Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.
-Бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төсөл хэрэгжүүлж байгаа гэхээр сонирхолтой санагдлаа. Компанийнхаа тухай яриач?
-Манай компани нь 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд 250 гаруй барилгын зураг төсөл, төсөв болон 80 гаруй барилгын эрчим хүчний аудит, зургаан барилгын салбарын төсөл, судалгааны ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна. Би “Түмэн амгалан ордон” ХХК-ийн төсөл, судалгааны ажлуудыг хариуцан ажилладаг. Монгол Улсынхаа усны нөөцийг хадгалах, байгальд ээлтэй усны хэрэглээг олон нийтийн дунд бий болгох зорилгоор “Бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Тодруулж хэлбэл, гар угаагуур, ванн, шүршүүр, угаалгын машинд хэрэглэсэн саарал усыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлээд суултуур зайлахдаа ашиглах юм.
Нэмж хэлэхэд зөвхөн саарал ус гэлтгүй 00-д хэрэглэсэн хар усыг хүртэл цэвэршүүлээд эргүүлэн суултуур зайлахдаа ашиглаж болно. Учир нь бид дэлхийд технологиороо тэргүүлэгч, ус цэвэршүүлэн эргүүлэн хэрэглэх тал дээр туршлагатай Япон улсын технологийн ашиглахыг зорьсон билээ. Иймд бид Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) болон Нийслэлийн Бизнес Инновацын Газар хамтран зохион байгуулж буй “Mongolia open Innovation and Co-creation for SDGs” буюу MICS хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрт 200-аад төсөл бүртгүүлснээс сүүлийн шатанд 10 байгууллага үлдээд манай төсөл шалгарсанд баяртай байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдөр Японы Токио хотод болсон Монгол-японы олон улсын бизнес инновацын форумд төслөө танилцуулснаар 78 жилийн түүхтэй FUSO корпорацтай хамтран ажиллахаар болсон.
-Та бүхэн ойрын хугацаанд ямар ажил төлөвлөөд ажиллаж байна вэ?
-Тун удахгүй арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо очиж, FUSO корпорацтай “Санамж бичиг” байгуулах бөгөөд уг бичгийн төслийг бэлтгэж, нэмэлт өөрчлөлтүүд оруулсаар байна. Мөн тэр үеэр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, ерөнхий үзүүлэлт, хэвийн ажиллах горим, бохир усны химийн элементүүдийг ямар түвшинд хүртэл цэвэршүүлэх талаар чухал асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх тул инженерийн багтайгаа хамт тооцоо болон хууль, эрх зүйн баримт бичиг ялангуяа стандартууд дээр ажиллаж байна.
-Танай төсөл бусдаас ямар ялгаатай вэ. Монгол Улсын хувьд ямар үр ашиг үзүүлнэ гэж бодож байна?
-Encyclopaedia Britannica,Inc байгууллагын судалгаагаар Монгол Улс нь 2040 он гэхэд усны хомсдолын дарамтад их өртөж, 2030 он гэхэд нийт ус хангамжийнхаа 43 хувийг нийлүүлж чадахгүйд хүрэх юм. Гэсэн хэдий ч бид 00-ын суултуур зайлахдаа хүртэл цэвэр ус хэрэглэж байна. Нэг хүн өдөрт 34.4 л усыг зөвхөн 00-ын суултуур зайлахдаа хэрэглэдэг. Үүнийг зөвхөн Улаанбаатар хотын нийтийн орон сууц болон амины орон сууцанд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн тоогоор авч үзвэл жилд 13 сая тонн ус буюу Монгол Улсын ахуйн цэвэр усны хэрэглээг 15 хувиар хэмнэх боломжтой юм. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг ойролцоогоор 470 мянган тонноор бууруулж чадах нөхцөл бүрдэнэ.
Мөн манай төсөл ус хэмнэхээс гадна иргэд, олон нийтийн хэрэглээнд байгальд ээлтэй шийдлийг санал болгосноор, тэдний тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэх чухал нөлөөтэй юм.
Иймд бохир ус дахин ашиглах төслөө бид төрийн болон манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр цаашид далайцтай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа билээ. Бидний зах зээлд нийлүүлэх бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нь бактери & мембран фильтер ашиглаж, өдөрт 2-954 тонн бохир ус цэвэрлэж, 20-30 жил хэрэглэгдэнэ. Харин тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааран заримыг нь 1-12 жилийн хугацаанд лаг буюу өтгөн бохирдлыг соруулах замаар цэвэрлэх хэрэгтэй. Харин үнэ төлбөрийн хувьд ямар нөхцөлд, ямар хэмжээтэй тоног төхөөрөмжийг, ямар барилгад хэрэглэхээс хамаарч өөр өөр байх болно.
-Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд тоглолт хийхийн тулд юу хийх төлөвлөгөөтэй байна?
-Манай төслийн хувьд гадагшаа чиглэсэн гэхээсээ илүүтэйгээр олон улсад хэрэглэж буй шинэлэг технологиос өөрийн оронд тохиромжтойг нь сонгон нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм. Харин тухайн технологийг эх орондоо нутагшуулахдаа зарим нэг тоноглол, хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байна. Тухайлбал, ус дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн гаднах хамгаалалтын сав, торх зэргийг ахин боловсруулсан түүхий эдээр хийхээр судалж байна.
