sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Баруун холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Александр Гуцаныг улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэвшүүлжээ. Энэ тухай мэдээллийг Холбооны Зөвлөлийн гишүүн Андрей Клишас мэдэгдсэн бөгөөд холбогдох баримт бичиг тус зөвлөлд ирсэн байна. Нэр дэвшигчийг есдүгээр сарын 23-нд урьдчилан хэлэлцэж, дараагийн өдөр нь Үндсэн хууль болон төрийн байгуулалтын байнгын хороо зөвлөлдөх уулзалт явуулах гэнэ.


65 настай Гуцаныг нэр дэвшүүлсэн тухай мэдээллийг РБК агентлагийн эх сурвалжууд наймдугаар сарын сүүлээр дамжуулсан юм.


Тэрээр Ерөнхий прокурор Игорь Красновыг орлох бөгөөд Краснов Дээд шүүхийн даргаар ажиллахаар болжээ. Энэ өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн хамт сурч байсан, Дээд шүүхийн тэргүүн Ирина Подносова таалал төгссөний дараа гарч буй юм.


Александр Гуцан Санкт-Петербургийн улсын их сургуулийн хуулийн факультетэд Дмитрий Медведев, Константин Чуйченко нарын хамт суралцаж байжээ. 2007–2018 онд Юрий Чайкийн үед Ерөнхий прокурорын орлогчоор ажилласан туршлагатай.

Тэрээр улсын яллагчаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан 1-р зэргийн ахмад Александр Никитиний эсрэг хэрэгт оролцсон боловч Никитин шүүхээр бүрэн цагаатагдсан байдаг. Мөн 2016 онд Гуцаны шаардлагаар Домодедовогийн нисэх буудлын эзэн асан Дмитрий Каменщиковт холбогдох хэргийг хаасан. Түүнийг 2011 онд 37 хүний аминд хүрсэн тэсрэх бөмбөгийн халдлагын өмнө аюулгүй байдлын бэлэн байдлын шаардлага хангаагүй гэж буруутгаж байжээ.


Гуцан ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөх I зэрэгтэй бөгөөд энэ нь армийн генерал, флотын адмиралын цолтой дүйцэх албан тушаалын зэрэг юм. 


М.Чой


Эх сурвалж: https://www.moscowtimes.ru/