sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 11 /DW/. Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер лхагва гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноемтэй хамт Антверпен боомт хотод зочлох үеэрээ үндэстэн дамнасан мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг АНУ-д уриалжээ.

Б.Де Вевер Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Карибын тэнгис дэх мансууруулах бодисны наймаатай тэмцэж, Америк даяарх мансууруулах бодисны картелиудыг онилон ажиллаж байгааг сайшаасан байна. 



“Энэ бол бидний хувьд маш сайн мэдээ” гэж Б.Де Вевер хэлээд, мансууруулах бодис наймаалагч гэмт этгээдүүд хил хязгаар гэдгийг мэддэггүй тул Европ, АНУ-ын хооронд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэхийг уриалжээ. “Манай ард түмний аминд хүрч, иргэд төдийгүй улс орныг хордуулж буй үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллагуудын эсрэг” АНУ-ын тал Бельгийн эрх баригчидтай хамтран ажиллана гэдгийг К.Ноем баталсан байна.




Антверпен бол мансууруулах бодисны наймааны томоохон төв


Европын Холбооны /ЕХ/ Мансууруулах бодистой тэмцэх агентлагийн 2025 оны жилийн тайланд дурдсанаар, Антверпен хотоор Европын бусад аль ч хоттой харьцуулахад илүү их хэмжээний мансууруулах бодис дамжин өнгөрдөг байна.

2023 онд тус боомт хотод түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 116 тонн кокаин хураан авч байв. Гэсэн хэдий ч эрх баригчид хяналт шалгалтыг сайжруулснаар 2024 онд хураан авсан кокаины хэмжээ 50 хувиар буурсан байна.




Б.Де Вевер энэ асуудлаар Европын улс орнууд илүү нягт хамтран ажиллах ёстойг онцлоод, зохион байгуулалттай гэмт хэргийн бизнесийн загварыг бут цохихыг АНУ-д уриалж, гэмт хэрэгтнүүд хил хязгаар гэж огт мэддэггүй учраас бид үүнийг хийх ёстой гэж хэлжээ.



ЕХ-ны Мансууруулах бодистой тэмцэх агентлагийн мэдээлснээр, 2023 онд Европт хураан авсан кокаины хэмжээ долоо дахь жилдээ дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, тухайн онд хууль сахиулагчид 419 тонн кокаин хураан авсан байна.

Хураан авсан кокаины хэмжээг улс орноор авч үзвэл, Бельги улс 123 тонноор хамгийн эхэнд бичигдсэн бол Испани 118 тонн, Нидерланд 59 тонноор удаалжээ. Томоохон боомтуудтой эдгээр гурван улсад нийт хураан авсан мансууруулах бодисны 72 хувь нь ногдсон байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг