
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи нар ирэх оны “Coachella” хөгжмийн наадмын тайзнаа уран бүтээлээ толилуулна гэж зохион байгуулагчид мягмар гарагт мэдэгджээ.
Мөн панк-рок урсгалын домог болсон уран бүтээлч Игги Поп, инди-рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Strokes” хамтлаг, электроник хөгжмийн дуэт “Disclosure” зэрэг уран бүтээлчид АНУ-ын Калифорни муж улсын Индио хотод ирэх дөрөвдүгээр сард болох наадмын тайзнаа гарах ажээ.
Пуэрто-Рикогийн уран бүтээлч Бэд Банни 2023 онд тус наадмын гол тайзнаа уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны испани хэлтэй уран бүтээлч болж байсан бол Кароль Жи “Coachella”-гийн гол тайзан дээр гарсан Латин Америкийн анхны эмэгтэй уран бүтээлч болох гэж байна. Ж.Биберийн хувьд энэ оны долоодугаар сард “Swag” хэмээх нэртэй долоо дахь цомгоо гаргаж, есдүгээр сард дабл цомог болгон дахин гаргаснаар шүтэн бишрэгчдээ гайхшруулсан юм. Харин “Disney” сувгийн уран бүтээлүүдээр урлагийн замналаа эхлүүлсэн С.Карпентерийн хувьд 2024, 2025 онд гаргасан “Short n' Sweet”, “Man's Best Friend” хоёр цомог нь түүнд асар их амжилт авчраад байгаа билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0