sonin.mn

Өгүүллийн товч утга: Монгол үндэстний сур харвааны хөгжлийн үндсэн хөшүүргийг өдгөөгийн Урианхай сур харваанд буй онцлох зарим зүйлд тулгуурлан мөшгиж, түүний үүсэл гарлыг судлахад энэхүү өгүүллийн утга оршино.

Түлхүүр үг: Чих, Өтвөөг, Хайда, Кему, Хамба, Хүннү, Манж чин,Урианхай Евроазийн бүс нутагт оршин буй эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн бэрхшээл дунд дасан зохицон аж төрөх жам ёсны шаардлагын дагуу олон төрлийн зэвсэг урласны дотор оньсон зэвсэг нум сумыг бүтээсэн үйл явц нь оюун санааны үсрэнгүй ололт ахуй амьдралд нь гарсан томоохон хувьслуудын нэг байжээ.

 

Үүнийг эрдэмтэд “зэрлэг үеийн нум сум, бүдүүлэг үеийн төмөр илд, соёлжсон үеийн “галт зэвсэгтэй" тэнцэх эрхэм чухал нээлт гэж дүгнэсэн байдаг. Нум сум хийгээд түүний цаашдын хөгжил нь эртний хүмүүсийн ахуйн болон оюун санааны өргөн хэрэглээ болж улмаар түүнийг чадварлаг эзэмшиж сурах, шүтэн дээдлэх нь тухайн үеийн нийгмийн онцгой шаардлагад тулгуурлаж байжээ.

 


Түүхч эрдэмтэн У.Гонгоржав “Монголчуудын эртний харвуул тэмцээн” бүтээлдээ: “Зэв нүүлгэх, Бөмбөг намнах, Саранбай харвах” зэрэг нь эртний монголчуудын ахуйн шаардлагад суурилж үүссэн харваа. Өдгөөгийн сурын харвааны үндсэн хөшүүрэг гэж дүгнэхийн сацуу “Саранбай" харвах /Суранбай/ гэдэг нь бидний үед” Сур харвах” гэсэн ерөнхий утгаар уламжлагдан ирсэн гэж ихээхэн улс суурьтай өгүүлжээ.

 

Өдгөө монголчуудын дотор сур харвааны үндсэн гурван төрөл байх агаад эртний язгуур шинж байдлаа хадгалан үлдсэн нь Урианхай сурын харваа юм. Дотор нь мөсний болон Газрын гэж хоёр ангилан үздэг. Энэхүү өгүүллийн гол зорилго нь дээр дурьдсанчлан Урианхай сур харвааны үүсэлд чиглэгдсэн тул түүний дэг, баримтлах ёсны талаар энд өгүүлэхийг зориогүй болно. Иймд Урианхай сурын харваа хэрхэн үүсэн бий болсон тухай урианхайчуудын дунд эртнээс өвлөгдөн ирсэн нэгэн аман домгийн мэдээг нягтлан үзье.



“Эзэн богд Чингис хаан өөрийн их цэрэгтэйгээ баруун зүгийн их аян дайнаа дуусган өшөөтнөө дарж өргөн цолоо мандуулан, харьтнаа дарж хамгийн цолоо олж, эх нутгийн зүг хүлгийн жолоог залж аялан явах зуураа “Сундаалин” гэх өвс ус тэгш сайхан газар тухлан саатаж, аян замын алжаал юугаан тайлж ялалтын их найр наадам үүсгэн цэнгэхэд Урианхай аймгийнхан их хаан эзэнт төр, эрэлхэг баатруудаа хүндэтгэж “Сундаалангийн ногоо” дууг анх зохион дуулсны дээр төр улс бат хүчирхэг, түмэн олон энх амгалан байхын бэлэгдэж сур харвах наадам тэмцээнииг санаачилжээ.

 

Зэлмэ, Сүбээдэй Урианхайн их ноёд их хаандаа хандан: “Бид өшөөтнөө өшиглөн номхотгов. Харьтнаа хазан номхотгов. Дайн тулаан дарагдав, даяар Монгол түвшин жаргах цаг ирэв. Иймд: Эр цэргийг нум саадгаас салгаж, эр морийг чөдөр аргамжнаас нь салгаж, эрхийн цэц мэргэнийг сорин наадья хэмээхүй дор хаантан болгоон соёрхож, ёсоор болгожээ. Ингээд урианхайчууд агт морьдынхоо ташаанд нуман тамга дарж, бутын өвс идэж булганаж яв.

 


Довын өвс идэж далагнаж яв гэж суллан тавиад, сумынхаа зэвийг авч булцуугаар сольж мориныхоо чөдөр, хом, татлага, /аргамж/, гурвыг бөөрөнхийлөн зангидаж тусгай талбайд жагсаан өрж, харван наадан тэмцэлдсэнээр урианхай сур харваа үүссэн гэдэг.Дээрх домгийн агуулгаас өөр нэгэн домгийг миний бие нутгийн ардууд дундаас тэмдэглэн авсан билээ.

 

Тус домогт: Эрт цагт Урианхайчууд нь ой тайгаас гарч тал нутагт байлдах болсонд эсрэг талын дайсан дов толгодын хойноос гэнэт харван урианхайчуудад ихээхэн хохирол амсуулсанд уур омгоо барьж ядан мориныхоо хэрэгслийг бөөрөнхийлөн хүний толгойгоор төсөөлөн өмнө талд нь дов толгодыг дүрслэн саалт хийж харвах болсноор урианхай сур харваа үүссэн гэдэг.

 

Дашрамд дурдахад, аливаа түүхэн домог нь өвлөгдөн ирсэн ард түмний сэтгэлзүйн дээд түвшинтэй нягт холбоотой байдаг учир бид асуудалд хандахдаа аль болох бодитой байх зарчимд тулгуурлан, дээрх хоёр домгийн харилцан зөрж байгаа мэдээг нягтлан үзэхийн сацуу Урианхай сур харвааны үүслийг нэлээд эртний шинжтэй болов уу гэж таамаглаж байгаа билээ.

 

Дээрх таамаглалыг батлан өгүүлэх, сурвалж нөхөх үүднээс тус харвааны өөрт нь агуулагдаж буй зарим бодит баримтад үндэслэн дараах саналуудыг дэвшүүлэн тавьж байна.Үүнд:

1.Чих - энэ нь Урианхай сур харвааны үндсэн бай. Мөсний сур харваанд нэг, газрын сур харваанд хоёр чихээр харвадаг. Эрт үед гурван чихээр харваж байсан тухай нутгийн ардууд өгүүлдэг ч нэг нь бэлэгдлийн чанартай байсан гэдэг.

Судлаач Х.Дарамбазар “чих” гэдэг нь эртний монгол хэлний нэг гэсэн утгыг илэрхийлнэ гэжээ. Бид дээрх саналыг ерөнхийдөн дэмжиж байгаа юм. Учир нь эртий монгол хэлэнд “Ц” үсэг байгаагүй тул “Ч” үсгээр сэлгэгдэж байжээ. Ингэж үзвэл “чих” гэдэг нь “Цэх” шулуун гэсэн утгыг илэрхийлж, нэг зүйлийг шулуун харвахыг хэлдэг байсан байж болох юм. Өөрөөр хэлбэл, хүний толгойг төсөөлөн цэх шулуун харвах байг ”чих ’’ хэмээжээ. Мөн Монголын түүхийн сурвалж бичиг Эрдэнийн товчид : “Чих мэт эвхэж, чулуу мэт зангидагч” гэх үг хэллэг байгаа нь “цэх шулуун” эвхэх гэсэн утгыг илэрхийлсэн бололтой.

