Мэдэгдэл
Монголын түүхэнд давтагдашгүй ер бусын түүхэн үүрэг гүйцэтгэсэн Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой энэ жил болох билээ.
Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүдэд Монгол улсын тусгаар тогтнол бэхжиж, аж үйлдвэржсэн хот суурин хөгжиж, хөдөө аж ахуй, газар тариалан цэцэглэж, соёл боловсрол хөгжин, хүн ам эрүүлжин өсөн үржиж, ард түмний аж амьдрал алхам тутам дээшлэн, бид ажилгүйдэл, ядуурал, гуйланчлалыг арилгаж, утаагүй, түгжрэлгүй, хээл хахууль, авлигагүй, дайн самуунгүй, үндэсний зөрчил тэмцэлгүй нийгмийг цогцлуулсан билээ.
Улирах цаг өнгөрөх тутам үүнийг манай ард түмэн улам бүр сайн ойлгох боллоо. Үүний нэг тодорхой жишээ бол их удирдагч Ю.Цэдэнбалын сайн үйлсийг мөнхжүүлэх, гайхамшигтай өвийг нь судлан хамгаалах зорилготой эрдэм шинжилгээ судалгааны байгууллага Цэдэнбалын хүү Зоригийн санаачлагаар Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын Академи 1999 оны 08 сарын 05-нд байгуулагдсан явдал мөн байв. Монгол улс, Монголын ард түмний нийгэм эдийн засгийн шилжилтийн хүнд үед байгуулагдсан энэ байгууллага гишүүд, ард түмнийхээ сэтгэлийн дэмжлэгээр олон талын үйл ажиллагаа явуулж, тодорхой үр дүнд хүрсэн билээ.
- Манай Академийхны гараар болон оролцоотойгоор Ю.Цэдэнбал гэдэг түүхэн зүтгэлтний талаар 65 судалгааны ном, товхимол нийтлэгдэж, манай Академийн эрдэмтдийн хүчин чармайлтаар “Юмжаагийн Цэдэнбал” түүхэн цувралын 16 боть ном зохиогдон хэвлэгдэж, олон нийтийн хүртээл болсон бөгөөд нийт 25 боть ном гаргах ажил амжилттай урагшилж байна.
- Ю.Цэдэнбалын амьдрал үйл ажиллагаатай холбоотой өвөрмөц тусгай архивын үндэс тавигдлаа. ХХ зууны Монголчууд өөрийн удирдагч Ю.Цэдэнбал гэж ямар хүн байсныг зураглан бичсэн 600 гаруй түүхэн гэрчүүдийн дурсамж тэмдэглэлийг олж цуглуулан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байгаа нь бидний амжилт мөн юм.
- Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын амьдрал тэмцлийг харуулсан 300 гаруй фото зураг цуглуулж Фото архивын үндсийг тавьсныг их сонирхолтой, ач холбогдолтой ажил гэж бид үзэж байна. “Ю.Цэдэнбал: Фото түүх” альбом бүтээгдэн бэлэн болов.
- Манай Академийн судлаачдын ажлын нэг томоохон чиглэл бол Ю.Цэдэнбалын амьдрал үйл ажиллагааны тухай баримтат кино бүтээж түүхэнд үлдээх явдал мөн байв. Ч.Тогтох, Ц.Жамбалсүрэн, А.Даваасамбуу нарын бүтээсэн “Маршал Цэдэнбал” 5 сери кино, Б.Хатуучулуун, Ц.Жамбалсүрэн, М.Даваасүрэн нарын “Цэдэнбалын эрин үе” 4 ангит баримтат кино бүтээгдсэн нь томоохон ажил болов.
- Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын Академийн эрдэмтэд энэ хугацаанд ХХ зууны Монголын түүхэн чухал асуудал, Ю.Цэдэнбалын үйл ажиллагааны туршлага сургамжийн асуудлаар Улс, аймаг, хот, сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээ- онолын бага хурал 15 удаа зохион байгуулсанд Монголын нэртэй эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлж, 4 хурлын материалыг ном болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ.
- Монголын төр засгийн ухаалаг бодлогын үр дүнд манай аймгаас Улсын Их Хуралд сууж буй гишүүдийн чармайлтаар, зарим байгууллага, хувь хүний хөрөнгөөр Ю.Цэдэнбалд зориулсан 6 хөшөө төв орон нутагт босгоход манай Академи санаачлагч, дэмжигч, зохион байгуулагчаар идэвхтэй оролцсон юм.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ю.Цэдэнбал даргын талаар 188 том хэмжээний өгүүлэл нийтлэл гарсан бөгөөд орчин үеийн мэдээллийн янз бүрийн сайтуудад энэ сэдвээр бидний бичсэн 45 бүрэн хэмжээний өгүүлэл гарсан нь манай залуучуудад ямар нэгэн хэмжээгээр хүрсэн гэж найдаж байна.
Эдгээр олон жил үргэлжилсэн томоохон ажлыг Ю.Цэдэнбал даргын хүү доктор, профессор Ц.Зоригийн биечлэн удирддаг Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн хамт олон хэрэгжүүлсэн юм. Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болон Монголын шүүх Ю.Цэдэнбал даргыг цагаатгасны дараа Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит Академийн үйл ажиллагаанд хэсэг бүлэг хүмүүс нэр алдар хөөцөлдөх, мөнгө олохыг оролдох, гавьяа шагнал горилох хууль бус ажиллагаа явуулж байсны улмаас Академийн үүсгэн байгуулагчид, Эрдмийн зөвлөлийн гишүүд, ах дүү нарын хамтарсан хурлаас Академийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр 2024 оны 12 сард гаргаж, Хууль зүйн яаманд мэдэгдэж, Ц.Зориг Хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд зарласан боловч эдгээр бүлэг хүмүүс бусармаг үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа юм.
