
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал кинонд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолоос “Богино хэмжээний/антологи цуврал/киноны туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртлээ.
Телевизийн академийн мэдээлснээр, өдгөө 15 настай тэрбээр “Эмми”-гийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болжээ. О.Купер хэдхэн жилийн өмнөөс драмын ангид суралцаж эхэлсэн байна.
“Та бусдын үгийг сонсож, анхаарлаа төвлөрүүлж, өөрийн тухтай бүсээсээ гарч чадвал амьдралд юунд ч хүрч чадна гэдгийг өнөө оройны явдал нотлон харууллаа гэж би хувьдаа бодож байна. Би гурван жилийн өмнө хэн ч биш байсан. Харин одоо энд ингээд зогсож байна” хэмээн залуу жүжигчин шагналаа гардаж авахдаа хэлжээ.
“Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болсон Британийн “Adolescence” богино хэмжээний цуврал кино нь зураг авалтын хувьд тасралтгүй явагдсан гэдгээрээ онцлог бөгөөд хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж буй 13 настай хүүгийн талаар өгүүлдэг. Тус цуврал нь мөн “Богино хэмжээний/антологи цуврал/киноны шилдэг зохиол” төрөлд “Эмми”-гийн шагнал хүртээд байна.
Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Peacock” театрт үргэлжилж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0