Өтвөөг - энэ нь урианхай сур харвааны зурхай. Зарим судлаачид үзэхдээ мөсөн дээр” өтөг” бууц асгаж хийсэнтэй холбогдон өтөг гэх болсон гэдэг. Бид дээрх “Өтвөөг” гэдэг үгийг Алтайн язгуурын дундын нэр томъёо болов уу гэж үзэж байгаа билээ. Учир нь өдгөөгийн тува болон Казак хэлэнд Өдүмек /өтвөөг/, Өту /өнгfрөх/ буюу Монгол хэлний “өнгөрөх, давуулах” гэсэн утгыг агуулж байгаа нь дээр дурдсан “Чих"-ийг /хүний толгойг/ онохын тул саад тотгор тавьж түүнийг өнгөрүүлж, давуулж харвахыг өтвөөг гэж нэрлэжээ. Энэ нь дээр дурьдсан Урианхай сур харвааны үүслийн тухай домгийн агуулгыг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа хэрэг юм.

 


3.Кему - Урианхайн мөсний сур харвааны хожлыг нарийн бургасанд зураас гарган тэмдэглэдэг уламжлал нь нэлээд эрт үед холбогдох болов уу. Учир нь эртний нүүдэлчид түүний дотор Хүннүчүүд кему буюу мод зурах бичигтэй байсан гэж олонх эрдэмтэд үзсэн байдаг. Дээр дурдсан зүйлүүдийг сайтар нягтлан үзвэл урианхай сур харвааны үүсэл наанадаж Хүннү гүрний үетэй холбогдох бүрэн боломжтой юм.



4.Хайда- Энэ    нь Урианхай сур харвааны онох уухай юм. Энэхүү үг нь Алтайн язгуурын ерөнхий үг бололтой. Тухайлбал : тува болон казак хэлэнд Кайда гэдэг үг “Хаана, хаан байна” гэсэн утгыг илэрхийлж байгаа нь өгүүлэн буй сур харвааны үүслийг дээр дурдсан санааг баримжаалах боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Өтвөөгийн ард нуугдаж буй чихийг харван онох уриа дуудлагын нэгэн нэр томъёо нь Хайдаа байжээ.

 

Чухам хэдий үеэс газрын болон мөсний гэж ангилагдах болсныг одоогоор тайлбарлахад бэрх болов ч дээрх хоёр домгийн агууллагыг санал сэдэл гаргах үүднээс шүүрдэн үзвэл месний сур харвааны үүслийг Хүннү гүрний үетэй, Газрын сур харвааг түүнд тулгуурлан ихээхэн дэг ёсыг еөртөө агуулж XIII зууны үед бүрэн төлөвшсөн байх боломжтой.

 

Өгүүлэн буй үетэй холбох гол нөхцөл нь тухайн үеийн харвуул тэмцээний түүхийг хөдөлшгүйгээр илэрхийлэх бодит баримт бол “Чингисийн чулууны бичиг” билээ. Хэдийгээр мөн чанарын хувьд харилцан зөрүүтэй мэдээ хэдийч он цагийн орчин нь болсон үйл явдлыг цохон зааж байна. Нүүдэлчдийн язгуур сурын харваа Урианхайтай холбогдох болсон нь түүхийн нэгэн мөчлөг үетэй шууд холбоотой бололтой.

 

Учир нь Манж Чин улс монголчуудыг бүрэн эрхшээлдээ оруулж авсны дараа тэдний эртний “Нум сум агсагчдын улс” гэх нэр томъёог бүрэн үгүй хийхийн тулд нум сумны соёлыг зөөлөн аргаар монголчуудын эв санааны амин сүнс шашны мөн чанарт тусгуулсан бололтой. Тухайлбал, Бурхан багшийн сургаалд “Хөвчилсөн нумыг хоёр хуруугаар дээш тэгш өргөөд амандаа тарни уншин нумын өчүүхэн хөдлөлтөөр сайн мууг мэдмуй” гэжээ.

