Эко Мото Спорт Аялалын клубын удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярсүхтэй ярилцсаныг хүргэе.
-Тээврийн салбарын сонины хувьд "Эко Мото Спорт клуб"-ын үйл ажиллагаа сонирхолтой санагдлаа. Анх ийм клуб нээх санаа хэрхэн төрөв? Танай клуб хэдэн гишүүнтэй вэ?
-"Эко мото спорт аялалын клуб" одоогоор 68 гишүүнтэй. Судалгаа хийж үзэхэд мотоиикль авчихаад граждаа тавьчихсан хэзээ хаана унахаа мэдэхгүй залуучууд их. Тэднийг нэгтгээд нэг баг болгоод клуб байгуулъя гэсэн санаа төрсөн. Тэгээд зар тавиад, тэдгээр залуусыг цуглуулаад авч явж болмоор санагдлаа.
Тэгэхээр нь гадна дотны сайтаар орж үзлээ. Гадаадад ч гэсэн ийм клубууд олон байдаг юм байна лээ. Тэдний нэг жишгээс санаа аваад клуб байгуулъя гэж шийдсэн. Ингэж клубээ анх байгуулсан. Бүгд залуус учраас нэгдээд явахаар ямар гоё байдгийг ойлгох шиг болсон.
Манайхны унадаг мотоцикль зөвхөн хотод унадаг мотоцикль биш. Уралдааны, хар замын, бартаат замын мотоцклиуд байгаа. Манай клуб эко гэдэг утгаараа Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, зугаалдаг. Аялж байх явцад хөдөө орон нутагт байгаль, гол ус хэр бохирдож байна, аялагсад хэр зүй зохистой аялж байна гээд ажиглалт хийх зөв аялах талаар зааваp зөвлөгөө өгах, байгалийг хамгаалах тал дээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг.
-Энэ клубт гишүүнээр элсэхэд ямар нэгэн болзол, шаардлага бий юу?
-Манай клубт элсэе гэвэл нээлттэй. Болзол нь тухайн элсэгч Мотоциклио нэгээс дээш жил унаж дадсан, өөрийн гэсэн мотоциклитой бүрэн хямгаалалт, хэрэглэл, хувцастай байх хэрэгтэй. Мөн клубын дүрэм, журам, шаардлагыг зөвшөөрсөн гэрээ байгуулаад шинээр бүртгэж авдаг. Бид өндөр шалгуур тавьдаггүй.
-Танайхан хичнээн газраар аялав? Хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна?
-Манай клуб 2012 оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Ер нь, зун л аялдаг. 2012-2013 онд бид үйл ажиллагаагаа жигдрүүлж, 2013 оны гуравдугаар сард албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Бид 2013 онд нийтдээ 14 мото, нэг авто аялал хийсэн. Харин энэ онд найман мото аялал,нэг авто аялал хийхээр төлөвлөсөн. Түүнээс гурван том аяллыг нь хийчихсэн байгаа. Өвөрхангай, Архангай, Дундговийн чиглэлд аялсан.
-Мотоциклиор аялах үед ихэвчлэн ямар бэрхшээл гардаг вэ?
-Нэг их айхавтар бэрхшээл гарахгүй. Манай гишүүд мотоцикль унах дуртай залуус учраас аялалдаа бүгд л сонирхолтой. Тэгэхдээ аяллын явцад аливаа нэг техникийн саатал гарах ч юм уу, тиймэрхүү асуудал гарна.
Бид голоосоо сан бүрдүүлээд явчихдаг учраас техникийн саатал, янз бүрийн асуудал гарахад хаа явж байгаа газраасаа машин тэрэг олоод ачуулаад явуулчих гэх мэт асуудал зарим тохиолдолд гардаг.
Манай клуб гишүүний татвар гэж сард 20000 төгрөг авдаг. Мөн аялалд гарах бүр эрсдлийн сан гэж хуримтлал үүсгэнэ. Энэ нь аливаа бэрхшээл тохиолдоход хэрэглэгдэнэ.
-Аялал хийж байх явцад гарсан дурсамжтай, хөгжилтэй зүйлээсээ хуваалцаач?
