sonin.mn

Америкийн нэрт зохиолч Марк Твэйний Хаклибэри Финнийн адал явдал роман анх 1885 онд хэвлэгдсэн, энэ жил 140 жилийнх нь ой болж байна. Энэ хооронд энэхүү Хак Финнийн тухай зохиол дэлхийн бараг хэл болгонд орчуулагдан бүхний танил болсон байх. Зохиол 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар Гекельберри Финнад тохиолдсон адал явдал нэртэйгээр монгол хэлнээ буусан. Үүнээс хойш ч 60 жил өнгөрчээ. Америкийн зохиолч, хошигногч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, ардчилсан үзэлт Марк Твэйн нь гүн ухааны, уран сэтгэмжийн нийтлэлийн олон бүтээл туурвисан авч энэ болгон дотроос хамгийн алдартай нь Хак Финнийн алдал явдал билээ. 


Орон гэргүй архичны ноорхой хүү Хак гудамжны тэнэмэл хүүхэд болж өсжээ. Хөл нүцгэн алхаж, хоосон торхонд хоноглодог, гаанс нэрж татдаг, сургуульд явдаггүй, ажил хийдэггүй тэрээр энэ амьдралдаа туйлын дуртай. Айл болгон хүүхдээ Хактай найзлахыг огт зөвшөөрдөггүй ч Том Соер л энэ хоригийг тоосонгүй.


Олон адал явдлуудын дараа Том, Хак хоёр тохиолдлоор эрдэнэс олон баяжжээ. Гэнэтийн эд баялаг Хакийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, түүнийг бэлэвсэн авхай Даглас өргөж авна. Өргөсөн эхийнхээ хүмүүжүүлэлтээс залхсан Хак зугтав. Миссисипи мөрний дагуу сал хөлөглөн хийсэн адал аялал нь оргодол хар арьст Жим болон хаантан, гүнтэн гэх хоёр луйварчин нартай хамт үргэлжилдэг. Энэ үеийн Хак 13-14 настай. Зохиолч эхлээд Том Соерын адал явдал роман бичихдээ Ханнибал дахь өөрийн хүүхэд насыг харуулсан ба тэнд Хак Финн туслах дүрээр тодордог. Дараа нь бичсэн Хак Финнийн эх дүр нь Твэйний багын найз Том Блэнкэншип гэх хүүхэд аж. “Хүмүүжилгүй, халтар, ноорхой, үргэлж өлөн тэрээр маш сайхан сэтгэлтэй, манай хотод хэнээс ч үл хамаарсан эрх чөлөөтэй ганц нь байлаа. Бидний хүүхдүүд цөмөөрөө түүнд атаархдаг байв” гэж хожим зохиолч дурссан байдаг. Томын ах нь оргосон нигрт туслан нуусан нь тухайн үеийн өмнөд дэх боолт нийгэмд шившгийн хэрэг гэгдэж байсан, оргодол нигрийг олж өгсөн хүнд амласан шагнал нь Блэнкэншипийнх шиг ядуу айлд хангалттай их мөнгө боловч тэд үүнд автсангүй. Чухам энэ явдал зохиолчийн хоёр дахь романы гол сэдэв болжээ. Хаклибэри гэдэг нь Хойд Америкт элбэг ургадаг нэгэн зүйл нэрс жимсний нэр ба энэ нь мөн гойд юмгүй үл ажиглагдах хүн гэсэн давхар утгатай. 


Хаклибэри Финнийг бичиж дуусах дөхөж байхдаа Твэйн Миссисипи дэх амьдрал романаа бичсэн нь ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Миссисипи мөрний эрэг дээр 22 жил өнгөрөөсний дотор хөлөг онгоцны туслах залуурчаар ажиллаж асан Твэйний дурсамж, Хак бичихэд түлхэц өгчээ.


Тэрээр хар залуудаа өөртөө “Марк Твэйн” гэсэн утга зохиолын нэр авсан нь усан онгоц аюул бартаагүй явж чадах голын усны гүний хэмжээг илэрхийлэх “хоёр алд” гэсэн утгатай үг аж. Том Соерын адал явдал зохиолд нь Ханибал хотын хажуухан байдаг Мак Дауэллийн агуй олонтоо гардгийг өдгөө Марк Твэйний агуй гэж нэрлэх болжээ. Агуйн ханан дээр “Сэм Клэмэнс” гэсэн бичиг бийг Твэйн өөрөө сийлсэн аж. Түүний жинхэнэ нэр нь Сэмүэл Клэмэнс. Марк Твэйн шинжлэх ухааныг шүтдэг, алдарт зохион бүтээгч Николо Тэслатай дотнын найз, түүний лабораторийн байнгын зочин байжээ. Харин тэрээр шашинд ам муутай. Нэрт зохиолч Виллиам Фолкнэр бичихдээ “Марк Твэйн бол анхны жинхэнэ америк утга зохиолч, харин бид бүгдээрээ түүний үргэлжллэл юм.” Харин Эрнэст Хэмингүэй шуудхан “Орчин үеийн Америкийн утга зохиол Марк Твэйний Хаклибэри Финнийн адал явдал номоос төрсөн юм” гэжээ. Мэдээж Твэйнээс өмнө олон америк зохиол бүтээлээ туурвисаар ирсэн. Гэхдээ бүгдээрээ л Англи уран зохиолын үргэлжлэл, хэв маягаар бичиж байсан бол Хак Финн бол жинхэнэ америк онцлог төрхтэй бүтээл гэсэн санаа энэ үнэлэлтэд байна.


