sonin.mn

 


"Нутгаа дуурсгана" барилдаанаас хамгийн олон даваа авсан Увс аймгийн Тэс сумын харъяат аймгиин заан Төрөөгийн Баасанхүүтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танд бөх сонирхогчдынхоо өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлье.


-За баярлалаа.

-Энэ жилийн хувьд бөх сонирхогчид таны барилдааныг онцолж, ур чадвар нь их өсч байна гээд өндрөөр үнэлж байна. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Миний хувьд нутгийнхаа бөхчүүдтэй байнгын бэлтгэл сургуулиа базааж байгаа. Өөрөөсөө илт давуу хүмүүстэй бэлтгэл хийж байгаа нь миний барилдааны ур чадварт сайнаар нөлөөлж байгаа гэж бодож байна. Өөрийнхөө хэмжээнд сайхан    барилдаан үзүүлэхийг хичээгээд барилдаж байна даа.

-Өнөөдөр “Нутгаа дуурсгана” барилдаан өндөрлөж дүнгээ гаргалаа. Та хувийн амжилтаар тэргүүлж хамгийн олон даваа авсан бөхөөр тодорлоо?

-Тэглээ. Нутгаа дуурсгана барилдаанд анх удаагаа барилдлаа. Нийтдээ 54 барилдсанаас 47 давсан амжилтаар бусдыгаа тэргүүллээ. Долоон бөхөд өвдөг шороодлоо. Гэхдээ хувийн амжилтаар тэргүүлсэндээ баяртай байна аа.

-Та өөрөө жижгэвтэр биетэй бөхчүүдийн нэг. Өөрөөсөө илүү, чацаар өндөр хүмүүстэй сайн барилдаж байгаагийн нууц нь юу бол... Үүнийг хүмүүс их сонирхож байна л даа?

-Нууц гэх зүйлгүй л дээ. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд сайхан барилдахыг л хичээж байгаа. Өөрөөсөө илт давуу өрсөлдөгчтэй таарах бүртээ өөрийнхөөрөө зоримог, шийдэмгий байж, санасан бодсоноо түргэн шуурхай хийгээд л барилдахыг бодсон.

-Нэг ахмад бөх таныг ажиглаад дөрвөн мөчөөрөө зэрэг ажиллаж байна гэж байсан. Таны энэ тэсрэлттэй барилдааны нууц энэ байж болох уу?

-Тийм байж магадгүй ээ. Илт давуу өрсөлдөгчтэй таарсан үед явж барилдахыг хичээлгүй яахав. Над шиг жижигхэн хүн Ганбаатар гарьдтай барилдлаа гэхэд зогсож байгаад барьц сонгуулаад уналтай нь биш. Өөрийнхөө санасан мэхийг хийгээд унахад харамсах зүйлгүй шүү дээ. Тэгж бодоод л сайхан барилдсан даа.

- Таныг барилдахаар гарч ирэхэд үзэгчид шуугиад л, алга ташаад л их сайхан хүлээж авдаг. Энэ нь танд    ямархуу сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Мэдээж үзэгчдийн тэр халуун дулаан дэмжлэгийг мэдрэх сайхан байлгүй яахав. үзэгчдийг бага ч болсон баярлуулахаар сайхан барилдаж чадсандаа баяртай байдаг. Их ч урам ордог. Миний барилдаан хүмүүст таалагдаж байгаа юм байна, үүнээс илүү сайхан барилдааныг үзүүлэх юмсан, дайчин, шуурхай барилдах юмсан гээд улам л хичээж барилддаг.

-Танай баг хамгийн эхний өдөр бар жилийн тэргүүн дэвжээг ялснаар гараагаа сайхан эхэлсэн. Барилдааны туршид хамгийн хүчтэй баг Сэлэнгэ танайх хоёр л байсан. Гэтэл өчигдөр танайх Өвөрхангайд ялагдсанаар байдал өөрөөр эргээд явчихлаа, тийм ээ?

-Харин тийм ээ. Манайхан урьд өдрүүдэд үнэхээр сайхан барилдаж байсан. Өнөөдрийн хувьд манай багийн бөхчүүдээс 2-3 нь хувийн ажлаар гадагшаа дотогшоо явсан учир бүрэлдэхүүний хувьд суларсан тал бий. Энэ нь багийн амжилтанд муугаар нөлөөлчих шиг боллоо.

-Та Өвөрхангайн бөхчүүдэд хэд уначихав аа?

-Зургаа барилдсанаас гурав унаж, гурав давлаа. Аймгийн арслан Д.Болдбаатар, Б.Батдорж, а.н Т.Ядамсүрэн нарт уналаа.

-Нутгаа дуурсгана барилдаан маань хоёр сар үргэлжиллээ. Энэ хугацаанд анзаарч байхад хамгийн олон дэмжигчтэй нь танай аймаг байлаа?

-Өө, тэгэлгүй яахав. Манай аймаг чинь ардын цэнгэл наадмын 13 түрүүг авсан бөхийн өлгий нутаг. Сайхан аварга, арслангаар магнайлуулсан алдарт бөхчүүдтэй. Энэ олон алдартнуудын залгамж халаа болсон залуучууд ч олноор гарч ирж байгаа. Нутгийн зон олон минь ч ирээд сэтгэлээрээ дэмжээд, үзээд сууж байгаа нь бидэнд их урам зориг нэмдэг. Тэр урам зоригийн хүчээр дэвжээнийхэн маань ч сайхан барилдаж байна.

