sonin.mn

Монгол Улсад Усны барилга, байгууламжийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байна.  Ойн хүрээнд 1973-1978 онд МУИС-д усны инженерийн ангид суралцаж төгссөн ангийн дурсамж уулзалт боллоо. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа усны салбарын манлайлагч инженерүүдийн уулзалтыг сурвалжлан хүргэж байна.


МУИС-ийн усны инженерийн ангийг 1978 онд 11 хүүхэд төгсчээ. Дурсамж уулзалтыг Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгаас зорин ирж, Сүхбаатарын талбайд ангийн нөхөд долуулаа цуглав. 11 хүний гурав нь бурхны орноо заларсан гэдгийг ангийнхан нь гунигтайгаар дурсана. Харин нэг нь Өвөрхангай аймгаас ирж амжаагүй хэмээн учирлана. Олон жил уулзаагүй найзуудад ярих хэлэх, бие биедээ хуучлах зүйл олон. Мөн Усны барилга, байгууламжийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойгоор тус ангиас Үйлчилгээний гавьяат ажилтан төржээ. Үүнд нэгэн үеийнхэн баярлаж, "Булган сүүлтэй байг" хэмээн уулзалтын үеэр гавьяатдаа хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан. Үйлчилгээний гавьяат ажилтан болсон Л.Болд инженер ч ангийн нөхөддөө хүндэтгэл үзүүлж, тэд баярлалдан дурсамж хөврүүлэн ярилцана. Усны инженерийн ангийнхан маань бүгдээрээ мэргэжлээрээ салбартаа томилогдон, очсон газар бүртээ манлайлж ажиллажээ. Ийнхүү ангийн уулзалтын гол баатруудын тухай өгүүлье.



Зураг дээр зүүн гараас Ш.Отгонбаяр, Л.Түвд, Ц.Гэниндорж, Г.Жаргал, Л.Болд, Т.Батсүх, Л.Өлзийжаргал.

 


Ангиас төрсөн анхны гавьяат Л.Болд

 


 Тэрбээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. 1978 онд сургуулиа төгсөөд Булган аймгийн Усны аж ахуйн газарт хуваарилагдан очжээ.  Тэндээ гурван жил ажиллаад 1981 онд хотод шилжин ирж, Усны хайгуул, эрдэм шинжилгээний институт, Усны аж ахуйн яам, дараа нь ХХААХҮЯ-нд шилжин ажилласан.  Мөн зах зээлийн нийгэмд шилжсэний дараагаар усны аж ахуйн “Бэлгүтэй” гэдэг компани байгуулж ажилласан байдаг. Дараа нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, БХБЯ, Хот суурины ус хангамж, ариутгал, татуургын үйлчилгээ үзүүлэх зөвлөл зэрэг ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 1978 оноос хойш улсад нийтдээ 44 жил зүтгэсэн, үүнээс 42 жил нь усны салбартай салшгүй холбоотой юм. Л.Болд гуайн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасан билээ. Тэрбээр “Биднийг төгсөж байх үед манай улс усны аж ахуйн яамтай байлаа. Бэлчээрийн ус хангамж, усалгаатай газар тариалан, услалтын систем, худаг, суваг, шуудуу гаргах асуудалд манай үеийн инженерүүд гол үүрэг гүйцэтгэж ажилласан. Ер нь тэр үеийн боловсон хүчин хөрвөх чадвар өндөртэй. Манай төгсөгчид ч социалист нийгмээс ардчилалд шилжихдээ ерөнхий чиг шугамаа алдаагүй. Одоо энэ дунд Аймгийн ИТХ-ын дарга, Татварын дарга, Нийтийн аж ахуйн газрын дарга, хувийн компанийн захирлууд гээд дандаа удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс байна.  Энэ нь инженер хүний нэг онцлог юм даа. Ялангуяа усны салбарын инженер бол аль ч салбарт орж ажиллах боломжтой. Өнөөдрийн байдлаар манай усны инженерүүд бараг яам болгонд, өөрийн бие даасан бүтэцтэй ажиллаж байна” гэлээ.


Монгол Улсын хөгжил, бүр дэлхийн хөгжил "ус" дээр тогтдог. Өнөөдрийн "Хүнсний хувьсгал, аюулгүй байдал", "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бүгд устай холбоотой. Иймд усаа хайрлаж хямгадаж зөв зохистой ашиглаж хамгаалж байх нь амин чухал асуудлын нэг мөн.


 


Монгол Улсын зөвлөх инженер Л.Түвд


Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт худаг өрөмдөх үйлдвэрлэлийн дадлага хийсний дараа. 1977 он.

Л.Түвд гуай сурагч байхаасаа энэ салбарт дурласан нэгэн. Ойрын хамаатны ах нь усны инженер байсан учраас ахыгаа дагаж явсаар усны салбарын хүн болох мөрөөдөлтэй болжээ. Улмаар 1973 онд Говь-Алтай аймагт усны инженерийн ганцхан хуваарь очиж, тэрэнд нь тэнцэж, Улаанбаатар хотноо ирсэн. Сургуулиа төгсөөд Усны аж ахуйн сайдын тушаалаар Говь-Алтай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт Үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий инженерээр томилогдсон. Тэндээ 15 жил ажиллаад байгаль, орчны салбарт шилжиж мөн 15 жил ажилласан байдаг. Аймгийнхаа Байгаль, орчны газрын дарга, Сум, дундын мод үржүүлгийн газрын дарга, Усны сав газрын даргаар ажилласан туршлагатай нэгэн. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг Засаг захиргааны байгууллагад ч ажиллажээ. Тэрбээр “Манай Говь-Алтай аймаг газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа Өмнөговийн дараа хоёрдугаарт ордог. Ил задгай ус багатай, Завхан гол хоёр сумын нутгаар дамжин, орж ирээд буцаад урсаад гараад явчихдаг. Өндөр уулын ам, салаа болгонд нь дандаа жижиг булаг, шанд байдаг. Өнгөрсөн хугацаанд худгаар л тэр олон мал сүргийг усаар хангах ажлыг зохион байгуулж ирлээ. Би Говь-Алтай аймагтаа 1000 гаруй худгийг гаргах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан.  Манай аймгийн төв Алтай хот ч усны чанар их тааруухан. Иргэдийн дунд элэг, цөсний өвчлөл өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд Тайширын усан цахилгаан станц баригдаж, хажууд нь Гэгээ нуур бий болсон.  Нуурын орчмоос усаа татаж эхэлснээр манай аймгийнхан Завхан голын цэнгэг усаар ундаалж эхлээд байна. Үүнийгээ дагаад хүн амын дундах өвчлөл ч багасна гэдэгт итгэж байна” гэлээ. Ажлыг чанартай, хариуцлагатай хийх зарчимтай Л.Түвд гуай тэтгэвэртэй гарсан ч усны салбараасаа холдоогүй. Одоо өндөр уулын бүс нутагт хөвд цөөрөм байгуулж, цас борооны ус хуримтлуулах ажлыг хийж байна. Өнгөрсөн жил гэхэд Дарвийн нуруунд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хоёр ч цөөрөм байгуулжээ. Энэ нь ялангуяа зэрлэг ан амьтныг ундаалахад ихэд тустай үйл хэрэг юм.


 

Эрүүл мэндийн инженер Л.Өлзийжаргал

 


Тухайн үед усны инженер мэргэжлийнхээ нарийн ширийнийг ч сайн мэдэхгүй шалгалт өгөөд орж ирж байлаа хэмээн ярих эрхмийг Л.Өлзийжаргал гэдэг. Тэрбээр уг нь Дундговь аймгийн хүн. Гэхдээ сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт хуваарилагдан очоод, одоог хүртэл тэндээ ажиллаж, амьдарч байна. Ер нь бол Өмнөговийн хүн болжээ. Түүнээс шууд л аймгийнх нь усны нөхцөл байдлыг асуулаа. Тэрбээр “Өмнөговь аймаг маань хүндхэн нөхцөл байдалтай байгаа нь үнэн. Байгаль орчин доройтон сүйдэж байна. Мал аж ахуй байхгүй боллоо. Хүн хүчний нөөц алга. Уул уурхай хөгжсөн гээд хойш суулгүй дээрх асуудлуудыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байна” гэлээ. Л.Өлзийжаргал гуай өнгөрсөн хугацаанд олон газар ажиллажээ. Өмнөговь аймгийн усны аж ахуйн контороос эхлээд1990-ээд оны үед байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг компанид хүртэл ажиллаж байсан. Мөн оюутан байхдаа англи, орос хэл сайн сурсан учраас гадны хөрөнгө оруулалттай компаниуд монгол инженерийг дуртай авна. Нэг хэсэг Улаанбаатар хотод ирж, “Ямаха” компанид шинжээч, зөвлөхөөр ажиллаж, 1998 оноос “NCS” компанийн захиалгаар байгаль орчны суурь судалгааг мөн аймагтаа хийж байжээ. Одоо бол тэрбээр “Болор Ус” компанийн захирал “Тарган мах уу, таримал ногоо юу” номын зохиогч тэрбээр номынхоо тухай “Бид 2006 онд номоо бичин хэвлүүлж байлаа. Одоо дараагийн дэвтрээ бичиж байна. Энэ бүтээлийг бичихдээ зүгээр нэг гадны материал хараад орчуулаад тавьчихаагүй. Хамгийн гол нь өвөг дээдсийнхээ сургааль, амьдралын хэв маяг, хоололтыг судлан шинжилж бичсэн. Ер нь манай монголчуудын хооллолт сүүлийн үед их доройтсон. Гадаадын хоол хүнсийг их чамирхаж хэрэглэж байна. Судалгаанаас харахад өвөг дээдсийнхээ хэрэглэдэг байсан гурилтай шөлтэй хоол, тарган махыг идэж байж, монгол хүн өвдөхгүй. Энэ талаар бараг 20 жилийн өмнөөс ярьж хэлж байна” гэлээ. Инженер хүн гэдэг аливаа зүйлийг маш олон талаас нь судалж шинжилж байдаг. "Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь инженер бүтээсэн" гэж зүгээр нэг хэлчихээгүй юм шүү гэдгийг тэрбээр өөрөөрөө үлгэрлэн яваа нэгэн юм. Мөн  Л.Өлзийжаргал гуайд нэгэн эмзэглэл байдаг нь “Монголд инженерүүд хэрэгтэй байна. Гэтэл МУИС-ийн физикийн ангид 10 хүрэхгүй тооны хүүхэд элсэж байна. Үүнд инженер хүний хувьд үнэхээр эмзэглэж явдаг. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орны хөгжлийг харахад инженерүүд нь түүчээлж байгаа харагддаг шүү. Яагаад гэвэл бүтээдэг сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэгэхээр инженер бэлтгэх салбартаа улс орон минь анхаараасай. Одоо Өмнөговь аймагт би бараг хамгийн залуухан инженер болж таарч байна” гэдгийг онцолж байлаа.



Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд. 1976 он.

“Эрдэнэт” үйлдвэрт очсон анхны Монгол инженерүүдийн нэг Т.Батсүх

 

Усны инженер Т.Батсүх Говь-Алтай аймгийн уугуул хүн. Сургуулиа төгсөөд “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрт хуваарилагдан очиж ажилласан анхны монгол инженерүүдийн нэг юм. Тэрбээр энэ тухайгаа “Биднийг очиход “Эрдэнэт” үйлдвэр маань дөнгөж ажиллаж эхэлсэн он цаг байсан юм. Сэлэнгэ, Эрдэнэтийн ус дамжуулах байгууламж гэдэг газар усан хангамжийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн. Орос инженерүүдийн удирдлагад ангийнхаа найз Борхүүтэй хамт, тэнд очсон анхны монгол инженерүүд л дээ” гэв. Тэрбээр усан хангамжийн байгууламжийн дарга болтлоо дэвшин,  үйлдвэртээ 35 жил ажиллаад тэтгэвэрт гарчээ.   Энэ жил бидний хувьд их түүхэн жил болж байна. Бид усны инженерүүд гэдгээрээ бахархдаг. Мэргэжил маань үнэхээр гайхалтай шүү дээ. Ямар ч салбар рүү хөрвөж болдог.  Шинжлэх ухааны маш олон салбарын хичээл зааж сургасан. Тухайн үед Монгол Улсын төр засгаас Монгол орныг усжуулна, бэлчээрийг усжуулна, усалгаатай газар тариалан хөгжүүлнэ гэсэн бодлогын бичиг баримт батлаад энэ дагуу 1971 оноос усны инженерийн ангид олон оюутныг бодлогоор элсүүлж эхэлсэн байдаг. Бид өнгөрсөн хугацаанд үүргээ тун амжилттай биелүүлж ирсэн гэв.


 


