sonin.mn

 Өчигдөр буюу 8 дугаар сарын 1-нд Швейцарын Холбооны улсын Үндэсний өдөр тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 8 дугаар сарын 2-4 -ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх Швейцарын Ерөнхийлөгч Виола Патрисиа Амхердад үндэсний баярын мэнд хүргээд, Швейцарын www.swissinfo.ch цахим хуудсанд нийтлэгдсэн түүний тухай улс төрийн хөрөг нийтлэлийг орчуулан хүргэж байна.    




Энэ онд Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж буй Виола Амхерд бол бусдыг өөртөө татах чадвартай, олны дунд нэр хүндтэй, ямагт зөв зүйлийг ярьж, аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг хүн юм. 

Швейцарын хуучны уламжлалын дагуу засгийн газрын гишүүнээр түүнийг томилох тэр үед Батлан хамгаалах яамнаас өөр яам үлдээгүй байсан тул Виола тус яамыг удирдахаас аргагүйд хүрчээ. “Одоо яая гэхэв, амьдрал гэдэг ийм л болохоор хийх л хэрэгтэй” гэж Холбооны улсын сайдаар ажиллахаар шийдсэн Виола Швейцарын олон нийтийн телевизийн SRF сувагт 2020 онд ярилцлага өгөхдөө хэлж байв.Швейцарын батлан хамгаалах, хүн амыг хамгаалах, спортын яам гэдэг нь нэр хүндтэйд хэзээ ч тооцогдож байгаагүй байгууллага юм. Хөлгийн ахмадын оролцоогүйгээр, авто жолоодлогоор явж буй аварга том танкер хөлөг онгоцтой адилхан гэсэн үг. Энэ яамыг /департамент/ удирдаж байсан өмнөх сайдууд нь хүчирхэг генералуудын хүсэл зоригийг биелүүлэгчид л байв.




Гэтэл одоо хөлгийн тавцан дээр эмэгтэй ахмад гараад иржээ. Тэр тусмаа тун эвгүй асуултууд тавьдаг эмэгтэй хүн гараад ирэв. Генералууд шинэ нөхцөл байдалд дасах хэрэгтэй боллоо. Тухайн үед “Виола Амхердад анхаарал хандуулсны хэрэггүй, эрт орой нэгэн цагт энэ хүн өөр ажилд шилжээд яваад өгөх нь ойлгомжтой” гэж олон хүн үзэж байлаа. Гэтэл тэрбээр энд үлдэхийн тулд иржээ.




«Энэ чинь арми шүү дээ»!



Швейцарын армид дороосоо дээших бүх шатанд шүүлтүүрүүд ажилладаг тул зөвхөн сайн мэдээнүүд л дээд удирдлагад хүрдэг, харин яамыг удирдахад шаардлагатай бодит мэдээллийг авах бараг боломжгүй байлаа” хэмээн Сенатын гишүүн, Швейцарын армийн Жанжин штабын хурандаа П.Швандер ярьж байна.

Харин Виола Амхерд цэргийн алба хаагаагүй хэрнээ “эрчүүдийн цайз”-ыг дайран эзэлснээр үүнийг хийж чадсан юм. “Гаднаас орж ирсэн, “нүд нь булингартаагүй” сайд байсан нь түүний том давуу тал байлаа” гэж тус яамны санхүүг олон жилийн турш хариуцаж буй П.Швандер ярьсан юм. Виола өмнөх сайдуудтай харьцуулахад бодит ажил хэрэг рүү илүү гүнзгий нэвтрэн орж чадсан бөгөөд “Батлан хамгаалах яаманд үүнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү” гэдгийг Социалист намаас парламентад сонгогдсон депутат Приска Зайлер Граф дурдлаа.  




Ард иргэдтэй нүүр тулдаг Батлан хамгаалахын сайд




Берн муж улс дахь уулархаг бүс нутгийн Митхольц гэдэг жижигхэн тосгоны ойролцоох нэгэн уулын агуйд Швейцарын армийнхан олон арван жилийн туршид зэвсэг, сум хэрэгслээ нөөцөлсөөр ирсэн бөгөөд 2020 оны эхээр 3500 тонн сум хэрэгсэл хуримтлагдаад байлаа. Дэлбэрэх аюултай ийм нөөцөөс ангижрахыг цэргийнхэн хүсэж байв. Үүний тулд Митхольц тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Ийм үед ямар ч Батлан хамгаалахын сайд хүн өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, оршин суугчидтай уулзаж зүрхлэхгүй нь мэдээж.

