sonin.mn

Яг одоо смарт мал аж ахуйн менежерийн мэргэжил хэрэгтэй!


Сэтгүүлч дүү бүсгүйн gogo.mn сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг өлгөж аван баяжуулаад монгол уншигчиддаа хүргэж байна гээд ойлгочихоорой. Бурууг бусдаас биш МОНГОЛ ХҮН та өөрөө түмэн буруутай гэдэг миний муйхарлалыг хүлцээд уншаарай!


“Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг 2022 онд танилцуулсан. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 хувь байв. Гурван хүн тутмын нэг нь ядуу байсан гэсэн үг.  Цар тахлын дараа буюу 2022 онд ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ядуурлын судалгааны үр дүнг танилцуулахдаа “Цар тахлын нөлөө ядууралд ихээхэн нөлөөлсөн. Цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан. Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Ган гарсан аймгуудад ядуурлын түвшин нэмэгдсэн. Ядуурлыг хүн амын тоогоор харахад 2014 хүртэл ядуурлын түвшин дорвитой буурсан ч, 2016 оноос маш багаар буурчээ. Хөдөөгийн ядуурлын түвшин харьцангуй буурсан ч орон нутгийн, гэр хорооллын оршин суугчид интернэт, сайжруулсан ундны усны хангамжаар бүрэн хангагдаагүй байна. Өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу амархан түлхэж болзошгүй гэх мэт gogo.mn-д бичжээ. Маш олон тоо баримт аргумент, хүснэгтээр тайлбарлажээ.


Би хувьдаа gogo.mn-ийг зөвийн зөв гэж үзэж байна. Гэхдээ хэт их тайлбар хүснэгт маань ядуу яваа иргэдийн тархинд 100% хүрч чадах уу гэдэгт асуудлын гол нь байна. Улиг болсон асуудал тул нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаж мэднэ. Олигархи, улс төрчидтэйгээ улсаараа (хүн амаараа) барьцдаг гаж үзэгдлийг би хэлж байна. Төр-засаг нь ядуурлын өмнө ялагдсан, бууж өгсөн байдалд яваад ирснийг тэр бүр шүүмжилдэггүй тул би бас дахиад шүүмжилчихье. Төр-засаг түмэн буруутай. Ямар буруу: Ард түмнээрээ ажил хийлгэж, өөрсдийг нь өөрсдөөр нь амьдруулж чадаагүй буруутай! Facebook-ийн өнөө өглөөний шинэхэн постуудаас дараахи мөрүүдийг олж уншаад эшлэж давс нэмэхээр шийдлээ. Физикч эрдэмтэн эрхэм дүү Н.Тэгшбаяр шээрлэжээ. Тэр өөрөө бичээгүй өөр нэг инженер бичсэн бололтой. Би шууд аваад эшлэе гэж зориглолоо. Яг л хэлээд өгчихжээ.


“Энэтхэгт 300 хөөрхөн хүвгүүдийг ламхай болгон сургадаг юм байна” хэмээн гарчиглажээ. Тэгээд Монголд түгээмэл байдаг ажил мэргэжил ба мэргэжилтнийх нь тоог дурджээ. Тоо яг үнэн зөв эсэхийг би нягтлахгүй, гэхдээ ханатай. Тиймэрхүү л байгаа.


Бичсэн нь:


Монголд 5000 бөх, 6000 лам, 1000 гингэнэж гиншсэн дуучин-хошин шогч, магад 1000 янхан, 2000 тв, сонин, сайтын сэтгүүлч, 10 мянган хуульч, тийм тооны цагдаа, 100 мянган оюутан юу ч бүтээхгүй нийгэм бужигнуулж, сорон мөлжиж, авилгал, барьц, хахууль, ивээн тэтгэлэг, шагнал, халамжаар амьдарч байна. Тэдний сайн сайхныг нь, сайн нөлөөг нь муушаахгүй, муу нь хэтийдсэн. Бүү гомд. Тэдний тоо хүн амтай нь харьцуулахад ПАРАДОКС ЮМ УУ КАТАСТРОФ болжээ. Тэдэнд хариуцлагатай нийгэм аюултай, ийм завхарсан нийгэм амьдрах хөрс нь. Түүхийн хог дээр хаямаар бурангуй, зарим хэрэггүй ёс заншил, соёл, өлгийг орхиод явах ёстой.


