sonin.mn

 

Завхан аймгийн Тэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх, улсын начин Л.Нямсүрэнг “Golden Gum” фитнес дээр хүчний бэлтгэл хийгээд гарч ирэх үеэр нь уулзаж ярилцлаа.
 
 
-Бэлтгэл дажгүй юу, ямар хуваариар хэрхэн хийж байна даа?
 
-Бэлтгал сайн, сайн. Хүчний бэлтгэл долоо хоногт 3 удаа, дэвжээний бэлтгэл 2 удаа хийгээд л явж байна даа.
 
 
 
-Хүчний бэлтгэлээ арай түлхүү хийдэг юм уу?
 
-Өмнө дэвжээний бэлтгэлээ голлодог байсан. Ойрмогхоноос л хүчний бэлтгэл жаахан түлхүү хийж байна. Сүүлийн үед бөхчүүд жин, бяр нэмэхэд тустай гээд хүчний бэлтгэл зонхилдог болсон байна. Тэр жишгээр л жаахан хүчний юм хийгээд үзье гээд л...
 
 
 
-Жин нэмэх сонирхол байна уу?
 
-Жин нэмэх ч юу байхав. Одоо жин 100 орчим кг байгаа. Өмнө ч иймэрхүү л байсан. Миний жин ч нэг их нэмэгдээд байдаггүй юм аа.
 
 
 
-Үзүүлэлтүүдийг чинь сонирхвол... Хэдэд сууж, хэдийг татаж, шахаж байна?
 
-Тийм айхтар сүртэй татаад шахаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Суулт 180-иар давтаад, таталт бас тэр хавьцаа. Шахалт нь 120 орчим гэх мэт л байна даа.
 
 
 
-Бэлтгэлийн горимоо өөрчлөхөөр барилдаанд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
 
-Одоогоор ч мэдэгдсэн юм алга л байна. Хүчний бэлтгэлдээ анхаараад cap гаруй л болж байна. Одоо 4-р сарын барилдаанууд дээр л. мэдрэгдэх байх даа. Өөрчлөлт орж байгаа эсэх нь...
 
 
 
-Барилдаануудад тогтмол барилдаад байж амжихгүй байна уу?
 
-Би чинь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх гэж явдаг. Цагдаагийн албандаа ажил ихтэйдүү байгаа. Барилдаж амжихгүй байсаар он гаргачихлаа. Ойрмогхон л ганц хоёр барилдаанд гарах шив дээ.
 
 
 
-Цагдаад данстай бөхчүүд маань жирийн цагдаа нар шиг өдөр тутмын үүрэг гүйцэтгээд л явчих уу?
 
-Тэгэлгүй яахав. Наадам, цагаан cap гээд том том барилдаануудын өмнө ажлаасаа хэд хоног чөлөөлөгдөнө. Бусад үед бол тогтмол үүрэгт ажлаа гүйцэтгээд л явж байдаг юм.
 
 
 
-Сая Бизнес барилдаанд гарсан байх аа?
 
-Тийм. Тэрний өмнө цагаан cap, цэргийн баярын барилдаан хоёрт барилдсан юм байна.
 
 
 
-Өмсөх мэхийг үе үе сайхан хийх юм аа. Сая сүүлийн Бизнес барилдаан дээр а.н Ядамсүрэнг өмсөөд давж байгаа харагдсан?
 
-Аа, хааяа, хааяа хийнэ ээ. Бас тийм ч сайн болж өгөхгүй л байгаа.
 
 
 
-Тэр хэзээ, хэрхэн сурсан мэх вэ?
 
-Анх бөхийн сургуульд байхдаа л хүмүүсийн хийж байгааг хараад, ганц нэг хүнээр заалгаад л сурсан юм болов уу даа. Тэгж байгаад л ганц нэг хийдэг болсон байсан.
 
 
 
-Гоё мэх шүү. Бөхчүүд тэр болгон хийгээд байдаггүй...?
 
-Тийм ээ. Хүмүүс нэг их хийхгүй ховордоод л байх шиг байна.
 