Харин В.Амхерд уулзахаар шийджээ. Уулзалтын төгсгөлд 170 хүн нүүхээр боллоо. Тэдний ихэнх нь нулимсаа барьж дийлэхгүй байв. Гадаа албаны автомашин хүлээж байсан боловч Виола хүмүүстэй дахиад нухацтай ярилцахаар үлджээ.




Виола Амхерд гэж хэн бэ?




Тэрбээр Швейцарын Холбооны улсыг бүрдүүлдэг 26 кантон буюу муж улсуудын нэг болох Вале кантоны Бриг гэдэг хотод 1962 онд мэндэлжээ. Түүний эцэг цахилгаан барааны дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд ашиг орлого нь нэмэгдэж, бизнес нь тэлснээр 100 гаруй ажилтантай бүхэл бүтэн сүлжээ дэлгүүртэй болсон байна. Аливаа бизнес нь гэр бүлийн амьдралыг бусниулсан тохиолдол олон байдгийн адилаар Kollegium Spiritus Sanctus коллежийг латин хэлээр мэргэшин төгсөх үед нь Виолагийн эцэг эх хоёр гэрлэлтээ цуцлуулсан байна.

Вале кантонд амьдардаг консерватив үзэлтэй хүмүүс “гэр бүл салалт” гэх ойлголтыг төдийлөн таашаадаггүй байв. Тэр үед Виолагийн ээж нь охиндоо “хэнээс ч үл хамаарах, бие даасан эмэгтэй болох”-ыг зөвлөжээ.



Хүнд хэцүү үед өөрт нь насан туршид нь зааж зөвлөж, халамжлан хүмүүжүүлэх хүнтэй учирснаа Виола асар их аз завшаан гэж үздэг. Виолагаас 8 насаар эгч Бригитта Хаузер-Зюсс гэдэг энэ эмэгтэй Бриг хотын нэгэн дунд сургуульд стенограф буюу бичгийн машинаар хурдан бичих арга барилыг зааж байжээ. Виола түүнээс асар их зүйлийг сурч авсан бөгөөд үүний ачаар анархизмын түүх судлалаар дипломын ажлаа хийж, дараа нь Фрибур хот руу эрхзүй судлахаар явлаа. Удалгүй Бригитта улс төрд орж, Берн хотод ирснээр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах лобби бүлгийг байгуулав.




Улс төрд орж ирсэн нь




1992 онд Бригитта ирээдүйн ерөнхийлөгчийг Вале кантонд өрнөж буй улс төрийн үйл ажиллагаанд татан орууллаа. “Эмэгтэйчүүдэд боломж алга гэж гомдоллоод, бодитой юм хийхээс хойш сууж болохгүй, тэр тусмаа чамд боломж гарч ирж байгаа үед ийм байж болохгүй” хэмээн Бригитта хуулийн факультетыг 29 насандаа төгссөн Виолад зөвлөөд, төрөлх Бриг хотынхоо даргын албан тушаалд өрсөлдөхийг ятгаж байв.  

Удалгүй Виола 1993 онд хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдов. Швейцарт улстөрчийн ажил эрхэлнэ гэдэг бол “хагас цагийн ажил хийнэ” гэсэн үг тул 1990-ээд оны үед Виола Амхерд өмгөөлөгч ба нотариатчаар хавсран ажиллаж байлаа. Тэрбээр өөрийн эгч ба түүний охины хамт нэг байшинд амьдарна. Яагаад гэрлэхгүй ганц бие байгаа юм бэ гэсэн асуултад тэрбээр “эрх чөлөөтэй байх нь надад таалагдаж байна” хэмээн хариулжээ.




1993 онд Бриг хотын төв хэсэг үерт нэрвэгдэх үед Амхерд шуурхай ажиллаж, хямралын үеийн маш чадварлаг менежер гэдгээ харуулж чадсан юм. Нэр хүнд нь өссөн тэрбээр удалгүй хотын даргаар сонгогдож, улмаар 2005 онд Берн дахь холбооны парламентын гишүүн болов.



