sonin.mn

Сүүлийн үед Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.


Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн 2024 оны долдугаар сард 36 бүртгэгдсэн бөгөөд 680 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Өдөрт дунджаар 1-2 иргэн хохирч байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2-76 сая төгрөгийн хооронд байгаа юм.

Улсын хэмжээнд 2024 оны эхний зургаан сарын байдлаар 20,507 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 5,910 буюу 28.8 хувь нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд залилах төрлийн гэмт хэрэг нийт 41,562 бүртгэгдсэн ба жилд дунджаар 9,236, сард 769, хоногт 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь жилийн дунджаар 10.5 хувийн өсөлттэй байна. Залилагч этгээдүүд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг байна.


Жишээ нь: Эхний удаад таныг ажилд орж байгаа мэтээр товч анкетыг авна. Өдөрт 150-500 мянган төгрөг олоход ердөө л нэг цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлнэ. Бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж байгаа үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж байгаа мэтээр харуулж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар мөнгө өсгөх боломжтой зэргээр итгүүлдэг.


Мөнгөө өсгөхийн тулд та бидний илгээсэн данс руу боломжит үнийн дүнгээр мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай гэж хуурна. Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж итгүүлсний дараа урамшуулал болох мөнгийг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид нь хэд хэдэн арилжааны банкны данс ашигладаг. Тухайн дансны эзэмшигчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт, сүлжээ байхгүй алслагдсан хөдөө, орон нутагт оршин суудаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэд зонхилно. Хэрэв танд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгах, мэдээллийг нягталж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.


 


Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар