Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд
Дурсамж
Бадамдоригийн Түвдэндорж аваргыг манай Бургалтайхан Сэлэнгэ, Баруунбүрэн сум| сайн таньдаг байлаа. Түшээтхан аймгийн Ахай гүний хошуу бол түүний төрсөн нутаг бөгөөд тус хошуу Сэлэнгэ мөрний баруун гарын хамгийн адгийн хошуу гэж түүхэнд оржээ. Адгийн гэдэг нь эцсийн, захын гэх утга агуулж буй аж. Тэр үед Сэлэнгэ, Булган аймаг ч, Баруунбүрэн, Сэлэнгэбүрэн сум ч үүсээгүй байсан цаг.
1938 онд бий болсон Булган аймгийн Сэлэнгэбүрэн сум |Өнөөгийн Хангал сум|, манай Баруунбүрэнтэй залгаа, Бүрэнгийн нурууны ар, өвөрт Сэлэнгэ мөрний хоёр эрэгт оршдог байсан тул түүний эцэг Бадамдориг, эх Сэрээнэн нарыг ч манай Бургалтайн хуучны хөгшчүүл сайн мэддэг байсан юм. Баруунбүрэн, Сэлэнгэбүрэн хоёр, нэг Булганы харъяанд, нэг Сэлэнгийн харъяанд байсан тул бид нийлэхэд нь нэг аймаг болж, салахад нь өөр аймгийнх болж байсан ч сайн танилууд бол хэвээрээ, аймаг сум салж, нийлэх нь жирийн олонд бараг мэдрэгддэггүй шахам байлаа.
Түвдэндорж хэзээний л манай нутгийнхан Дайпын Санзай, бошиг Цэрэндорж, ногоон Сэрээнэн, Га Дагвадорж болон манайхнаар ирсээр бид гэмгүй сайн танилцсан билээ. Тэр үед Баруунбүрэн |Бургалтай| Булганы харъяанд байсан тул бид нэг аймгийн зэргэлдээ сумынхан байлаа. Тэрээр анх удаа арвантавтайдаа нутагтаа овооны наадамд барилдаж нэртэй сайн бөхчүүдийг давж түрүүлсэн нь бөх болох цаашдын замд урам зориг нэмсэн нь дамжиггүй. Цэл залуухан Түвдэндорж хотод цэрэгт явахын өмнө Сэлэнгэбүрэнгийн бирваазад |Перевоз буюу шилжүүлэн зөөх гэсэн утга бүхий орос үг монголжоод бирвааз болоод явж буй хэрэг| ачигч хийдэг, олны дундаас нэг л онцгой содон харагддаг, ер нь л эр хүнд байх ёстой бүхнийг бие, сэтгэлдээ шингээсэн цогтой, нүнжигтэй сайхан эр байлаа.
Хааяа Бургалтайгаар миний нөхөр шатан хөлт хэмээх Найдансүрэн, нутгийн олон ногоон Сэрээнэн, Дайпын Санзай гуай нарынхаар ирэхдээ адуу малын наймаа хийдэг, хааяа бас тэд нийлээд даалуу тоглодог байсан юм. Надаас нэг дүү, луу жилтэй л байсан юм уу даа. |Тэр үеийн Сэлэнгэбүрэн сумын бөх Сэрээгийн Гүржав заан, Түвдэндорж аварга нарын 100 насны ой 2016 онд тохиож буйгаас үзэхэд Түвдэндорж луу жилтэй гэдэг нь зөв болж буй юм. Н.Б|
Түвдэндорж анх цэрэгт татагдан Улаанбаатарт очсоныхоо дараа 1939 онд Ардын хувьсгалын 18 жилийн ойгоор хорин гурван настай цэрэг улсын наадамд барилдан олны танил болсон гэдэг юм билээ.
Долоогийн даваанд Сэлэнгэ мөрний эрэгт Сэлэнгэбүрэн сумтай зэргэлдээ орших Цагааннуур сумын харъяат боохой хэмээх Д. Данзан арслан улсын цолгүй залуу цэрэг доороос гарч ирсэнийг амлан авч тунаанаас гарган, дөрөвт үлдээсэн аж. Нас ахиж явсан Данзан арслан тэр үед Түвдэндоржийг танихаар барахгүй наадамд дагуулж ирсэн байх.
Түвдэндоржийг наймын даваанд амалсангүй Архангайн Төрбат арслантай тунан үлдэж барилдаад давж, үзүүрт Завханы урт гарт хэмээх Лхагватай барилдан түрүүлж байжээ. Цолгүй цэрэг Түвдэндорж шууд улсын арслан болсон нь урд өмнө иймийг үзээгүй тэр үеийнхныг харин ч нэг оволзуулсан, нэг хэсэгтээ л түүний тухай хот, хөдөөгүй шагшин магтацгааж байлаа.
Тэр жилдээ билүү, Даш гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байх. Даш тэр үед ид залуу, их царайлаг сайхан бүсгүй байсан, дараа жилийнх нь улсын наадмаар Түвдэндорж аварга болж тэр хоёрыг ижил зүсмийн морьдтой үнэхээр сайхан хос цуг явж байхыг холоос нэг удаа харсанаа санаж байна. Мөн ч гоё хүмүүс байсан юмдаг. Тэр үед Түвдэндорж маань шинэхэн аварга болчихсон нэр алдар нь мандаж хаа, явсан газар нь хүмүүс шавж байсан үе болохоор бидэнд уулзалдах боломж байсангүй.
Түвдэндорж холоос харахад их сүртэй өндөр том боловч ойртоод очиход тийм ч их өндөр бус, ярихад хөгжилтэй, бяр чадалтай, улсын том бөх хүн гэхэд их энгийн, элдэв дээдийн зангүй, хүнтэй амархан танилцаж нөхөрлөдөг, ёс жудагтай, их итгэмтгий бас гэнэндүү эр хүн байсан. Нэг удаа тоглоомын мөрийд авсан мал нь буруу замынх байж таараад ял авсан ч удаагүй 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн өмнөхөн маршал Чойбалсангийн өршөөлөөр гарч улсын наадамд ирж барилдаад Цагаан-Үүрийн |Хөвсгөлийн| Цэвээнравдан аварга болж Түвдэндорж үзүүрлэсэн юмдаг.
Түүнээс хойш Түвдэндорж хотыг хүн болж түүнтэй бид уулзалдсангүй, лавтай гурав дөрөв түрүүлсэн байх. Тэрээр монгол бөхийн төлөө өөрийн хүч чадал, олон жилийн хичээл зүтгэлээрээ алдар нэрээ эргүүлэн олж ард олондоо хүндлэгдэн, БНМАУ-ын үндэсний бөхийн ууган гавъяат мастер болж монгол бөхийн шавхагдашгүй их өв, ёс жудгийг өсвөр үедээ зааж сургаснаар үндэсний бөхийн уламжлалыг залуу хойч үедээ өртөөлөн залгуулсан сурган хүмүүжүүлэгч байлаа. Дархан аварга Түвдэндорж амьдралынхаа сүүлчийн хорь шахам |1958-1986 Н.Б| жилийг үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байв.
Түвдэндорж бол малчин бидний хувьд улсын том цолтой ч, цолгүй ч жинхэнэ хөдөөгийн ахуй амьдрал дундаас өөрийн хүч чадлаар цойлон гарсан монгол эр, уран сайхан бие бялдарыг гайхуулахаар цэвэрхэн төрсөн хүчтэн байлаа. Нэгэн үед идэр залуу явсан Түвдэндорж миний нөхрийг сайн танидаг, манайхаар ирдэг байсан тул манай гэр бүл улсын дархан аваргатай бус, хөдөөгийн залуу Түвдэндоржтой сайхан танилцаж үерхэж явах хувь заяа тохиосон билээ.