 

Дээрх өгүүлсэн зүйлийг бат нут нотлох нэгэн бодит баримт Урианхай сурын харваанд өдгөөг хүртэл байгаа “Хамба” суулгах ёс гэдэг нэгэн төрлийн зан үйл байх агаад, гол үзэл санаа нь нум сумаа сайн харваж чадахгүй, чихээ авч чадахгүй бол “Хамба “болоод сүмд суу гэсэн утгыг илэрхийлдэг аж. Мөн үйлдвэрлэх хүчин хөгжиж галт зэвсэг бий болсноор нум сум нь бүх нийтийн хэрэгцээ байх нь хязгаарлагдаж зөвхөн Алтайн урианхайчуудын дунд ахуйн хэрэглээний зарчмаар нум сум түүнд агуулагдах соёлын тусгалууд хадгалагдан үлджээ.

 

Энэ тухай түүхч На.Сүхбаатар өгүүлэхдээ: Манж Чин улс Ойрадуудыг эзлэн авсны дараагаар нум сумыг хурааж, зөвхөн Алтайн урианхайчуудыг нум сумтай үлдээсэн байдаг нь үслэгийн албатай холбоотой. Одоо зөвхөн Урианхайд сурын харваа, нум сум гэх ойлголт үлдсэн гэжээ. Үүнийг гэрчлэх нэгэн мэдээ нутгийн ардуудын дунд амаар дамжин бидний үед ирсэн байна.


Манж  Чин улсын үед Урианхайчууд эрэгтэй хүүхэд төрхөд төрсөн тэр газарт “нум сум булдаг ёс” байжээ. Энэ нь ирээдүйдээ эзэн урианхай хүмүүн гэсэн итгэл үнэмшлийг агуулдаг байсан аж. Манж Чин улсаас Алтайн урианхайчуудыг нум сумны соёлтой үлдээсэн үйл явц нь тэдний ан гөрөө эрхэлж ирсэн эртний уламжлалт байдалтай холбоотой бололтой.

 

Энэ тухай Хятад сурвалжид: Манж Чин улс Зүүн гарын Цэвээнравдан хаанд хил тогтоохоор Найралт төрийн гуравдугаар он буюу 1725 оны гуравдугаар сард илгээсэн нэгэн захидалд: “Урианхай ард та нар гөрөөчлөхөд итгэн амьдрамуй” гэжээ. Үүнээс үзвэл, Манж чин улс Урианхайчуудыг үслэг ангийн алба бариулж байхын тулд нум сумтай үлдээж түүнд агуулагдах соёлын тусгалуудыг өвлөн уламжлах боломжуудыг нээж өгчээ.

 

Ингэснээр нүүдэлчдийн язгуур сур харвааны голомтыг бадрааж, түүнд тулгуурлан Халх болон Буриад гэсэн отгон сурын харваа бий болох түүхэн нөхцлийг бүрдүүлжээ. Дээрх хоёр харваа нь чухам хэдий үеэс тус бүр салбарлан гарсан нь тодорхой бус хэдий ч бидний үзлээр Бадаргуулт төрийн хоёр дугаар он буюу 1852 онд сурын харвааны дүрэмд өөрчлөлт орсонтой холбоотой байх бүрэн боломжтой байгаа юм.

 

Дээрх зүйлийг хураангуйлан товчхон дүгнэхэд: Нүүдэлчдийн ахуйн шаардлагад тулгуурлан үүссэн боловсронгуй харвуулт тэмцээн нь Урианхай сурын харваа юм хөгжлийнхөө явцад эдийн болон оюун санааны өндөр соёлыг өөртөө агуулж, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой угсаатны бүлгийн дунд өвлөгдөн үлджээ.


ШУА-харъяа Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр
 

Эх сурвалж: “Үндэсний Мэдээ”