Үүний зэрэгцээ Бригитта-тай тогтоосон холбоогоо огт тасалсангүй. Энэ үед түүнийг халамжлан хүмүүжүүлэгч нь католик шашинтнууд голдуу амьдардаг Вале муж улсад эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг хамгаалан тэмцэж байлаа. Өрсөлдөгчид нь түүнийг “хүүхдийн алчуурчин” гэж элдвээр хэлсний хариуд Бригитта шүүхэд зарга үүсгэх үед өмгөөлөгчөөр нь Виола ажиллав. Тэд Лозанн дахь Холбооны шүүхэд давж заалдан ялалт байгуулжээ. Виолагийн нэр хүнд Вале кантонд огцом өссөнөөр тэрбээр холбооны парламентын гишүүнээр сонгогдлоо. Үндэсний хэмжээнд бодлого тодорхойлох болсон Виола хүүхдүүд, шилжилтийн насны өсвөр үеийнхний эрхийг хамгаалах асуудлаар ажиллаж эхлэв.  

Мөн гэр бүл цуцлуулах шүүх хурлын үед өмгөөлөгчөөр ажиллаж байсан Виола эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг маш сайн ойлгон мэдэрч байлаа. Мөн тухайн үед тэрбээр өөрийн эгчийн хамт зөнөгрөх өвчин туссан эхийгээ асарч байсан бөгөөд орон нутгийн эмнэлгүүдэд ийм төрлийн өвчтэй хүмүүст зориулсан орны тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг уриалж байв. Хожим нь Швейцарын уулын бүс нутгийг төлөөлөн парламентад сонгогдсон Виола төрөлх Вале зэрэг хөдөө аж ахуй, аялал жуулчлал эрхэлдэг кантонуудын эрх ашгийг хамгаалж байлаа.




Виола Амхердын давуу тал юу вэ?




“The Centre” намаас парламентад сонгогдсон депутат Мартин Кандинас Виолагийн нэгэн адилаар уулын бүс нутгийг /Граубюнден/ төлөөлдөг бөгөөд одоогийн Ерөнхийлөгчтэй олон жилийн турш хамтран ажиллажээ. “Виола бол асуудлыг бүхлээр нь харж шийдэж чаддаг хүн, түүний улс төрийн мэдрэмж маш сайн хөгжсөн бөгөөд юуг хийх боломжтой, юуг хийх боломжгүй вэ гэдгийг сайтар ойлгож мэдэрдэг” гэж М.Кандинас нэгэнтээ тодорхойлон хэлсэн нь бий.

2018 онд Виола дараагийн алхмаа хийж, Холбооны зөвлөл буюу Швейцарын засгийн газрын бүрэлдэхүүнд орлоо. Энэ үед Бригитта Хаузер-Зюсс одоогийн “Центр” намын эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь давхар давхар ялалт байв.

Швейцарын засгийн газарт В.Амхердыг оруулахын тулд мэргэжлийн улс төрийн лоббич Бригитта бүтэн жилийг зарцуулжээ. Тэрбээр Виолаг улс төрийн зовлон бэрхшээл, элдэв нугачааг даван туулах үед нь хажууд нь хамт байж, эцэст нь түүнийг Холбооны зөвлөлийн /засгийн газар/ бүрэлдэхүүнд оруулж чадлаа. Батлан хамгаалахын сайдаар томилогдсон В.Амхерд арми дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, спортын сайдын хувьд Швейцарын спортын холбоодын удирдах албан тушаалуудад эмэгтэйчүүдийг томилохыг идэвхтэй дэмжсээр ирсэн юм.  




Тэгш байдал хангагдах хүртэл эмэгтэйчүүдийг ажилд авна




Телевизийн SRF сувагт Виола ярилцлага өгөхдөө “эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар нь ойролцоо тэнцүү байгаа тохиолдолд би эмэгтэй хүнийг ажилд авна, ингэхдээ хүйсийн тэгш байдал бүрэн хангагдах хүртэл шүү дээ” хэмээн хүний нөөцийн бодлогынхоо үндэс суурийг илэн далангүй тайлбарласан юм. Тэрбээр Бригиттаг зөвлөхөөрөө томилсон бөгөөд өөрийн сониуч бөгөөд аливаа зүйлийг яг таг, нягт нямбай хийдэг чанар, туршлагатай нотариатч хүний сонгодог дүр төрх нь армийн албан тушаалтнуудын хүндэтгэлийг хүлээж, прагматик хандлага болон оператив үйл ажиллагаа, үүрэг зорилтоо ойлгон мэдэрч буй байдлаараа парламентын гишүүдийг гайхшруулж байлаа.




2020 онд тэрбээр 6 тэрбум швейцар франкаар /7,03 тэрбум ам.доллар/ Америкийн Ф-15 сөнөөгч онгоцуудыг худалдан авах нь зүйтэй гэдгийг олон нийтэд итгүүлж чадсан юм. Тэр үед зарим хүн “Европт дайн дэгдэнэ гэж төсөөлөхийн ч аргагүй, хэн нь хэн рүүгээ довтлох гээд байгаа юм бэ, сөнөөгч онгоцуудыг яах гэж худалдан авч байна вэ” хэмээн чамархай руугаа хуруугаараа заан шуудхан хэлж байлаа.




Гэтэл удалгүй Орос-Украины дайн дэгдэв. Ийм үед Швейцар улс олон улсын тавцанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэдгийг Виола тэр даруйд ойлголоо. Тэрбээр 32 тэрбум швейцар франк буюу түүхэнд дуулдаагүй асар их мөнгийг батлан хамгаалахын салбарт төсөвлөн гаргуулав. Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд Аюулгүй байдлын бодлого эрхэлсэн Төрийн нарийн бичгийн газрыг байгуулсан нь түүний хийсэн дараагийн том алхам байлаа.

Улмаар 2023 оны эцсээр сайд В.Амхердыг Ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд энэ бол ганцхан жилийн хугацаанд хашдаг, эрх мэдэл багатай албан тушаал юм. Гэсэн хэдий ч энэхүү хомсхон хугацааг ашиглан Виола Амхерд Швейцар улсыг олон улсын гол гол байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлэх зорилго тавьжээ. Юуны түрүүнд, Швейцар ба Европын Холбооны урт хугацааны хамтын ажиллагааг зохицуулах суурь баримт бичгийг батлахын тулд тус холбоотой хэлэлцээ хийх нь чухал байна.



Энэ үед Бригитта Хаузер-Зюсс ерөнхийлөгчийг урьдын адил дагалдан явах болно. Харин энэ оны намар 70 нас хүрэх түүний хувьд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа нь дуусгавар болгоно. Харин Виола Амхерд үнэнч чиглүүлэгчийнхээ дэмжлэггүйгээр цаашаа ганцаараа явах болно.

Ташрамд дурдахад, Холбооны зөвлөл буюу Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийн үүргийг ээлж дараагаар, ротацийн сэлгэх зарчмаар гүйцэтгэдэг бөгөөд өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сайд хүн уг албан тушаалд сонгогддог. В.Амхерд 2023 онд дэд ерөнхийлөгчөөр ажилласан байсан тул энэ онд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.




Швейцарын улс төрийн тогтолцоо нь судлаачдын сонирхлыг татсаар ирсэн юм. Швейцарын Ерөнхийлөгч гэдэг нь дэлхийн ихэнх улс оронд тогтсон “төрийн тэргүүн” гэдэг уламжлалт сонгодог ойлголтоос ангид албан тушаал бөгөөд Швейцарын төрийн тэргүүний үүргийг Холбооны зөвлөлийн гишүүд хамтаараа гүйцэтгэдэг байна.   




Гэхдээ Ерөнхийлөгч нь засгийн газрын хуралдааныг даргалж, гадаад улсуудын төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, муж улсуудтай /кантон/ харилцах харилцааг зохицуулдаг. Ерөнхийлөгчийн албан тушаалыг бэлгэ тэмдгийн шинжтэй гэж үзэж болохгүйн учир нь, засгийн газрын хуралдааны үеэр сайд нар санал зөрөлдсөн тохиолдолд Ерөнхийлөгчийн байр суурь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. 



Б.Адъяахүү



Эх сурвалжууд: https://www.swissinfo.ch/eng/business/after-conquering-army-viola-amherd-steps-into-role-of-swiss-president/49089984


https://www.swissinfo.ch/rus/