Түвдэндоржийнх олон хүүхэдтэй сайхан айл болсон лав л миний мэдэх хоёр хүүтэй, охинтой байсан юмдаг. Том хүү нь Дагвачимэд, бага нь Нацагдорж, охин нь Отгончулуун гэдэг байсан шиг санагдаж байна. Том хүү Дагвачимэд нь элдэв хэрэгт төвөгт орж, хэл ам таталж эцэг, эхийгээ зовоосоор далаад оны эцсээр Зүүнхараад хүмүүжиж байсныг нутгийнхан нь мэддэг юм билээ. Аварга Зүүнхараад байсхийгээд л очиж хүүгээ эргэдэг байсан гэж тэндхийнхэн ярьдаг юм. Бага хүү Нацагдорж нь Баянхошуунд амьдарч байсан гэж ярьдаг. Энэ сайхан хүн “үхтэл үр харам” гэж орон шоронд орж, ажил амьдрал нь тааруу байсан хүүгээ гэсээр яваад л наяад оны дундуур |1986 .НБ| хорвоог орхисон гэж сонссон доо.
Түвдэндоржийн төрсөн ганц дүү Бадамдоригийн Цэрэндорж нутаг орондоо мөн гайгүй сайн барилддаг хүн байлаа. Барилдаж байгаад бэртэл авч гараа гэмтээсэн тул дахин барилдаагүй юм гэнэ лээ. Цэрэндорж бол их нөхөрсөг, хэн хүнгүй тусч, хаа л бол хаа явж байдаг хүн байсан. Ивэнд |Сэлэнгэ Баруунбүрэн| Рэнцэнгийн Сосорын охин Цэндтэй гэрлэн амьдарч байсан тухай үүнийг бичигч миний бие, миний аав Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Лувсанцэрэнгийн Найдансүрэн, ээж Бадамын Жамсранжав нар амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байсныг дурсан өгүүлж буй нь энэ юм.
Дашрамд их аваргын төрсөн дүү Цэрэндоржийн охин Оюунчимэг тавь шахсан хойноо тохиолдлоор хүндийг өргөж байгаад энэ спортын шигшээ багийн тамирчин болж өөрийн нас, жингийн ангилалдаа Азийн аварга, Дэлхийн хошой аварга улмаар 2016 онд Германд болсон мастеруудын дэлхийн аваргын мөнгөн медаль авсан тухайгаа ТВ-д ярилцлага өгч байлаа. Удам дагасан хүч чадалтай энэ гайхамшигт бүсгүй Улаанбаатарт гэр бүлийн хамт амьдарч байна. Түвдэндорж аваргын нэр хүнд, барилдаж явсан үүх түүх, түүний амжилт нь бөхд дуртай монгол түмний өмч болсон тул энэ тухай миний нуршин өгүүлэх нь илүүц буйзаа.
Түүний охин Т.Отгончулууны нэгэнтээ хэлснээр төрийнхөө наадамд долоон удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн Түвдэндорж аваргын үндэсний бөхд гаргасан болон түүний шавь нарынх нь чөлөөт бөх, самбо бөхөөр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн, түмэн олон их аваргаараа бахархаж, төрж өссөн орон нутагт нь хөшөө дурсгалыг босгон, нэр алдрыг нь мандуулж,100 насных нь ойг улс даяар тэмдэглэж буй энэ сайн үйл явдлыг тохиолдуулан хүчит бөхчүүд маань барилдаж бөхд дуртай монголчуудын баяр болж байна.
Сайн хүн үйлсээрээ, сайхан цэцэг өнгөөрөө... гэж монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн түүний араас жирийн малчин миний аав ээжийн тэртээ дээр өгүүлснийг Их аваргынхаа мэндэлсний зуун жилийнх нь ойгоор уншигч Танаа дурсамж болгон хүргэж буй нь энэ юм шүү.
Найдансүрэнгийн Бадарч
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Их аваргын тухай сайхан дурсамж бичсэн таньд баярлалаа.
Түвдэндорж аврагын барааг галзуу давгадорж хараач үгүй дээ арай л худлаа бичиж дээ
Би нэг ийм хууч сонссон юм.Их аваргыг Цэвээнравдан аваргад унаж үзүүрлэсний дараа Маршал дуудаж,-Чи унаж өглөө гэж зэмлэсэнд,-Маршал минь,намайг хэцүү нэртэд сууж байхад энэ олон бөхчүүдээс энэ хүн л миний ар гэрт дэм болж байсан юм.Би өөр юугаар хариу барих вэ билээ дээ гэсэн гэнэ.Маршал,-Чиний зөв гэж хэлсэн юм гэнэ билээ.Тэр Наадмаас бараг л хоёр гуравхан хоногийн өмнө аварга суллагджээ."Хужаа" Чүлтэмсүрэн арслан тэргүүтэй хэсэг бөхчүүд Цэвээнравдан аваргынд буусанд нэг том хүн толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд унтаж байж."Хужаа" арслан,-Энэ чинь хэн бэ гэж асуусан чинь,-Түвдэн гэж хариулж.Хужаа арслан Түвдэн аварга руу толгой дохиод Цэвээнравдан аваргаас,-Чи барах уу гэсэн чинь,Цэвээнравдан аварга,-Амжихгүй гэж хариулсан байдаг.Наадмын үзүүр түрүү хоёр бөх зэрэгцээд сууж байж.Тэгсэн чинь түрүү бөхийн бай нь калибр буутайгаараа ялгарч байж.Тэр үед Даншигт түрүүлсэн бөхөд нум сум өгдөг байсан хуучин уламжлалыг дагаж түрүү бөхөд буу өгдөг байсан байна.Тэгтэл Түвдэн аварга,-За энэ ч минийх ээ гээд калибрыг авсанд Цэвээнравдан аварга юу ч хэлээгүй гэдэг юм.Цэвээнравдан аваргын хүн чанартай үйлдэлд түрүүгээр хариу барьсан нь үнэн байх.
Харин хэцуу нэртэд орохдоо монгол дахь хятадуудын дунд их дэлгэрсэн " буу " гэдэг мерийтэй тоглоом тоголсноос болж орсон гэж ярьдаг, унэн худлыг нь мэдэхгуй, 20 000 - ын бууг монголд хоерхон хун дарсны нэг нь Тувдэн аварга, негеедех нь нэг хятад байсан гэдэг, хэрэв унэн бол мерийтэй тоглоомчид баяждаггуй гэж унэн болох нь, тэр уеийн 20 000 тегрег гэдэг чинь одоогийн бараг 200 сая биз, настай болсон байх уеий нь мэднэ, даржин л айл байсан
Хамаг хураасан хоронгийгнь том хуунь гэж дебиль хогийн архичин мангар Дагваа гээд найгуй амьтан хулгайлж уугаад дууссан байх.Монхийн согтуу галзуу явсан газар болгондо зодоон нудээн хийсэн ямарч энгийн ярианы соелгуй сайн эцгийнхээ нэрийг гутаасан шорон оронгоос салдаггуй тур шоронгоос суллагдвал хотын хэдэн ресторануудаас салахгуй ,монго байхгуй мортоо согтуугаар ширээ хэсэж хундага архи стакан пиво эцгийнхээ нэрээр холгодог за тэгээд зовшоороогуй нэгэнтэйнь зодолдож байж салдаг жонхуу шиг естой нэг эргэн тойрох орчингоо залхаасан дебиль байсандаа.
Goe
үнэхээр гоё дурсамж байна даа. Их аваргын иймэрхүү түүний жирийн амьдралын тухай олны дунд ил болоогүй үлдсэн хууч яриа их сонин, энэ чинь түүх шүү дээ
Tuvdendorj avarga hetsuu nerted bhad uls huvisgaliin 30 jil boloh geed sots sistemiin tom darga irj neg tom darga ni tanai nuguu mundag buh barildana biz dee gej asuuj l dee.Tegsen manai tom darga nar sandraad barildana gej heleed Tuvdendorj avargiig shorongoos naadmiin urd udur yamar ch zarliggui sullaad yavuulsan gedeg um.Tegeed suuld ni ch sullasan gesen zarlig garaagui ter chig tee sullagdsan gedeg gej unshij baisan um bn
Боохой Данзан арслан тавь гарсан хойноо нэг удаа тэргэний морио алдаад голоос мөс авчрахаар өөрөө морин тэргээ чирээд гарчээ. Гол дээр очоод тэргэндээ мөсөө ачаад дуусч байтал хоёр залуу ирж гэнэ. Арслан ч олзуурхаж ашгүй залуус ирлээ энийг түрэлцээд эрэг гаргаад өгөөрөй гэсэнд нөгөөх хоёр туслахаар болж арслан өөрөө урд орж нөгөөх хоёр араас нь түрэх бус |түүний хир бяртайг сонжихоор| чаргуулдаад байж гэнэ Тэгтэл арслан дүүрэн мөстөй тэргээ тэр хоёртой хамт эрэг өөд чирч гаргачихаад за боллоо эрхбиш амьсгаатай юмнууд гэсэндээ тустай байна шүү гэсэн гэдэг
Бөхчүүд бол олон ардын сэтгэлийн хүндлэлийг хүлээж явдаг хүмүүс болохоор хазгай гишгэхгүй байж зөв үг,зөв үйлдэлтэй байх нь эрхэм чухал.Бөх хүн эхнэр солиод,элдэв му үйлд холбогдоод явбал хийморь нь гутаж амжилт нь буурдаг.Түвдэндорж аваргын үед бөхчүүд одоогийнх шиг олигархууд байгаагүй болохоор олон хүүхдээ тэжээх гэж тэгээд ч багаасаа сурчихсан дуртай зүйл нь болсон болохоор мөрийтэй тоглож байсан биз.Харин өнөө цагийн баян тарган Г.өсөхбаяр мэт нь мөрийтэй тоглоод явдаг бол жигшмээр үйлдэл.Тэр муу үйлийнхээ үрээр зүгээр л чадлаараа барилдаад нэмж хэд хэд түрүүлээд нүүр бардам дархан аварга болчих хүн аз хийморио гутаасан.Тэгээд гончигдоржийн санаачилсан завхай хуулиар дархан аварга болсон болсон.Ийм хор урхагтай зүйл.Бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аварга шиг ам бөхтэй,зөв үйлдэлтэй,хазгай гишгэхгүй явбал хүрэх амжилтандаа хүрэхдээ л хүрнэ.
Боохой Данзан арслан ид барилдаж байх үедээ 2м шахам өндөр 120 гаруй кг жинтэй цээжний бяр ихтэй хүн байжээ.Түүний гол мэх нь голлож дайраад түлхчихдэг байждээ.Нэгэн залуу аймгийн арслан нутагтаа түрүүлчихээд улсын наадамд ирж гэнэ.Дөрөв давчихаад энэ наадмын хамгийн настай бөх Данзан арслан гэж мэдээд тэр хавиар арсланг олж хараад :Та намайг амлачих би начин болмоор бна гэж гэнэ.Арслан ч дуугарсангүй ч тавын даваанд нөгөөхийг амласан гэдэг Нөгөө бөхийг гарахад нь За чи арслангийн түлхээнд орвол дууслаа гэсэн үг шүү түнийг нь мэдээрэй гэж түүнд захиж гэнэ.Нөгөөх нь: Хээцгий хөгшин өвгөний түлхээнд унавал зодог шуудаг бүслэж яваад яах юм... гээд гарсан гэдэг. Данзан арслан түүнийг голлож дайрч ганцхан түлхчихээд дэвээд явчихсан гэдэг. Бөхийн сургамж гэж энэ.Сүүлд Данзан арслан 57 насандаа 31 жилийн ойгоор ирж барилдаад тавь давж байжээ
Сайхан түүх байна. Их хүнлэг сайн хүн байсан гэж яригддаг. Баярлалаа.
Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит бөхийн барилдааныг ТВ-ээр үзлээ. айхан болсоон.Түүний арван хүүхдээс тав нь үр хүүхдүүдийнхээ хамт ирж оролцсон. Манай телевизийнхэн нь л хүүхдүүдийнх нь нэр усыг нь ч хэлсэнгүй, ядаж ганцаас нь ч эцгийнх нь тухай сэтгэгдлийг сонссонгүй дарга нарыг тойрч гүйсээр байлаа. Уул нь эцгийг хүндэлж дурсаж буй энэ үйл ажиллагаанд ядаж нэг хүүхэд нь ч гэсэн сэтгэгдлээ хэлсэн бол зүйд нийцэх байж дээ