sonin.mn

БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 18 /DW/. Германы Канцлер Олаф Шольц энэ сарын 15-17-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан улсуудад айлчиллаа. 


Айлчлалуудын үеэр тэрбээр Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменстан гэсэн Төв Азийн таван орны удирдагчдын хамт “С5+1” хэлбэрээр зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад оролцлоо.


Түүнчлэн хэд хэдэн уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний чиглэлээр хоёр талын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан хамгийн чухал баримт бичгүүдийн нэг нь Узбекистантай хийсэн цагаачлалын тухай гэрээ байв.


3000 орчим жилийн түүхтэй Самарканд хотод Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Германы Канцлер Олаф Шольц нарыг байлцуулан хоёр улсын төлөөлөгчид цагаачлалын тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээг О.Шольцын бүс нутагт хийсэн айлчлалын хамгийн чухал үр дүнгүүдийн нэг гэж дүгнэж байна.


Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.


Гэхдээ хамгийн чухал зүйл бол, энэ баримт бичиг нь Германд гэмт хэрэг үйлдсэн, орогнох эрхгүй Афганистаны иргэдийг Узбекистаны зуучлалаар албадан гаргах боломжийг олгож байгаа юм.


DPA агентлагийн мэдээлснээр, одоогоор Германд албадан гаргах ёстой 225 мянга орчим хүн байна. 2023 оны байдлаар тэдний 24 мянга нь Афганистаны иргэд байжээ. Одоогийн байдлаар Герман улс зургаан улстай ийм гэрээ байгуулжээ. Тухайлбал, О.Шольц Төв Азийн орнуудад айлчлахынхаа өмнө Кени улстай ийм гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн хэдэн жилийн өмнө Гүрж, Энэтхэг, Марроко, Колумби улсуудтай гэрээ байгуулжээ. Мөн Молдова, Киргиз улсуудтай энэ асуудлаар эрчимтэй хэлэлцээ хийж байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг