Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакавитай уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Кувейтийн сангийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид COP17-д оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх чиглэлээр тус улс бага хурлын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээнд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Тэрээр мөн тус Сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Талууд цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа эрчим хүч, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиров.

Пүрэв - 08 сарын 27,
2026
Сэтгэгдэл0