Сэмүэл Клэмэнсийг төрөхөд тэнгэрт сүүлт од харвасан гэдэг. Тэрээр дараагийн сүүлт од харагдах үед өөрийгөө нас барна гэж тоглоом шоглоомоор хэлдэг байжээ. Үнэхээр ч эз нь тэгж таарсан юм уу, 1910 оны дөрөвдүгээр сарын 21-ий өдөр буюу Марк Твэйн 74 насандаа таалал төгсөх яг тэр өдөр тэнгэрт сүүлт од үзэгдсэн гэх. 


Марк Твэйн Хак Финн зохиолынхоо 43 бүлэгтээ тэр үеийн хэв маягийг даган 1-р бүлгийг Civilizing Huck – Miss Watson - Tom Sawyer Waits, 2-р бүлгийг The Boys Escape Jim – Tom Sawyer`s Gang – Deep-laid Plans, 3-р бүлгийг A Good Going-over. – Grace Triumphant. – “One of Tom Sawyers’s Lies” гэх мэтээр гарчиглажээ. Энэ нь бүлгийн гарчиг гэхээсээ дотор нь гарах үйл явдлын товч тойм юм. Тэгээд ч анхны америк хэвлэлд энэ тоймоо бүлэг болгоны өмнө биш, номын эхэнд ерөнхий агуулгад хаджээ. Үүнийг орос хэл дээр буулгасан Н.Дарузес одоочлон тун товч ганц гарчиг бүлэг болгоны өмнө тавьсан нь Г.Төмөрбатын монгол орчуулгад тэр чигээрээ хадагдсан. Хак Финнийг 1896, 1917, 1942, 1955, 1958 онд өөр өөр орчуулагчид орос хэлнээ буулгажээ. Г.Төмөрбатын орос хэлнээс хөрвүүлсэн 1965 оных нь 1955 оны Н.Дарузесийн орос орчуулга юм. Дарузес мөн Хаклибэри Финн гэсэн нэрийг оросчлон Гекельберри Финн болгосон. Үүнийг товчлоод Хак биш Гек болжээ. Гэтэл орос хэлэнд Гек гэж нэр байдаггүй. Зөвлөлтийн зохиолч Аркадий Гайдар 1939 онд Чук, Гек хоёр гэдэг хүүхдэд зориулсан өгүүлэл бичсэн нь багачуудын дунд маш их алдаршсан юм. Хэдийгээр Чук ч, Гек ч орос байтугай ямар ч хэлэнд тааралддаггүй нэрс авч Дарузес эндээс санаа авсан байж магадгүй. Чук ба Гек нэрийн гарлын талаар олон таамаглал байдгийн нэг нь сталинизмын үеийн улс төрийн элбэг лоозон “Частника убьёт коммунизм” гэдгийг товчилж ЧУК, “Героическая компартия” гэдгийг товчилж ГЕК гэдэг байснаас Гайдар санаа авсан гэх таамаг ч бий. Энэ удаагийн Хак Финийн адал явдал зохиолын монгол орчуулгыг 1885 оны анхны америк эхээс буулган хөрвүүллээ. Дараа нь уг зохиолыг маш олон удаа хэвлэсэн, гэтэл ялангуяа одоо үед нэлээд засвар оруулан хэвлэх болжээ. Марк Твэйний бичлэг нь тухайн үеийн дундад болон өмнөд Америкийн хар ярианы хэллэг элбэгтэй учир орчин үеийн хэл рүү хөрвүүлэх шаардлага гарсан гэж тайлбарладаг. Зарим үгийг ёс суртахууны болон хүүхдийн хүмүүжлийн үүднээс сольж зөөлрүүлж байна ч гэдэг.


Жишээ нь нигр (nigger) гэж үг байна. Энэ нь латин гаралтай “хар” гэсэн утгатай үг л дээ. Аль XVI зуунаас хар арьстнуудыг ингэж нэрлэдэг байж. Үүнийг одоо үед арьс өнгөөр гадуурхсан доромж нэршил гэж үзэн хэрэглэхээс цээрлэдэг.


Америкийн хар арьстнууд өөрсдийгөө хар (black) гэж дуудах болсон ба “соёлтой” нэршил хэмээн амэрикан африкан гэх нэр ч бий болжээ. Хак Финнийн шинэчилсэн хэвлэлд нигр гэдгийг “боол”, “оргодол” гэх мэтээр засварласан байдаг. Гэхдээ зарим уран бүтээлчид үүнийг эсэргүүцдэгийн жишээ гэвэл Тарантиногийн Палп фикшн (1994), Жанго (2012) кинонуудад энэ үгийг чөлөөтэй хэрэглэдэг ба үүнээ тэр үед ингэж л ярьдаг байсныг эдүгээчлэн засварлах хэрэггүй гэж тайлбарладаг. Хак Финн зохиолын анхны хэвлэлд 174 чимэглэл зураг байдгийг Нью Йоркийн залуу зураач Эдвард Кэмбл урлажээ. Энэ удаагийн монгол орчуулгад бүх зургийг хуулан тавьсан болно. Мөн англи эхийг орос хэлнээ буулгасан Н.Дарузесийн бүлгийн товч гарчгийг бага зэргийн засвартайгаар авч хэрэглэлээ. Өнөөгийн уншигч тэр болгон мэдэхгүй олон нэршил, үйл явдлыг тухай бүрд нь товч тайлбараар тодруулав.


Зохиолд Шэкспирийн нэлээд хэдэн шүлэглэл, Марк Твэйний өөрөө бичсэн хүүхдийн шүлэг зэргийг Б.Цэнддоо орчуулав. 1885 оны анхны америк хэвлэлийг монгол хэлнээ буулгасан БААБАР