
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг Боливарын Бүгд Найрамдах Улсад гар хөл болсон засгийн газар тогтоож, тус улсын байгалийн баялгийг булаан авахыг оролдож байна хэмээн буруутгалаа.
“Венесуэлийн төрийн дэглэмийг өөрчилж, АНУ-ын тоглоомын Засгийн газар байгуулан, дэлхийн хамгийн том газрын тосны нөөц, дөрөвдүгээрт ордог хийн нөөц, хамгийн их алтны нөөцийг маань дээрэмдэх эзэнт гүрний төлөвлөгөө боловсруулагдсан байна” гэж тэрээр Venezolana de Television сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Түүний хэлснээр, АНУ энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Карибын тэнгист байлдааны хөлөг онгоцууд болон цөмийн шумбагч хөлөг байршуулж, Венесуэльд хуурамч ял тулгаж байна. Мадуро “Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Холбоо, Дэлхийн Гаалийн Байгууллага, АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар (DEA) бүгд Венесуэль хар тамхины наймаатай холбоотой гэх үндэслэлгүй буруутгалыг үгүйсгэсэн” гэдгийг онцлов. Тэрээр мөн “АНУ-д ч хүртэл миний болон Венесуэлийн талаар тарааж буй худал ярианд хэн ч итгэхгүй байна” гэж мэдэгджээ. Тэрээр Вашингтон зорилгодоо хүрч чадахгүй, Венесуэль бие даасан, эрх чөлөөтэй, энх тайван улс хэвээр үлдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мадуро мөн Үндэсний Боливарын Зэвсэгт хүчин нутгийнхаа усан хилийн дотор “Карибын бүрэн эрхт байдал–200” нэртэй гурван өдрийн сургуулилт явуулж байгааг мэдээлэв. “Карибын болон Өмнөд Америкийн ард түмэн энх тайванд амьдрах бүрэн эрхтэй, тэдний тусгаар тогтнолыг хэн ч зөрчих ёсгүй” хэмээн тэр хэлээд, Венесуэль “хүчирхэг улс, бат бөх, нягт зохион байгуулалттай төр, шийдэмгий ард түмэнтэй бөгөөд ямар ч нөхцөлд ялалтад хүрэх чадвартай” гэж итгэж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын талаас ирж буй дарамт
Мадурогийн хэлснээр, Венесуэль сүүлийн зуун жилд АНУ-аас гарах хамгийн ноцтой түрэмгийллийн аюултай нүүр тулгарч буй гэнэ. Reuters агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын 19-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн гурван устгагч Венесуэлийн өмнөд эрэг орчимд “хар тамхины картелийн эсрэг ажиллагаа явуулах” зорилгоор илгээгдсэн байна. АНУ мөн цөмийн шумбагч, пуужингийн хөлөг, десантын хөлөг онгоц болон 4,500 цэргийн хүчийг бүс нутагт төвлөрүүлжээ.
Есдүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлээс гаралтай гэж сэжиглэгдсэн хар тамхины картелийн гурван гишүүнийг олон улсын усан замд устгасан гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, цохилтыг Венесуэлийн хар тамхины террористууд АНУ руу хууль бусаар хар тамхи тээвэрлэх үед гүйцэтгэжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 2-нд Трампын засаг захиргаа олон улсын усан замд явуулсан ажиллагааны үеэр Венесуэлийн хар тамхины картелийн 11 гишүүнийг устгасан гэж мэдээлсэн юм. АНУ Венесуэль хар тамхины наймаатай тэмцэх дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг шүүмжилснээс гадна Ерөнхийлөгч Мадурог Cartel de los Soles хэмээх хар тамхины бүлэглэлийн гишүүн гэж буруутгаж байгаа бөгөөд Каракас энэхүү буруутгалыг эрс няцааж байна гэжээ.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: tass.com
Сэтгэгдэл1
АНУ латин америкийн орнуудтай хамтарч хар тамхи тариалалт, хар тамхины картелууд, хар тамхины хууль бус тээвэрлэлт, хар тамхины хууль бус наймаатай хатуу тэмцэх