sonin.mn

Францын Schneider Electric шинэ төрлийн үйлчилгээний тогтолцоогоо танилцуулж, Германы Siemens дэлхийн анхны фотон тоолууртай CT үзүүлэн, Голландын KPMG гурван шинэ тайлангаа танилцууллаа. 9-р сарын 14-нд өндөрлөсөн 2025 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт (“CIFTIS”) сэтгүүлчид тоон-ухаалаг технологийн шинэ хүчийг мэдрүүлжээ. Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын комиссын орлогч гүйцэтгэх захирал Даниел Бойер “үйлчилгээний салбар бол Австрали, Хятадын харилцааны салшгүй хөдөлгөгч хүч” хэмээн тэмдэглэв.


Хятадын Олон Улсын радио энэ тухай: "Энэ удаагийн яармагт 85 улс орон, олон улсын байгууллага, дэлхийн Топ-500 болон салбарын толгой компаниудаас ойролцоогоор 500 компани оролцож, 900 гаруй гэрээ хэлцэл хийгдэв. Зочин орон Австрали хамгийн том цар хүрээтэй төлөөлөгчдөө илгээжээ. Австралийн Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Доминик Триндейд “тодорхой бус байдлаар дүүрэн өнөөгийн дэлхийд CIFTIS нь хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашиг хүртээх чухал индэр болж байна” гэв.


2024 онд Хятадын үйлчилгээний худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 1 их наяд ам.долларыг давж, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Үүнээс тоон, ухаалаг, ногоон хөгжлийн чиглэлээр мэдлэг их шаардсан үйлчилгээ 2020 оноос хойш 38%-иар өсжээ. Philips-ийн Хятад дахь дэд ерөнхийлөгч Ян Дүнлань “бидний бүх бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны функцтэй болж, Хятадын зах зээлд 40 жил тогтвортой хөгжиж, судалдаа болон үйлдвэрлэл бүгд Хятадад хийгдэж байна” хэмээн онцолсон бол Johnson & Johnson, Eli Lilly зэрэг олон улсын компаниуд Хятадын зах зээлийг хөрөнгө оруулалтын ирээдүйтэй гэж үзэж байна.

Хятадын компаниуд ч дэлхийд гарч, шинэ боломжуудыг хуваалцаж байна. Жишээлбэл, Meituan компанийн “Keeta” брэнд Саудын Арабт түргэн байр сууриа эзэлж, олон ажлын байр бий болгожээ.

CIFTIS, CIFIT, ирэх арваннэгдүгээр сард болох Импортын экспо зэрэг олон улсын үзэсгэлэнгүүд нь Хятадын нээлттэй хамтын ажиллагааны эрмэлзэл, дэлхийтэй хамтран хөгжих шийдвэрийг нотолж байна. Morgan Asset Management-ийн захирал Пол Бэйтмэн “Хятадад хаа сайгүй боломж байна, Хятад руу хөрөнгө оруулна гэдэг ирээдүйд хөрөнгө оруулж буй хэрэг” гэж хэлсэн нь үүнийг бүр ч тод харууллаа." гэжээ.


Г.Бямба