-Монголын зах зээлд жижиг, дунд бизнесүүд давамгайлж байна. Таны бодлоор цааш хөгжихийн тулд ямар өөрчлөлтийг хийх ёстой вэ. Төр хэрхэн дэмжвэл үр дүнтэй байх бол?
-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн байгальд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд бодлогын орчноор нь дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, байгалийн тусгай хамгаалалтын бүсэд баригдах барилга байгууламжуудад ус дахин ашиглах систем суурилуулсан байх шаардлага тавих нь зүйтэй гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орох нийтийн орон сууцны барилгад уг системийг төлөвлөхийг үе шаттай шаардах хэрэгтэй юм. Учир нь манай улс усны нөөцийн хомсдолоо хүлээн зөвшөөрч зарласан тул ус хэмнэх үйл ажиллагааг бодитоор өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн бид ус дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө төрийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд санал болгож, хамтран ажиллах хүсэлтэй байна. Учир нь байгальд ээлтэй технологийг хамгийн түрүүнд төрийн байгууллагууд нь дэмжин хэрэгжүүлж байгаа жишиг дэлхийд аль хэдийнээ тогтсон.
-Хөрөнгө оруулалтын суурь нь итгэлцэл гэдэг. Тэгвэл хөрөнгө оруулалтыг бид хэрхэн ойлгож, авч явах ёстой гэж боддог вэ?
-Ер нь бол таны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс илүү үнэ цэн, илүү өгөөжийг танд санал болгох ёстой. Хөрөнгө оруулалт гэдгийг хүмүүс бага хүүтэй зээл шиг ойлгож хараад байдаг. Үгүй шүү дээ. Хөрөнгө оруулж байгаа болон авч байгаа талууд хамтдаа эрсдэлээ үүрээд, хамтын нөөцөөр инновац ч бүтээх боломжтой байдаг. Хамгийн чухал нь зах зээлд нөлөө бүхий үнэ цэн бүтээх, урт хугацааны партнершип, хурдтай өсөлт зэрэг хөрөнгө оруулалт нь олон давуу талыг бий болгодог. Манай төслийн хувьд туршилт судалгааны эхний ажилд хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд цаашид зах зээлийн зарчмаар ажиллах болно.
-Та бүхэн алсын хараа, ирээдүйгээ хэрхэн харж байна?
-Манай төсөл цаашид амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын усны нөөцийг хадгалах, ахуйн болон үйлдвэрийн нөхцөлд бохир усыг дахин ашиглах технологийг бүрэн нэвтрүүлж, хэрэглэгчдэд ус хэмнэх дадлыг бодитоор төлөвшүүлэхэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах болно. Ялангуяа барилгын зураг төсөл гүйцэтгэдэг байгууллагын хувьд төлөвлөлтийн үед нь захиалагчдадаа зөвлөх, санал болгох замаар барилгын салбарт бохир ус эргүүлэн ашиглах тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлэхийг зорьж байна. Бидэнтэй холбогдохыг хүсвэл trade@tao.mn хаягаар хандаарай.
Х.ХАТАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
19-р зууны үеийн нүхэн жорлонгоосоо салж чадаагүй, гал түлж дулаацдаг хүй нэгдлийн үеийн байдлаар амьдардаг хүмүүст ус цэвэршүүлэх, дахин ашиглах тухай яриад хэрэггүй биз ээ? Одоо утаа, угаар ярьдаг сезон орсон байгаа ш дээ!
япон галт уулын орой дээр шомбойж суугаад галт уулын цооног орой руу бааж шээнэ монгол тал газар дээлээгээ халхлан өтггөн шинэгэнээ байгалд өргөнө хотынхон буцааж хэрэглээд баасны няндаа идүүлнэ туул сэлэнгэ рүүгээ цутгаж орсын холбооны улсын байгаль нуурыг бохирлодог
усыг дахин ашиглах тал дээр маш сайхан санаачлага бна.
Маш зөв, ирээдүйтэй санаачлага байна...Амжилт хүсье.
Аль 2000 онд мянганы сорилтын сангийн 200 сая долларын буцалтгүй тусламжаар саарал ус боловсруулах үйлдвэр барина гээд байсан одоо ч байхгүй. Америк барууны ард байгаа жүүдүүд монголчуудад шилний цаанаас чихэр долоолгож байна.
Айл аж ахуй нэгж болгонд ус хэмнэгч суурьлуулах төсөв
байн байсаар б бүх дэлхийг бүрхэх мөлжлөгийн каптадизм Ухан ухсаар улс монголыг улаан шороо бэлчээргүй болгох анархизм угаасаар угааёаар алт зэс ч гүй авсан доллар ч гүй цөл үлдэх монгол Хайлан хайлсаар хамаг дэлхийг ус бүрхэх галав Халан халсаар харангадсан улс орон экваатраас дүрвэж Хамгийн хойт оройн дээд орос орон руу очих гэж алалцана ЧИНГЭСИЙН МОНГОЛЫН ЧИГ НЬ БАЙГАЛЬ НУУР ШҮҮ