-Одоо тун удахгүй бүх цэргийн наадам болох н ь. Энэ бол аймгийн цолтой болон залуу бөхчүүдэд наадмын өмнөх том боломж байдаг. Таны хувьд цэргийн наадамдаа барилдах уу?

-Чадах чинээгээрээ сайхан барилдахыг хүсч байна. Бүх цэргийн наадам бол улсын наадмын өмнөх болж, цол олгодгоороо давуу талтай. Мэдээж энэ нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд цол авах, цолоо батлах, ахиулах боломж гардаг. Тийм болохоор сайн барилдахыг л хүсч байна.

-Ноднин    жил Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүрэлсэн байх аа?

-Харин тийм ээ. Сүхбаатар аймгийн баяр наадамд очоод ахиад цолоо батлаад ирсэн дээ. Тэгэхэд бороо ихтэй байсан. Батгэрэл эхэлж хутгаад, тэндээсээ цавчиж мордоод намайг даваад сайхан
арслан болсон. Миний хувьд хоёр дахиа үзүүрлэсэн нь тэр.

-Өөр хаана, хаана барилдав, өнгөрсөн зун?

-Сүхбаатарт барилдчихаад дараа нь улсынхаа баяр наадамд зодоглож, гурав даваад дөрвийн даваанд у.з Ч.Батзоригт өвдөг шороодсон. Наадмын дараа аймгийнхаа ойд очиж барилдаад тавын даваанд а.а Бүрэнтөгсөд унасан. Намар нь бүх цэргийн наадмаар бас тавын даваанд а.х.а Ч.Батчулуунд унасан. 2011 онд ийм л амжилттай барилдлаа.

-Наурызын барилдаанд түрүүлсэн билүү?

-Тэгсээн.    Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд анх удаа түрүүлсэн минь энэ.

-Бэлтгэлээ яаж хийдэг, хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?

-Хүчний бэлтгэл нэг их хийдэггүй шүү дээ. Нутгийнхантайгаа долоо хоногийн гурван өдөр нь үндэсний бөхийн бэлтгэл хийгээд, үлдсэн өдрүүдэд самбо, жүдогоор дэвжээний бэлтгэл хийдэг. Иймэрхүү л байдлаар бэлтгэлээ хангадаг даа.
 
-Аймгийн наадамд ахтайгаа үлдэж, үзүүр түрүү булаалдсан ховор тохиол таных. Тэр барилдааны талаар дурсвал?

 
-Аймгийн наадамд ах дүү хоёр түрүү булаалдсан нь бас л ховор тохиолуудын нэг байх л даа. Тэгэхэд ах минь түрүүлж, аймгийн арслан болоод би үзүүрлэж, аймгийн заан цолоо авч байлаа. Ах минь тэгэхэд аймгийн заан байсан. Бас өнгөрсөн жил улсын наадамд гурав даваад дөрвийн даваанд у.г Ж.Бат-Эрдэнэд унасан.

-Танд барилдаан заадаг багш гэвэл?

-Өө, зөндөө олон хүн бий. У.а О.Балжинням, у.з Д.Бумбаяр, а.а Л.Жамсран багш гээд л.. . Бас нутгийн минь олон сайхан бөхчүүд байна. Хүмүүсийн хэлснийг анхааралтай сонсож, зөв, хэрэгтэйг нь өөртөө тусгаж аваад чадах хэрээрээ л барилдаж байна даа.

-Анх хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-2006 оноос барилдаж эхэлсэн.

-Энэ зургаан жилийн барилдаануудаас хамгийн их сэтгэлд чинь хүрсэн дурсамжтай, сонирхолтой барилдан гэвэл?

-2011 онд Эрдэнэт хотод болсон Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд олон сайхан заан цолтой бөхчүүдийн даван түрүүлсэндээ, их баярлаж, бэлгэшээж явдаг юм.

-Тэгвэл хамгийн ихээр сэтгэл гонсгор үлдсэн барилдаан?

-Бүх цэргийн наадмаар Батчулуун арсланд уначихаад нилээн харамссан. Уг нь дээшээ зүтгэж барилдъя гэсэн зорилготой байсан болохоор. Гэхдээ энэ жил бэлтгэл сургуулиа сайн хийгээд сайхан барилдахын төлөө үзнэ ээ.

-Таны харж үлгэр дууриал авдаг бөхчүүд гэвэл хэн, хэн байна вэ?

-А.Сүхбат аварга маань монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан бөх. Тэр хүний барилдааныг шүтэж бишрэхгүй байх аргагүй. Би бага хүүхэд байхдаа л Сүхбат аваргын барилдааныг үнэхээр биширдэг байсан. Зодог тайлахад нь харамсаад уйлж байлаа. Одооны бөхчүүдээс Содномдорж харцагын барилдааныг харах дуртай.

-Танд барилдахад эвгүй, барилдаан таардаггүй бөх байдаг уу?

-Ер нь бүх л бөх эвгүй дээ. Дэвжээнд гарсан л бол амар ойчих хүн гэж байхгүй. Бүгд л бэлтгэл сургуулиа сайн хийж байна. Ганцхан би бусдаас онцгой бэлтгэл хийгээд байгаа юм биш шүү дээ. Тиймээс бөх болгон л давахын төлөө барилддаг болохоор учраа болгон л эвгүй дээ.

-Энэ дашрамд хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?

-За баярлалаа. Надад үргэлж тусалж дэмждэг Өлзийсайхан, Үнэнбат ах нартаа, нутгийн зон олондоо, Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаний хамт олондоо, Увс нуур дэвжээнийхэндээ, багш дасгалжуулагч нартаа бүгдэд нь маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

Ч.Доржбат.
 
Эх сурвалж: "Бөх сонин"