Саяхан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газар Академийн үүсгэн байгуулагчдын тавьсан хүсэлт, мэдээлийг нягтлан шалгаж хянаад бидэнд өгсөн УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын 2026- 07-09-ний 8-1, 5200 тоот хариунд “2021 оны 12 сарын 01-ний өдрийн №02 дугаартай “Удирдах зөвлөлийн даргыг орлон гүйцэтгэгч болон Академийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай” тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь 2021 оны 11 сарын 22-ний өдрийн Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын Академийн үүсгэн байгуулагчид, Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлын протоколд тусгагдаагүй асуудлаар тогтоол гаргасан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 11,2 дахь хэсэг, тус төрийн бус байгууллагын дүрмийн 5.1, 5.1 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул Хяналтын улсын байцаагчийн 2026.07.07-ний өдрийн 2506 тоот дүгнэлтээр... Академийн Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Ц.Зоригийн эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Авдайг, Гүйцэтгэх захирлаар Ш.Хишигсүрэнг томилсон өөрчлөлтийн бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд та бүхний өргөдөлд тусгасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Ю.Цэдэнбалын Академийн дүрмээр бол Удирдах зөвлөлийн гишүүн ба Гүйцэтгэх захирал нарыг Академийн үүсгэн байгуулагчид, Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаас сонгох, томилох байтал хууль бус Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн Удирдах зөвлөлийн 10 гишүүний 4-ийг оролцуулж, ганц хүний дэмжлэг авсан З.Түвшинжаргалыг Гүйцэтгэх захирлаар зоргоороо томилж тамга шилжүүлсэн нь хуулийг уландаа гишгэсэн хэрэг болжээ. З.Түвшинжаргалын талаар улсын бүртгэлд ямарч мэдээлэл, томилгооны шийдвэр, баримт, төлөвлөгөө, тайлан юу ч байхгүй байгаа нь энэхүү З.Түвшинжаргал нь Академийн тамга санхүүг 3 жил гаруй хууль бус, зальт аргаар ашигласан болох нь харагдаж байна.
Ю.Цэдэнбал даргын нэр барьж элдэв хандив цуглуулах, “Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын Академийн эцсийн өмчлөгчөөр” нэг жил ч ажиллаагүй өөрсдийгөө тодруулах,байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулсан үүсгэн байгуулагчид, удирдлагын шийдвэргүйгээр хийлгэсэн 1500 ш тэмдэгийг 100000 төгрөгөөр одон хэмээн худалдан борлуулж мөнгө угаах, Академийн бичигт хуурамч гарын үсэг хэрэглэх, Ю.Цэдэнбал болон түүний өв залгамжлагч Ц.Зоригийн эсрэг гүтгэлэг цуурхал дэгдээх, Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байрыг эзэмшихийг санаархсан үйл ажиллагаа явуулах, жирийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг улс төрийн байгууллага болгохыг оролдох, Бал даргын хамаатнуудыг Академиас шахах муухай бодлого явуулах, Академийн тамгыг үүсгэн байгуулагчидтай, түүний дотор Даргын хууль ёсны залгамжлагч Ц.Зоригтой булаацалдах ёс суртахуунгүй, хууль бус, эрүүл хүн сэтгэхийн аргагүй ажиллагаа явуулж байгааг бид эрс буруушааж байна. Зальт хүмүүсийн мэхэнд автагдаж, даргын тэмдгийг учрыг нь ойлголгүй өндөр үнээр авсан хүмүүс болон энэ хүмүүсийн бэлэн аманд гэнэн зангаар итгэж, Удирдах зөвлөлийн гишүүн болчихлоо гэж хууртагдаж яваа хүмүүсийг бид ойлгон хандаж байна. Монголын төр, засгийн хяналтын байгууллага эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг тогтоочихоод байхад гэмт үйлдлээ хурдан зогсоохыг эдгээр хууль зөрчигчдөөс шаардаж, ийм хүмүүсийн ажиллагааг санаандгүй дэмжихгүй байхыг нийтэд хандан уриалж байна.
Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын Академийн үүсгэн байгуулагчид, Ю.Цэдэнбалын ах дүү нарын төлөөлөл. 2026.08.17.
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
Цеденпил газар нутгаа Орост өгсөн хүн. Төрсөн бууриа ч өгсөн . Түүнд монгол үр удам гэж үгүй
Чамайг бодвол маш их юм хийж бүтээсэн гавьяатай хүн. Чам шиг гадуур сэлгүүцэж шоудаж утасны цаанаас хүн муулж доромжилж суухаас өөр ид шидгүй арчаагүй орк биш.
Цэдэнбал оросын хагас колони шиг байх үед монгол орныг тусгаар байдлаар авч гарсан хүн. Монгол улсыг цэдэнбал хагас аж үйлдвэржсэн цлс болгож чадсан нь түүний түүхэн гавьяа юм. Нэгэнт цэдэнбал дарга хийх юм аа маш сайн хийж үүргээ нэгэнт гүйцэтгэсэн учир одоо түүний нэрийг барин элдэв юм хийх хэрэггүй л дээ. Санжаасүрэнгийн зоригийн нэрийг барьж с оюун дүү нь нилээд баяжиж амьдралаа сайжруулсан шиг юм л харагдаад байна даа. Цэдэнбалын нэрийг барьж хүү зоригоос нь авхуулаад амьдралаа сайжруулах хүсэлтэй хүмүүс олон байдаг бололтой.