sonin.mn

ЖЕНЕВ, 2025 оны есдүгээр сарын 17 /NHK/. Израил Газын зурваст палестинчуудыг хоморголон устгаж байна гэж НҮБ-ын комисс мэдэгджээ. Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах олон улсын комисс мягмар гарагт тайлангаа танилцуулсан байна. 


“Газад үргэлжилж буй геноцид бол ёс суртахууны доромжлол, хууль эрх зүйн хувьд яаралтай шийдэл шаардсан нөхцөл байдал юм. Гишүүн орнууд яг одоо арга хэмжээ авах ёстой” гэж тус комиссын дарга Нави Пиллэй Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Олон улсын шүүх үүнийг геноцид гэж зарлахыг хүлээх шаардлагагүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлсэн 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2025 оны долоодугаар сарын 31-нийг хүртэлх хугацааг хамарсан тайланг 1948 оны Геноцидын тухай конвенцын тодорхойлолтод үндэслэсэн гаргажээ.


Тайланд 60 мянга гаруй палестин хүнийг хөнөөсөн гэх мэт янз бүрийн баримтуудыг дурдсан байна. Мөн Израилын цэргийхэн тэднийг албадан нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тусламж, хоол хүнс, ундны усаар хангах боломжийг хязгаарласан гэж мэдэгджээ. 


Израилын эрх баригчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн эдгээр болон бусад “геноцидын шинжтэй гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд одоо ч үйлдсээр байна” гэж комисс дүгнэсэн байна. Түүнчлэн Газын зурвас дахь палестинчуудыг устгах геноцид сэдэлтэй байсан бөгөөд одоо ч тийм хэвээр байна гэж тайланд мөн дурджээ.


Харин НҮБ-д суугаа Израилын Байнгын төлөөлөгч Даниел Мерон уг тайланг эрс зэмлэн буруушаасан байна. “Израилын тал тус мөрдөн шалгах комиссын өнөөдөр нийтэлсэн гүтгэлгийн шинжтэй мэдэгдлийг эрс няцааж байна. Энэ нь геноцидын талаарх хор хөнөөлтэй яриаг тарааж байна. Тайлан бүхэлдээ ХАМАС-ын худал мэдээлэлд тулгуурласан” гэж тэрбээр хэлжээ.


Комиссын дарга Н.Пиллэй хариуд нь мэдэгдэхдээ, эдгээр баримтын хаана нь алдаа гаргасан бэ гэдгийг бидэнд хэлээд өгөөсэй, эсвэл зүгээр л бидэнтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна хэмээн хэлсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг