрөн гарсан нутаг бол Завхан нутаг. Өнөө цаг үед ч гэсэн Монгол Улсын гарди цолтны тоогоор Завхан аймаг тэргүүлдэг юм шүү дээ.


-Та Монгол бөхийн түүхэнд хэлмэгдүүлэлт дахин битгий давтагдаасай гэсэн шүү дээ. Бид лам хуврагууд л хэлмэгдэж явсан гэхээс бөхчүүд хэлмэгдэж байсан түүхийг сайн мэдэхгүй юм. Ер нь бөхчүүдийг ямар учир шалтгаанаар хэлмэгдүүлж байсан юм бэ?


-Тухайн үед бөх байна уу, хар байна уу, цэрэг, дарга байна уу гэдгээс үл хамаараад бүхий л хүн хэлмэгдүүлэлтэд өртөж байсан. Улс төрийн нөхцөл байдал хүмүүсийн хандлагаас л хамаардаг байж.


Түүхийн шар хуудсанд хар бараанаар тэмдэглэгдэж үлдсэн тэр хэлмэгдүүлэлтэд бөхчүүд ч бас өртөж байсан. Үүний нэг тод жишээ нь урт гарт Маамын Лхагва гуай юм. Үнэндээ тэр бол монгол төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ. Гэтэл шоронд долоон жил суусан.


Хэрэв тэр долоон жилийн хугацаанд зүлэг ногоон дэвжээндээ барилдаж байсан бол хэдэн наадмын түрүү авах байсныг хэн ч мэдэхгүй. Дараа нь М.Лхагва гуайг Монголын төр цагаатгасан, уучлалт гуйсан. Тэгэхдээ хувь хүнийхээ хувьд хэлмэгдэж, цагаадсан болохоос биш Монгол бөхийн хувьд хэлмэгдсэн тэр он жилүүд, бөхийн замналыг нь цагаатгаагүй юм. Тийм ч учраас энэ хүнд одоо ч аварга цолыг нь олгоогүй байна. М.Лхагва гуай 1977 онд онд 70 настайдаа нас барсан байдаг. Сүүлд Б.Түвдэндорж аварга “1939 оны наадамд би М.Лхагва гуайд өвдөг шороодсон юм. Цаг төрийн байдал амаргүй байсан учраас намайг давсанд тооцсон юм” гэж хэлсэн дурсамж нь бий. 1939 онд Монголын төр дайны цаг мөчид монгол цэргийнхээ сүр хүчин дор ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тийм учраас тухайн жилийн наадамд монгол цэргийн сүр хүчийг илэрхийлдэг нэг зүйл болох Монгол бөхийн барилдаанд шинэ цэрэг хүн түрүүлэх нь бас чухал байсан юм болов уу даа.


-Монгол бөхтэй холбоотой хууч ярианууд үлгэр домог мэт яригддаг шүү дээ. Маамын Лхагва гуайн тухай таны сонсож байсан хамгийн сонин содон, сэтгэлд тань үлдсэн зүйл юу байна вэ?


-Маш олон бий. Энд би нэг л түүхийг нь яръя. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын заан Адьяа гэж хүн байсан. Би Завхан руу явж байгаад Хотонтод машин эвдрээд тэр айлд хонож байлаа. Адьяа гуайтай бөхийн хууч хөөрч хоносон. Тэгэхэд Адьяа гуай Лхагва арслантай холбоотой нэгэн түүх ярьсан юм. Адьяа заан өөрөө тээврийн тэрэгний жолооч байж л дээ. Тэгээд 1939 оны намар Лхагва гуай шоронд орчхоод Сэлэнгийн Түнхэлийн модны үйлдвэрт ажиллаж байсан юм байна лээ. Адьяа гуай тэндээс мод ачдаг. Тэгээд Лхагва гуай шоронд очсоныхоо дараахан шөнө ерөөсөө унтдаггүй. Модон дээр буруу харж суучхаад “Та унтаач ээ” гэхээр “Үгүй ээ нойр хүрэхгүй байна” гэдэг.


“Яагаад байгаа юм” гэхээр “Б.Түвдэндоржтой л барилдаж байж миний нойр хүрнэ. Тэрнээс наана би унтахгүй байна” гэдэг. Тэр хорихын дарга нь бас бөхийн хоббитой. Бөхөд элэгтэй хүн байсан байна.


Тэгээд М.Лхагваа гуайг дуудаад “За. Та сайхан унт. Амар. Б.Түвдэндорж гуайг ойрын үед нэг томоохон барилдаанд барилдана гэдэг зар явах юм бол би танд мэдэгдье. Таныг би нэг барилдуулъя” гэж хэлээд тайвшруулаад байсан. Удалгүй Сэлэнгэд Түвдэндорж аварга ирж барилдана гэдэг зар гарсан. Тэгээд хорихын дарга Лхагва гуайг дуудаад хэлсэн юм байна лээ. “Түвдэндорж гуайтай би таныг барилдуулъя. Гэхдээ та нэгийн даваанд Түвдэндорж гуайтай залуу бөхөөр, өөр нэрээр барилдана. Хаясан ч, унасан ч та хоёрын даваанд барилдахгүй шүү” гэж тохироод очсон юм билээ. Тэгээд хөлийн цэц дээр нь очоод хорихын дарга нь “Манай ажилтан байгаа юм. Энэ хүнийг нэгийн даваанд барилдуулчхаад би явах гээд байна. 


Хамгийн том цолтой бөхөд нь тавиад өгөөч” гэж гуйгаад Түвдэндорж аваргын аманд гаргасан юм байна лээ. Тэгээд Б.Түвдэндорж гуайтай нэг цаг гаруй барилдаад Түвдэндорж гуайг хаясан байдаг.


Б.Түвдэндорж гуай босож ирээд элэг бүсээ тайлахад нь элэг бүсийнх уяаг нь уяж, өөрийнхөө элэг бүсний уяаг тайлаад “За чи маршалтай хүн хоёрын даваанд барилдчих байлгүй дээ. Би хоригдол хүн явлаа” гэж хэлээд тахимаа өгсөн юм. Ингээд хорихын дарга гүйж очоод гараас нь хөтлөөд л шууд машинд суулгаад аваад явчихсан юм байна лээ. Тэрнээс хойш Лхагваа гуай их сайхан унтаж амарсан гэдэг. Мөн Түвдэндорж аварга барилдаан болсноос хойш долоо хоногийн дараа М.Лхагваа гуайг эргэж ирээд “1939 оны наадамд Лхагваа түрүүлсэн юм. Би унасан. Тэр үеийн нөхцөл байдал ийм байсан. Лхагваагаа ингээд явж байхад нь эргэж ирээгүй нь миний алдаа байжээ, Уучлаарай” гээд эргэж ирж байсан гэдэг. Энэ домог түүхийг улсын заан Адьяа гэж хүн надад ярьж байсан даа.


-Та маршалд хатуу үг хэлээд шоронд орж байсан гэсэн шүү дээ. Тэр нь юу гэсэн үг байсан юм бол?


-“Маршалын мэлмий муудаж дээ. Урдах нь ул ардах нь зул болж” гэж хэлсэн юм гэдэг. Ер нь санаа нь төрийн наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Хоёр дахь удаагаа хэлмэгдүүлчихлээ л гэсэн санаагаар хэлсэн шиг байгаа юм. Тэгээд хувьсгалын эсэргүү гэдэг хэргээр шоронд явж байжээ.


Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин