
ТЕХРАН, 2025 оны есдүгээр сарын 15 /Kazinform/. Иран болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ хооронд байгуулсан хэлэлцээрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Цөмийн асуудлын хороо баталсан тухай IRNA агентлаг мэдээллээ.
Ираны Гадаад хэргийн сайд, ОУАЭХА-ийн ерөнхий захирал нарын гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь Иран болон агентлагийн хооронд шинэ нөхцөл байдалд (Израил, АНУ-ын зүгээс өнгөрсөн зургаадугаар сард Ираны цөмийн объектуудад хийсэн цохилтын дараах) хамтран ажиллах журмыг тодорхойлжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газар уг хэлэлцээртэй холбоотой мэдэгдлийг ням гарагт гаргаж, гол заалтуудын талаар мэдээлэл өгcөн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хэлэлцээрийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Цөмийн асуудлын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд гарын үсэг зурсан баримтууд нь ерөнхийдөө тус хорооны шийдвэрүүдэд нийцэж байгаа гэжээ.
Хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрээр Ираны цөмийн байгууламжуудад шалгалт хийх агентлагийн ажилтнуудыг өөрөө сонгох эрхийг Ираны талд олгосон байна.
Талууд есдүгээр сарын 9-нд Египетэд уулзаж, Израил, АНУ-ын зургаадугаар сард өгсөн цохилтын дараа зогсоогоод байсан хамтын ажиллагааг сэргээх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. ОУАЭХА цөмийн байгууламжуудад нь цохилт өгсөн улсуудыг буруушаасан мэдэгдэл хийгээгүй тул Ираны тал хамтын ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ, хамтын ажиллагааны шинэ журам нь хоёр талаас тавьж буй шаардлагуудыг бүрэн хангаж байна гэжээ. Гэсэн хэдий ч Ираны эсрэг аливаа дайсагнасан үйл ажиллагаа дахин эхэлбэл ОУАЭХА-тай бүх харилцаагаа тасална гэдгийг тэрбээр дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Нэг сайн зодуулж аваад Ойлгосон юм болвуудаа,,,,хөөрхий муу бөгспутины 25 жил байгуулсан ОРОС орон задран мөхөж байж ойлгох юм болвуудаа,,,,алс дорнодоо аугаа хятадад Албан ёсоор хүлээлгээд өгчихмөөр юмдах,,,чааваас,,,,