.png)
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 11 /Reuters/. Японы нийслэл Токио хотод хэт халж байгаатай холбогдуулан хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ амралтын өдрүүдэд болох спорт алхаа, марафон гүйлтийн гарааг 30 минутаар урагшлуулахаар шийдвэрлэжээ.
Дэлхийн олон орны нэгэн адил Япон улс энэ жил цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдэж байгаа бөгөөд энэ сар гарсаар Токиод дунджаар +33 хэмд хүрч халж байгаагаас үзэхэд есдүгээр сард түүхэнд байгаагүй үзүүлэлт бүртгэгдэх төлөвтэй байна.
Өнгөрсөн сард Японы нийслэлд 3300 гаруй хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж нийслэлийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн юм.
“Токиод зуныхаас сэрүүн байдаг есдүгээр сарын дундуур ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч энэ жил агаарын зуны дунд үеийнхтэй ижил хэвээр байна” гэж зохион байгуулах хороо мэдэгдээд, тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож 2021 онд болж байсан Токиогийн Олимпын үеэр хэт халуунаас зайлсхийхийн тулд марафон гүйлтийн тэмцээнийг хойд зүгт 800 км-ийн зайд орших Саппоро хотод зохион байгуулж байсан боловч тэмцээн болсон өдрүүдэд хоёр хотын агаарын хэм ойролцоо байжээ.
35 км-ийн спорт алхаа болон марафон гүйлтийн тэмцээнийг өглөөний 8 цагт эхлүүлэхээр товлож байсан бөгөөд Токиод амралтын өдрүүдэд 31-34 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь пүрэв гаргийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харагдана. Марафоны үеэр усны 185 цэг ажиллах бөгөөд энэ нь Токиогийн наадмынхаас олон гэсэн үг юм.
Ирэх бямба гаргаас эхлэн есөн өдрийн турш үргэлжлэх ДАШТ-ий үеэр хэт халуунаас урьдчилан сэргийлэхийн тулд цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэлийн талбайн эргэн тойронд тамирчид, зочдод зориулж сэрүүцүүлэх материалаар хийсэн майхан байрлуулна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Тэмцээний үеэр сайн дурын ажилтнууд болон арын албан ажилтнуудын биеийн халууныг хэмжиж, аюултай түвшинд хүрсэн тохиолдолд мэдэгдэл өгдөг бугуйн цагтай төстэй төхөөрөмжөөр хангах бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэргэжилтнүүд эргүүл хийх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0