sonin.mn

Дээр тэнгэр хол, доор газар хатуу болоход хүмүүс ихэнхдээ авралыг гаднаас эрдэг. Тэр нь бурхан, хүмүүс, ер юу ч байж мэднэ. Тэр тохиолдолд аврал ирж ч мэднэ, үгүй ч байж болно. Харин сэтгэлийн хүчтэй хүмүүс бол түүнийг өөрөөсөө, дотоод сэтгэлээсээ эрдэг. Тэр тохиолдолд аврал заавал ирдэг. Бурхан тэнгэрт байдаггүй, бурхан чиний сэтгэл дотор байдаг гэх үгийн учир энэ. Үүнийг батлах нэгэн жишээ бол энэ есдүгээр сарын 28-нд Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд зодог тайлах ёслолоо хийсэн сумоч Азүмарюү Тодбилэгийн амьдрал юм. Түүний сумо бөхөд үзүүлсэн амжилтын тоон үзүүлэлт монгол ёкозүна нарын олон түрүүнд дөжирсөн монголчуудад чамлагдаж болно. 2009 онд анх дэвжээнд гарч, 2012 онд жүрёо, 2013 онд макүүчи зиндаанд дэвшиж, нийт 88 башёд барилдаж, 528 давж, 522 унаж, 47 удаа өнжсөн. Гэхдээ энэ бүхэн асар их тэвчээр тэсвэр, сэтгэлийн агуу хүчний илэрхийлэл байсан гэдэгт л бүх утга учир оршино. 


С.Тодбилэг 2002 онд 15 настайдаа Японд ирж, сумогийн “Мейтокү гижюүкү” ахлах сургууль, Кюүшюүгийн мэдээлэл технологийн их сургуулийг тус тус дүүргэсэн, мэдлэг боловсрол сайтай, ялангуяа япон бичгийн хэлэндээ гаргууд нэгэн. Компьютер, мэдээллийн технологийн мэргэжилтэй.


Бие хаа товир, 192 см өндөр түүнийг Японы оюутан залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд шөвгөрөхөд нь “Таманои” дэвжээний багш нь анзаарч товлосон бололтой. Тэр багш нь хэн гээч? Хүчит арслан Точиазүма. Сумо сонирхогч монгол хүн бүр түүнийг хэр сайн бөх байсныг мэднэ. Тэр агуу бөх амжилтаараа өөрийг нь давсан бөх болно гэж олж харж, итгэж найдан С.Тодбилэгийг дэвжээнийхээ бөх болгож Азүмарюү (Зүүний хүчит луу) нэр өгсөн байх. Түүний билгийн нүд алдсангүй. С.Тодбилэг 2013 оны тавдугаар сарын башёгаас эхлэн дээд зиндаанд барилдав. Сумогийн үндсэн мэх болох түлхэхдээ сурцтай тэрбээр баруун золгооноос тонгорч шиддэг зуршилтай. Харамсалтай нь 2014 оны долдугаар сарын башёгийн 14 дэх өдөр үлэмж биет монгол сумоч Ичиножёотой барилдахдаа яг тэгж шидээд санамсаргүй дор нь тусахад хөл нь маш эвгүй нугарч дарагдав. Халагламаар харамсмаар мөч. Нэг сайхан залуугийн сумогийн замнал ингээд дууслаа гэж тэгэхэд бүгд бодсон. Баруун өвдгөндөө хүнд гэмтэл авч, гурван шөрмөс нь тасарч, өрөөсөн хөл нь борвиороо бүтэн эргэчихсэн хүнээс өөр юуг ч хүлээх билээ дээ. Эмнэлгийн дугуйт дамнуургаар зөөлгөн Сумогийн ордноос гарах мөчид сумогийн ертөнц түүнд “Баяртай” гэж чимээгүйхэн, харамсал дүүрнээр хэлсэн гэж болно. Гэрэл зурагчид шавж, завсаргүй цахилах гэрлээс нүүрээ нуусан С.Тодбилэг тэгэхэд “Арваннэгдүгээр сарын башёд заавал барилдана” гэж өөртөө амласныг хэн ч мэдсэнгүй.