Сэлэнгийн Ш.Отгонбаяр

Ш.Отгонбаяр Сэлэнгээс ангийнхаа уулзалтыг зорин иржээ. Тэрбээр “Би арван жилийн сургуулиа төгсөөд гадагшаа явж суралцах зорилготой байсан. Гэвч дотоодын хуваарь оногдсон нь МУИС-ийн усны инженерийн анги байсан юм. Гэхдээ энэ сургуульд, энэ ангид элссэндээ огтхон ч харамсаж байгаагүй.  Миний амьдрал дэвшиж, дээшилж, цэцэглэсэн. Сэлэнгэ аймаг маань 21 аймгаас хамгийн сүүлд Усны аж ахуйн удирдах газартай болсон.  Тус газрыг ангийнхаа нөхөдтэй хамтран байгуулж, хөрсийг нь суулгаж байлаа. Тэндээ 10 гаруй жил ажиллаад Усны газар маань Хөдөө аж ахуйн газартай нэгдэхэд, тэнд хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм. Түүнээс хойш Нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, Хоршоодын холбоодын дарга, Тээврийн удирдах газрын дарга, “Жинчин” компанийн захирал, хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Татварын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа” гэв. Түүнээс “Та чинь насаараа дарга хийсэн юм уу” гэхэд “Тийм ээ. Сэлэнгийнхэн маань тэгж инээдэг юм. Гэхдээ би ямар өөрөө дарга болъё гэж явсан биш. Тухайн үед намын хороо шийддэг байлаа. Түүнийг зөрчих эрх байгаагүй шүү дээ” гэв. Усны аж ахуй гэдэг 1990 оноос өмнө хөдөөг төвтэй холбосон гол гүүр байлаа. Хөдөө худгийг нь гаргаж, ус ундаатай болгоно. Усныхан маань ард олондоо их л нэр хүндтэй, буянтай хүмүүс байсан гэлээ. Гэр бүлийн хүн С.Сарантуяа нь 1992 онд Монголд анхны “Энэрэлт үйлс” хувийн эмнэлгийг Сэлэнгэдээ байгуулсан. Саяхан 30 жилийн ойгоороо Хүний гавьяат эмч цол хүртжээ. Тэрбээр “Би уг нь Хэнтий аймгийн хүн л дээ. Сэлэнгэ сайхан нутаг. Ялангуяа гадны хүнд ээлтэй нутаг гэдгийг би ажил амьдралаараа мэдэрч яваа хүн дээ” гэв.  



МУИС-ийг 1978 онд төгсөөд байгаа нь.

Ганц эмэгтэй инженер Г.Жаргал


Тэдний анги ганц эмэгтэйтэй. Түүнийг Г.Жаргал гэдэг. “Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. 11 хүнээс ангидаа ганцаараа эмэгтэй.  Тухайн үед эмэгтэйчүүд маань энэ салбарыг сонгож суралцах нь ховор байлаа.  Сургуулиа төгсөөд Усны аж ахуйн яамны харьяа Усны хайгуул, төслийн эрдэм шинжилгээний институт гэж байсан. Тэндээс ажлын гараагаар эхлээд тэндээ 27 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Барилгын зураг төсөл зохиохоос эхлээд төсөвчин хүртэл хийж байлаа. Үйлдвэр дээр очоод хөдөө гадаа хайгуулаар их явна. Ер нь эмэгтэй хүнд хүндрэлтэй салбар л даа. Гэхдээ нөгөө талаасаа их сонирхолтой гоё” гэв. "1990 оноос хойш манай салбарт томоохон бүтцийн өөрчлөлт хийж, институт маань хүрээлэн болсон.  Тэндээсээ зураг төслийн компани байгуулж ажиллаж байна. Би ганц хүүтэй. Хүү маань улс төр судлалын мэргэжилтэй ч одоо намайг дагаад усны зураг төслийн салбарт ажиллаж байна” хэмээн ярив.


 


Усны хайгуулчин


Ц.Гэниндорж гуайн уугуул нутаг Хэнтий аймгийн Дадал сум. Эзэн Чингис хааны төрсөн нутаг. Тэрбээр наймдугаар ангиа нутагтаа төгсөөд хотод шилжин ирж, Нэгдүгээр сургуульд аравдугаар ангиа төгссөн.  Багадаа ном зохиол их уншдаг хүүхэд байсан учир хайгуулын мэргэжил эзэмшжээ. Тухайн үед геологийн ангид орж чадалгүй, усны хайгуулын мэргэжил эзэмшсэн гэдэг. Тэрбээр “Би сургуулиа төгсөөд Усны аж ахуйн яамны харьяа институтэд ажиллаж эхэлсэн. Усны хайгуулын ажлаар олон газар, олон жил явсан даа. 10 орчим хүнтэй нэг отрядыг нь ахалж ажилласан. Манай отряд баруун аймгуудад усны хайгуулын чиглэлээр ажиллаж, бараг дуусгасан. Бидний судалгаан дээр үндэслэн усны хангамж, бэлчээрийн усалгаа, барилга байгууламж, газар тариалангийн гээд олон бүтээн байгуулалтыг хийсэн. Тэндээ хайгуулаар 15 жил ажиллаад Нийтийн аж ахуйн газар, “Морины шандас” гээд барилгын салбарт ажилласан. Сүүлд Гаалийн албанд 20 жил зүтгэж байгаад тэтгэвэртээ гарсан даа гэв.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)