sonin.mn

Би зураач биш ч гэсэн зураач Цэрэннадмид ахтай бага залуугаасаа их л ойр дотно үерхэж түүний үг сургаал, уран бүтээлийнх нь гэгээ гэрэлд нүдээ нээсэн нэгэн. Цэрэннадмид гэдэг юм юманд авъяастай, уран торгон сэтгэхүйтэй тухайн цаг дороо аймаг орон нутгийнхаа нэрийн хуудас болсон том уран бүтээлч байжээ.

Манай ахмад сэтгүүлч, орчуулагч Дашцэрэнгийн Намжилдорж , Хөгжмийн зохиолч Цэндийн Жагдал, яруу найрагч Жалбуугийн Дансранжав, төр нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтэн Тогоочийн Бадарч, зураач Батнасангийн Цэрэннадмид тав бол Дорноговьдоо томдсон сэхээтнүүд байлаа. Тас хальдаг ууланд Тахиа яаж хүрэх вэ Та нар мэтийн банди нар Минийлээ хүүг хэлээд яах вэ ч билүү...

Нэг иймэрхүү үгтэй хөөрхөн ая дантай дуу дуулаад Цэрэннадмид ахыг Улаанбаатарт зохиогдсон улсын язгуур урлагийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсныг нь миний бие мэддэг юм. Түүний багын найз зохиолч Жагдалын Лхагва:

-Энэ Цэрэннадмид хэн хүн барж идэхээргүй их авъяастай хүн саяын тэр медаль авдаг дууг чинь өөрөө үгтэй, аятай нь зохиосон юм. Надиагийн аль нохойтохыг хэлж барах вэ. Түүний зурсан зураг, бичсэн шүлэг дууг чи бид хоёр тоолж барахгүй, Догшин ноён хутагт Данзанравжааг гучин гурван эрдэмтэй байсан гэдэг.

Гэтэл энэ Надиа тарвага зурам буудах, хорхог боодог хийх гээд тоолбол бараг гучин дөрөв, таван эрдэмтэй болчих гээд байгаа хүн. Аймгийн соёлын ордонд тээр жил нөгөө "Ардын элч" кинонд тоглодог найруулагч Ёндонсамбуутай хоёул жүжиг найруулж тайз декорацийг нь хийсэн дуулдсан хэмээн өгүүлэхийг би сонссон.

Нэг хавар Цэрэннадмид ах нэг хөнхөрдүү ногоон нүдтэй улаан хүрэн үстэй, шав шар царайтай, өргөн шанаа түүштэй, европ царайтай өвгөжөөр насны хүний усан будгаар зурсан зураг бариад ороод ирэв.

-    За Надиа ах минь наадах чинь хэн гэдэг оросын зураг вэ. Бодвол Сэлэнгэ, Зүүнхараа чигийн дөрөвөний ардын хувьсгалын партизануудын нэг биз гэвэл тэр:

-    Үгүй шүү, манай нутгийн улсын арслан "Шар" Яндаа гэдэг хүний зураг.

Яндаа гуай бол цэргийн начин "Тэмээн" Батнасан гэж олондоо алдаршсан миний эцгийн нэг нутаг усны найз. Би багадаа энэ алдартай бөхийн энгэр хормойг норгож, эрхэлж хүн болсон юм. Тэгээд Яндаа арслангийн гэрэл зураг нь олдохгүй хот, хөдөөгүй эрэл сурал болоод байхаар нь би өөрийнхөө ой санамжинд бичигдэн үлдсэн зүс царай, нүд хөмсгийг нь сэргээн санаж, шинээр зурсан юм.

Чи үүнийг тэр "Бөх" сониндоо тавиад аль гэх нь тэр. Сонинд тэр зураг хэвлэгдсэний дараахан Бөхийн холбооны бөх судлаач, тайлбарлагч Цогтбаатар надтай уулзаад:

-Нэг монгол дээлтэй, орос царайтай, бие хаа томтой хүн танай нутгийн Улсын арслан "Бүрхэг " хэмээх Намжилваанчиг гуайг гучаад оны наадмын дэвжээн дээр засч зогсоо гэрэл зураг манай бөхийн архивт байдаг юм. Би түүнийг юун орос хүн монгол бөх засч байдаг билээ гэж гайхаад арслан Цоодол, Бадамсэрээжид гуай нараас хэн болохыг нь асуухад сураг гараагүй юм.

Тэгсэн чинь харин сая танай аймгийн зураач Цэрэннадмид гуайн зурсан зургийг үзээд нөгөө Намжилваанчиг гуайг засаад зогсч байгаа Орос царайтай том хүн маань улсын арслан "Шар" хэмээх Яндаа гуай болохыг танин бараг эрдмийн зэрэг цол хамгаалахаас наагуур юм болов.

Тэр Цэрэннадмид гэдэг зураач ямар лут ой тойтой мундаг зураач вэ. Тавь жаран жилийн өмнө бага насандаа харсан хүнийг яаж тэгж гэрэл зураг шиг зурж чаддаг юм бэ. Та Цэрэннадмид гуайг хотод ирвэл нэг аваад ирээрэй би тэр хүнийг шагнанаа гэж билээ.

Манай Надиа ах юмны донж, маягийг их олдог уран нүд, сэтгэхүйтэй зурдаг, сийлдэг, баримал хөшөө  барьдаг, дуулдаг хуурддаг ёстой Лхагваагийн тоглоом , шоглоом болгож хэлснээр мэдэхгүй чадахгүй юмгүй хүн байлаа.

Түүний бүтээлүүд дотроос миний хувьд хамгийн сонгодог зураг болох нэг их элсэн бөөрөг, манхан дундах бяцхан булгийн захад оройн гал улаан нарнаар салхи сөрөн зогсох хэдэн улаан тэмээ сураггүй болоод олон жилийн нүүр үзэв. Аймгийн музей, улсын уран зургийн галлерей, гадаад, дотоод хүмүүсийн алинд нь очсоныг хэн ч үл мэднэ.

"Аавын эмээл", "Хавханд орсон чоно" зэрэг баримлын эх загвар, скиз, судалбар таталбар зурагнууд нь үрэн таран болсон сурагтай. Та биднийг алмай нойрмог зан гарган , аяга хоолны хэрүүл хийж явах хооронд нэг мэдэхнээ навчис хагдарч намрын сэрүүн салхи сэрчигнэж л байх юм даа.

Гунын арьсыг элдэж хийсэн
Гучин хоёр рублийн гутал минь
Зураач Надиагийн орон дор
 Зунжин хэвтсэн шаахай минь
Оросын цагдаад гүйцэгдээгүй
Омголон морь шиг ботинк минь...

гэж манай алдарт зохиолч Жагдалын Лхагваагийн оюутан цагийн нэг хөөрхөн шүлэг бий. Манай Надиа залуудаа цилиндр шляп хазгай тавьж, эрвээхэй зангиа зүүж, хар фрак өмсөж, махир таяг барих нь холгүй супер ганган залуу байсан бөгөөд мань мэтийн юм үзэж нүд тайлаагүй амьтдад Пушкин анх Керн-д зориулж ямар шүлэг бичсэн. Наталъя-ийн хөргийг эзэн хааны ордны хэн гэдэг зураач хэрхэн яаж зурсан тухай нүдээр үзсэн мэт ярих нь дэндүү амттай сонсогддогсон.

Ардын уран зохиолч Балжирын ДОГМИД