Зөв хүнийг хувь тавилан үргэлж ивээдэг. “Таманои” дэвжээг дэмждэг “Сонада” эмнэлэг түүнийг хоёр хөл дээрээ дахин босох эсэхийг шийдэх болж, Сүгимото Казүтака эмч гардан эмчлэв. Ямар ноцтой бэртсэнээ эмнэлэгт ирсэн хойноо бүрэн ойлгосон С.Тодбилэгийн бие махбодын зовиур дээр дахин барилдаж чадах болов уу уу гэсэн сэтгэлийн шаналал нэмэгдэв. Гэрэл сүүдэр хоршдог нь хорвоогийн жам. Өвдөлт, шаналал, түгшүүр түүнийг сүүдэрлэвч үнэнч ханийн хайр халамж, эмч нарын нинжин сэтгэл, мэргэжлийн ур чадвар урам, итгэл, сэтгэлийн хүч өгч, гэрэл гэгээ улам нэмэгдэв. Зүүний хүчит луу аймшигт цохилтын дараа эргэн сэргэж, сумогийн дэвжээнд дахин хөл тавихаар сэтгэл шулууджээ. Арваннэгдүгээр сарын башёд барилдана гэхэд багш нь хориглов. Сумогийн холбоо ч дуртай байсангүй. Эмч нь хэт улайрахгүй, болгоомжтой барилдахыг зөвлөв. 


Хүнд бэртсэн Азүмарюү ийнхүү дөрвөн сарын дараа сумод эргэн ирсэн нь гайхамшиг байв. Япон эмчийн мэргэжлийн ур чадвар, монгол сумочийн сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн аль аль нь гайхамшиг. Энэ мөчөөс эхлэн сумогийн ертөнцөд Азүмарю алхам алхмаар домог бүтээж эхэллээ. Тэр хойшид зөвхөн зүүн хөл дээрээ тулгуур авч барилдах болно. Эрүүл саруул, эрч хүчтэй бөхчүүдтэй хүч үзэх сумогийн хатуу ширүүн, шударга тэмцэлд хэр удаан тэсч чадах бол? Сумогийн түүхэнд урьд өмнө байгаагүй энэ гайхамшигт түүх хэр урт үргэлжлэх бол? Энэ асуулт тэр мөчид олон хүний сонирхлыг татаж байв. Энэ асуултын хариу гартал бүхэл бүтэн арван жил хүлээх хэрэг гарсан юм. Хэрвээ тэрбээр ганц тулгуур болж байсан эрүүл хөлөө 2023 онд бэртээгээгүй бол дахиад хэдэн жил хүлээх байсныг таашгүй. Арван жил өрөөсөн хөл дээрээ ачаалал авч барилдсан түүний унаа, даваа болгон мөн чанартаа ялалт байсан учраас Азүмарюүгийн хэд давж, унасан нь амжилтын хэмжүүр биш. Тэр багшийнхаа амжилтыг давж чадаагүй ч сумоч хүн ийм гайхамшгийг бүтээж чадна гэдгийг арван жилийн турш харуулж, арван жил дээд зиндаанд барилдаж, эр зоригийн цолгорсон жишээ болж, сумогийн өвөрмөц нэгэн домгийг бүтээж чадсанаараа багшийнхаа ачийг хариулжээ. Энэ бол бахархал. 


Сумогийн хатуу чанд дэг ёс, харь орны соёлд дасан зохицохын тулд С.Тодбилэг олон бэрхшээл даван туулсан. Сумогийн ахлах сургуульд суралцаж байхад ээж нь, хуримаа хийж гал голомтоо бадраахаар товлосон өдрөөс гуравхан хоногийн өмнө аав нь нас барсан гунигт түүх бий. Дээр нь гэмтэл бэртэл, уналт босолтын олон жилүүд... Гэвч тэр бүхэнд шантарч, сэтгэлийн жолоогоо сул тавиагүй. Амьдралын уналт цохилт бүрийг дараагийн ялалтын эхлэл гэж хүлээж авах сэтгэлийн хат нь түүний гол хүч юм.   

С.Тодбилэгийн зодог тайлах үйл ажиллагаа ёслол төгөлдөр, талархал хүндэтгэл, хайр дүүрэн болж өнгөрсөн. Түүний дэвжээний бөхчүүд сумогийн гол ордны дохё дээр гарч ирэн “Өрнийн Монголын их талд төрсөн хүү Дорнын тэнгэрт хүчит луу болон дүүлж байгаад санаандгүй бэртсэн ч арван жилийн хичээл зүтгэлийнхээ ачаар шинэ амжилт тогтоож, хүн бүхний хайр хүндлэлийг хүртээд амьдралын цоо шинэ гараагаа эхэлж байна” гэх утгатай сумогийн жинкү(магтуу)-г эртний ёсоор уянгалуулан дуулахад тэнд байсан олон хүний аньсага өөрийн эрхгүй чийгтсэн. Үг хэллэг нь эртний яруу сонгодог, аялгуу нь манай уртын дууг санагдуулам гэгэлгэн уянгалаг тус магтууны үгийг дэвжээнийх нь нэгэн засуулч зохиосон аж. Азүмарюүг “Дөлгөөн тайван, хүнлэг энэрэнгүй, нинжин сэтгэл нь хүн бүхний хайр хүндлэлийг төрүүлдэг мандах нарны эрч хүчтэй, асан дүүлэгч хүчит луу” хэмээн нэг галын бөхчүүд нь Рёогокү Кокүгикан ордны дэвжээн дээрээс магтан дуулах үед тэдний хайр хүндлэл чин зүрхний угаас гарч буй нь биеийн хэлэмж, нүдний харц, дуу хоолойноос нь илт мэдрэгдэж байсан юм. 


С.Тодбилэгийг энэ л он жилүүдэд дэмжсээр ирсэн шүтэн бишрэгч япончууд олон аж. Тэд нарын, Монголоос ирсэн ахан дүүс, орон орноос уригдсан найз нөхдийнх нь дунд зодог тайлах ёслолын эгзэгтэй агшнуудад нүдэндээ нулимстай хүн олон байсан нь түүний ялалт, эр зориг, сэтгэлийн хат, сумод бүтээсэн домгоор бахархсан бахархлын нулимс байлаа. Дундговь нутгийн Б.Наранхүү хэмээх монголоо гэсэн халуун сэтгэлтэй, нийгмийн идэвхтэй, Токиогийн монголчууддаа нэр хүндтэй бүсгүйтэй ханилж, гурван сайхан хүүхэдтэй болсон тэрбээр энэхүү тэвчээр зүтгэлийнх нь утга учрыг лавласан сэтгүүлчийн асуултад “Гэр бүлийнхээ төлөө” гэсэн гуравхан үгээр хариулсан байна билээ. Явцуу агуулгаараа тийм байж болох ч яргаад бодвол сумо бөхийн, тэр дундаа монгол сумочийн нэр хүнд, бахархлыг өндөрт өргөх үүрэг хариуцлагаа дотоод сэтгэлдээ гүн бат шингээсэн хүний үйлдэл гэж харж байна.

Зодог тайлах ёслолыг анх удаа япон, монгол хоёр хэлээр хөтлөн явуулсан, урилга хөтөлбөрийг хоёр хэлээр хэвлэсэн, Японы хотуудад зоогийн газар ажиллуулдаг монголчууд Сумогийн ордонд өөрийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн зэрэг өмнө нь болж байгаагүй олон шинэлэг зүйл, ер нь Сумогийн ордны тэр өдрийн уур амьсгал бүхэлдээ Азүмарюүг сумогийн ертөнц хэр хүндэлж хайрладгийн илэрхийлэл байв. 


С.Тодбилэг баатарлаг, эр зоригт сумочны түүхийг тодоор бичиж үлдээгээд амьдралын шинэ гараагаа эхэлж байна. Тэрхүү шинэ амьдрал нь Монгол, Япон хоёр орныг холбож, хоёр ард түмнийг эв найрамдлыг бэхжүүлсэн гүүр байх болно хэмээн өгүүлсэн тэрбээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Түүний уугуул нутагт арвангурван Алтайн оргилуудтай өндөр булаалдахгүй ч Хүйсийн их говь, хөглөгөр их Алтайгаа бүхэлд нь даадаг Баянхайрхан хэмээх шүтээн уул буй. Түүн лугаа адилаар их аваргуудтай түрүү булаалдаагүй ч өөрийн гэсэн давтагдашгүй амжилтыг сумогийн түүхнээ бүтээсэн С.Тодбилэгийн шинэ зам тод, дардан байх нь тодорхой.



Урианхан Б.Галаарид