
ХАМБУРГ, 2025 оны есдүгээр сарын 15 /DW/. Цагдаа, гаалийн ажилтнууд Хамбургийн боомтоос 400 гаруй кг кокаин хураасан тухай Хамбургийн Гаалийн мөрдөн шалгах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
O’Swaldkai чингэлгийн талбайд хоёр сэжигтнийг баривчилсан байна. NDR телевиз, "Hamburger Morgenpost" сонинд мэдээлснээр, хоёр эрэгтэй хөлөг онгоцноос спорт цүнхнүүд буулгаж фургонд ачиж байгааг боомтын ажилтнууд харжээ. Улмаар тэд боомтын ажилчид биш болохыг анзаарч, аюулгүй байдлын албанд дуудлага өгсөн тухай DPA агентлаг мэдээлсэн байна. Тэд 20 гаруй цүнхийг фургонд ачсан гэж таамаглаж байгаа ажээ.
Хоёр эрэгтэйн нэгийг нь газар дээр нь баривчилсан бол хоёр дахь сэжигтнийг аюулын түгшүүр зарлаж, боомтын бүсийг хаасны дараа саатуулжээ. Уг ажиллагаанд цагдаагийн нисдэг тэрэг оролцсон байна.
Германы хамгийн том далайн боомт болох Хамбург бол Роттердам, Антверпены дараа Европт гуравт ордог том боомт юм. Өдөрт Хамбургээр 23 000 гаруй чингэлэг дамждаг бөгөөд Европ тив рүү кокаин тээвэрлэдэг гол төвүүдийн нэг гэж үздэг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0