-Ер нь, зөндөө. Мотоцикл унадаг хүн л мэдэх байх. Мотоцикль унаад хөдөө хээр гараад давхих л хачин гоё шүү дээ. Мотоцикль ихэвчлэн машин явдаггүй газраар явна. Тэгэхээр хүн очоогүй уул, тал, гол усыг очиж харах боломжтой. Байгалаа хараад л давхихаас маш их таашаал авдаг.
-Танай клубын мотоцикль сонирхогчид ихэвчлэн мотоспортын тамирчид байдаг байхдаа гэж бодсон?
-Манай клубт мотоспортын тамирчид байгаа. Тэгэхдээ 80 хувь нь мотоцикль сонирхогчид. Багаасаа мотоцикль унаад сурчихсан, хөдөө өссөн залуус ихэвчлэн бий л дээ. Үлдсэн 20 хувь нь тамирчид. Манайд олон улсын хэмжээний мастер хоёр, өсвөрийн залуу мотокросстын дэд мастер нэг, бага ангиллын мотокроссын тамирчин нэг гээд нийт дөрвөн мэргэжлийн тамирчинтай.
-Танай клубын зүгээс тэмцээн уралдаан зохиодог уу? Манай мотоспортын тамирчид ер нь ямар амжилтыг үзүүлж байгаа вэ?
-Бид хавар "Хаврын нээлтийн мотокроссын тэмцээн" зохион байгуулсан. Үүнд манай клубын хоёр тамирчин оролцсон. Энэ наймдугаар сард олон улсын хэмжээний уралдаан болох гэж байна. Үүнд манай клубын хоёр гишүүн, ОУ-ын хэмжээний мастер Энхбат, Лхагвасүрэн нар оролцоно. Өнгөрсөн жил манай клуб Өвөрхангай аймгийн Молцог элс гэдэг газарт "Дэсэрт Индуро" тэмцээн зохион байгуулсан.
Үүнд клубын сонирхогчид болон тамирчид бүгд оролцсон. Энэ тэмцээнээ ирэх есдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Ер нь, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
-Монгол орноороо аялж дуусчихаад цаашлаад хилийн дээс гараад аялах бодол бий юу? Та бүхний аяллын хязгаар хаана байх вэ?
-Бид ижил сонирхолтой гадны клубүүдтэй харьцсан. Хамгийн сайн харьцаж байгаа Италийн нэг клуб бий. Гадагшаа мотоцикльтой аялах талаар хоёр талын клубын зүгээс судалгаа хийгдэж байгаа. Саяхан Эрхүү хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын тамирчид оролцоод ирлээ.
Оросуудтай хамт аялах санаа байгаа. Мөн Өвөрмонголын аялах сонирхолтой тамирчид залуус байдаг. Тэдэнтэй уулзаж ярилцсан. Дараагийн жилүүдээс энэ мэтчилэн гадны клубүүдтэй нэгдэж, хамтарсан аялал хийхээр төлөвлөж байна.
-Хамгийн сонирхол татам зүйлсийн нэг яахын аргагүй аялал байдаг. Аяллынхаа талаар нэвтрүүлэг хийж,олонд сонирхуулж байв уу?
-Манай клуб Sport-box телевизтэй хамтарч ажилладаг. Мягмар гараг бүрийн 9.30 минутаас "You drive" нэвтрүүлэг гардаг. Аялал болгондоо нэвтрүүлэг хийдэг. Саяхан бид 2014 оныхоо хоёр дахь том аяллаа Архангай аймгийн Чулуут сумын 90 жилийн ойд уригдаж наадмын үйл ажиллагааны нээлтэд үзүүлэх тоглолт хийсэн.
Үүгээрээ кино хийсэн. Энэ сарын 13-ны өдрийн нэвтрүүлгээр гарна.
-Мотоцикль унаад давхиж байхад их онцгой мэдрэмж төрдөг байх даа. Үүнийг үгээр илэрхийлж болох болов уу?
-Мотоцикль унаад давхих үнэхээр сайхан. Тэр мэдрэмжийг мотоцикльтой давхиж байж л мэднэ.
-Мотоспорт бусад спортоос юугаараа давуу талтай вэ? Онцлог нь юу вэ?
-Мэргэжлийн спортын талаас нь яривал мотоспорт эрсдэлтэй, нэлээд олон жил хичээллэсэн дадлага туршлагатай байхыг шаарддаг. Мотоспорт гэдэг эр хүний цүг золбоо, авьяас, ур чадварыг шалгасан, эр хүнээс гарах тэсвэр тэвчээр, хатуужил бүх зүйлийг шалгасан спорт юм даа.
-Та бол энэ клубын гишүүн. Танай клубын гишүүд нэг сонирхлын дор нэгддэг. Танай клубт нэгдэж байгаа гишүүдэд мотоспортын сонирхлоос өөр нэгэн нийтлэг чанар байдаг байх?
-Манай клубт янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байгаа. Тэдэнд байдаг ижил чанар бол маш нийтэч. Аялалд гарахад нэг хоёроороо явна гэж байхгүй. Бөөнөөрөө дор хаяж арав, хорин мотоцикльтой гарахад тэд маш дуртай. Бөөнөөрөө явна гэх юм бол ямарч ажилтай байсан зохицуулаад нэгддэг тийм л нийтэч чанар тэдэнд байдаг даа.
-Мотоцикльд хорхойтой хүн болохоор хамгийн сүүлийн үеийн загвар, технологийг үргэлж сонирхдог байх. Одоо танд энийг л авчих юмсан гэж бодож байгаа мотоцикль бий юу?
- Бид ихэвчлэн хөдөө унахад боломжтой кросс мотоцикль сонирхдог л доо. Манай клубын гишүүд бол ер нь л сайн гэсэн мотоциклийг унаж байгаа. Жишээ нь, Австри улсын Кей Ти Эм, Японы Ямаха зэрэг уралдаан болон аялалд тохиромжтой мотоциклийг манай гишүүд авдаг. Цаг үеэ дагаад загвар, технологи нь сайжирвал бид ч мөн мотоциклио сайжруулахыг л боддог л доо. Одоохондоо бидний хэрэглэж байгаа мотоциклиуд дэлхийн хэмжээнд мөр зэргэцээд л явж байгаа.
-Монголчууд ахуйн хэрэглээндээ мотоциклийг их хэрэглэдэг. Хөдөөгүүр Хятад мотоциклийг их хэрэглэдэг. Таны хувиас юу гэж зөвлөмөөр байна.
-Болж өгвөл Япон мотоцикль унаасай. Иргэдийн эдийн засаг сайжраад Япон мотоцикль хэрэглэвэл сайн л даа. Эвдрэхгүй, хүчин чадал ихтэй шал өөр.
-Сонирхлоороо нэгдсэн клубүүд "Бидний сонирхол ийм ашигтай, тиймээс улсаас энэ тал дээр дэмжих хэрэгтэй" гэдэг. Жишээ нь, хотыг дугуйн замтай болгооч гэх мэт. Харин танай клубын зүгээс биднийг ийм байдлаар дэмжээсэй гэсэн хзсэл байгаа юу?
-Бид спорт аялал жуулчлалын яам, олимпын хороотой холбогддог Гадаадын мото клубүүдий өөрийнхөө клубтэй харьцуулахад биднээс хэд дахин илүү л дээ. Moнгoл Улсын Засгийн газраа мотоспортын тамирчды жаахан дэмжээд өгөөсэй гэж боддог.
Манай тамирчды дэмжээд спонсор хийх байгууллага, компаниуд ховор. Улсаас бүүр тоодоггүй. Манай тамирчид гадаад дотооды аль ч тэмцээнд хувиараа оролцдог. Дэмжээд өгвөл манайд чадалтай сайн тамирчид зөндөө байна Жишээ нь: Ази тивий аварга, ОУ-ын хэмжээни мастер Э.Халиун сая АНУ-д болсон томоохон хэмжээний тэмцээн, түрүүлчихсэн. Мотоспор өөрөө хөрөнгө шаарддаг спорт ш дээ. Манай улс тамирчдаа дэмжээ, өгөөсэй гэж хүсдэг.
Ө.Төгс-Оюун
Эх сурвалж: "Ган зам" сонин
Сэтгэгдэл0
Хэсэг залуус ч гэсэн архи уухгуй мото сонирхож байгаад талархаж бна. Аялалаа Монголоо хамгаалах уйлсэд давхар зориул!
Та бүхэнд амжилт хүсье
Та нартаа баярлалаа.