Энэ абзацанд худал огт гөрдсөнгүй дээ. Ардчиллыг 34 жилийн нийгмийн үр дүн иймэрхүү л байгаа даа. Уран сайхны сэтгэлгээтэй, түүнийгээ “нүүдлийн” гэх аугаа соёл иргэншилтэй холбочихсон ард түмэн маань мэргэжлийн парадоксыг XXI зуунд бүтээчихээд яваа нь энэ л дээ. Худлаа биш. Дараагийн мөрөнд Монголд нэн хэрэгтэй байгаа мэргэжлүүдийг ярайлгажээ. “Энэ сайхан Монгол оронд өнөө маргаашгүй” хэрэгтэй байгаа мэргэжил гээд уншсан хүн голдоо ортол, Төр-засаг, улс төрчид нь бол огштол (арай ч ичиж үхэхгүй байх аа?) жагсаажээ. 


Тав ба 6 дугаар зэргийн токарьчин, гагнуурчин, экскогийн шанаганы шүдээр нь шүдэнз онгойлгодог жолооч, программист, IT инженер, цөмийн физикч, хими-технологич, ус, нефтийн инженер, ландшафтын архитектор, цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний инженер, зам тээвэр, гүүр, туннелийн инженер, агрономич, үрийн зоотехникч, механик инженер, цэргийн зэвсэгийн зохион бүтээгч, засварын инженер, хатуу, хий, шингэний механик технологич, хүнсний механик-технологич, уул уурхайн баяжуулах, мех-цахилгааны инженер, аэрогидродинамикийн механикчид, усалгаатай газар тариалангийн мелиорацийн инженер, эмнэлэгийн тоног төхөөрөмж зохион бүтээгч конструктор, биомеханик-бионикч, роботрон-телемеханик инженер, зүрх, тархи-нейрологи, дотор, цус шүүрлийн доктор, вирусологи, бактерологи гэх мэргэжил гэжээ. 


Ийнхүү жагсаасныхаа дараа тэднийг хэрхэн бэлтгэх гарц хувилбараас дурджээ. Гадаад орнуудад 20 мянган охид хөвгүүдээ дээрхи мэргэжлүүдээр явуулъя гэсэн байна. Буруу биш. Гэхдээ дотоодын их сургуулиудад бас боломж буйг би нэмээд дурдчихъя. Тус постод зардлыг нь ингэж бичжээ. Хууль шүүхийн асуудал бололтой юм.


1)Сонгууль хийх зардлаараа;


2)Oффшорын мөнгө, авилгачдын мөнгийг хураан авч, нүүрсний мөргөцөг хулгайлсан, ял завшуулж-гэмт хэрэг угааж байгаа мөнгөөр суралцуул гэжээ.


Ингэхдээ цагдаа, тагнуул, прокурор, шүүх, мэргэжлийн хяналт, гаальчдын хулгайн орлогыг хуу хам гэжээ. Тэгээд нөгөө чухал мэргэжлүүдээр суралцах залуустай хатуу гэрээ хийнэ, ар гэрийг нь барьцаална, тэгээд сургаж авчрах тийм л Төр засаг, нийгмийн давалгаа хэрэгтэй байна гэжээ. Тэд хожим багш профессорууд болно гэжээ.


Ядуурлын уг шалтгаан, гарал үүслийг дээрхи пост хэлээд өгчихжээ. Боловсролын буруу тогтолцооноос ядуурал их шалтгаалдагийг хэлээд байна. Буруу суралцсан, буруу суралцуулсны гайгаар нийгэм нь хөгжил дэвшилд хүргэх тэр чухал хөшүүргээ олж авч чадахгүй өнөө хүрсэн байна. Улс хөгжихгүй, нэг байрандаа дэвхцээд, нүүрс мэт түүхий эдийн экспортондоо барьцаалагдан байгаагаас нийгэмд ядуурал ямагт 30% дээр бат зогсож байна. 


Ковид гай болсон нь мэдээж. Гэхдээ гэртээ суугаад өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө өөрчлөх асар их боломж ковид олгосныг үгүйсгэж болохгүй. Миний бичдэг сэдэв: Ковидын дараа яг бахь байдгаараа нийгмийн халамж хүссэн, эсвэл лангуу сахисан (хэдэн мянгуулаа), бараа зардаг, авдаг түг түмэн хүн гараад ирнэ гэсэн нь нотлогдож байна. Мэргэжлээ өөрчилж, өөрийгөө сорьж, сонирхолтой аж төрөхийг хүсч болохгүй байна уу? Бүгд л залуу, идэр насны, эрүүл саруул хүмүүс байх юм. Гарчигт өгүүлснээ хөндье. Найз сэтгүүлч дүүгийнхээ постыг оруулчихъя. Зууны манлай хоньчин маань үнэн хэлжээ. Тэр тухай ярилцлага ч бий гэнэ. Малчид ба малчдыг хайрлагчид нэгийг бодно биз. Зудад дарлуулж байгаа чинь мэргэжилтэй чинь холбоотой гэсэн санаагаа буулгая.


Цас зудны аюул нүүрлэн байна, үнэн. Улсаараа босч зудтай тэмцэхийг уриалцгааж байна, тэр бас үнэн. Малчдад зарласан бөөн хайр явж байна, тэр бас үнэн. “Мах иддэг бол малчиддаа тусла” гэж хотынхныг тулгаж байна, тэр бас үнэн. Гэтэл? Тэд бүх малаа 100% хувьчилж авсан, тэдний хувийн өмч, хувийн өмчөө тэд ариглан гамнах, хэмнэх, хамгаалах, хөгжүүлэх зах зээлийн жам ёсны хуультай. Тэр хууль 34 дэх жилдээ үйлчилж байна. Төр гэмт халдлага, дээрэм тонуулаас малчдыг хамгаалж өгөх үүрэгтэй.


Яг одоо смарт мал аж ахуйн менежерийн мэргэжил хэрэгтэй!-гэж бичсэнээ хэдхэн үгээр өчвөл: Малчид минь XXI хөгжлийн хурдны аяыг даах чадвартай болж өөрчлөгд. Смарт мал аж ахуйтай бол. Өндөр ашиг шимт мал аж ахуйг шүт. Хорш, хамтар. Фермерийн аж ахуй руу шилж, өвөлжөөндөө дулаахан орон сууц барь. Наад хажуугийн Буриад, Өвөр Монголд чинь их цас орсон ч малын гарзгүй өвөлждөг хур туршлагаас цуцалтгүй суралц. Зун наадам найраа багасга. Ойр хавийн бүх өвс ногоогоо хадаж хурааж өөртөө нөөцлөж ав. Өвсний ченжүүдэд бүү хөлслөгд, тэд Та нараар өвс хадуулж авчихаад Хятад руу гаргачихаад байна. Нийслэл чинь зундаа халиурсан их өвсөө яаая гэж овоолж шатааж, хогонд хаяж байна, ирээд хураагаад авцгаа. Өвөл хэдэн биендээ дамлан худалддаг бизнес болгочих. Тийм арга ухаанд суралцах мэргэжил сонго. Зөвхөн малчин биш, менежер шүү. Хэрэгтэй мэргэжил гэдэг дээр мал аж ахуйд салбарлуулж нэрлэцгээхийг уншигчдаас хүсье. Төгсгөлд нь уриалъя. Монголчууд минь лам бөө, бөх, одон медаль, хошин урлаг, нийтийн ба зохиолын дуу шүтсэнээрээ Та нарын амьдрал өөдөлдөг бол 34 жил прогрессоор дээшээ цойлох байлаа. Гэтэл байдаггүй. Тэр шалтгаанаа эргэцүүлэн сайтар ухаж бод доо!


Д.Баярхүү