 
 
-Таны бие бялдарт тохирдог уу?
 
-Магадгүй. Би чинь тийм ч том товир хүн биш шүү дээ. Өндөр том хүмүүсийн хувьд өмсөөд байх нь ховор байдаг байх.
 
 
 
-Зун наадмаар а.а Шинэбаяр танд өмсүүлж уначихаад уйлаад л хоцорсныг байсныг санаж байна?
 
-Гурвын даваанд уу?
 
 
 
-Тийм. Би хувьдаа өмсөх мэхийг их эрсдэлтэй мэх гэж ойлгодог. Наадмын хариуцлагатай барилдаанд тийм онцгой мэх хийхийг харах бас сайхан байсан шүү?
 
-Мэхэнд эрсдэл байгаа л даа. Гэхдээ хүн өөрөө тэр мэхэндээ итгэлтэй, гүйцэтгэл нь сайн бол эрсдэл бага гэж бодож байна.
 
 
 
-Нээрээ танайхан наадмын бэлтгэлээ хаана хийсэн билээ. Завханыхан их онцгой бэлтгэл хийчихээд ирж гээд л хүмүүс наргиж байсан?
 
-Сүүж уулын амралтандаа л гарсан. Ер нь тэнд тогтмол гардаг. 2009-2010 онд ТЕГ-ын харьяа Ёл хадны амралтанд гарсан удаатай. Бусад үед бол Сүүждээ л гардаг юм. Манайхан ихэнх нь Цагдаагийн харьяалалтай бөхчүүд болохоор тэндээ гарч таардаг.
 
 
 
-Амжилттай барилдацгаасан шүү, энэ жил...?
 
-Тэгсээн. Том, жижиггүй л сайхан барилдацгаалаа /инээв/. Гурван хүн шөвгөрөөд. Бараг дөрөв ч юм уу, Оргилыг бас шөвгөрсөн гэж үзэж байгаа биз дээ? Манай аймгийн бөхийн түүхэнд гурваас дээш хүн зэрэг шөвгөрч байгаагүй юм билээ. Энэ жил дөрвөн хүн шөвгөрлөө гэж ярьцгааж байна лээ.
 
 
 
-Та сүүлийн хоёр жил цол батлах даваанд уналаа. Энэ барилдаануудынхаа талаар ямар дүгнэлттэй яваа вэ?
 
-Үгүй яахав. Нэг нь амладаг нөгөө нь амлуулдаг жамаар л амлуулж барилдсан. Хэн илүү бэлтгэл хийсэн нь давдаг гэж ойлгодог юм шүү дээ.
 
 
 
-Өсөх-Ирээдүй харцагад унадаг тэр барилдаан жаахан эргэлзээтэй болсон тал бий юу?
 
-Уржнан уу? Би түрүүлээд наана нь өвдөглөчихсөн байна лээ.
 
 
 
-Би яг тэр барилдааныг өөрийн нүдээр хараагүй л дээ. Сүүлд зургийг нь харахад та дээр нь тусаж байгаа юм шиг гарсан байсан?
 
-Харин зурагтаар харахад ч тэгж гараад байсан. Барилдаж байх үедээ сайн мэдээгүй. Сүүлд нөгөө талаас нь авсан бичлэгийг харахад би өвдөглөчихсөн байна лээ.
 
 
 
-Тухайн үед эргэлзсэн үү?
 
-Аа, бас юу болчихов гээд бодсоон... / инээв/.
 
 
 
-Энэ жил тавд Эрхэмбаяр арслантай барилдсан?
 
-Тийм ээ, арсланд амлуулсан.
 
 
 
-Бярдуулчихсан уу?
 
-Арслан ч угаасаа их бяртай л даа.
 
 
 
-Та хоёр өмнө таарч барилдаж байв уу?
 
-Барилдсан, барилдсан. Аймгийн начин байх үеэс нь эхлээд олон л таарч барилдсан. Би ер нь давж байгаагүй юм билээ.
 
 
 
-Та начин болсныхоо дараагийн хоёр жил найз нөхдөө дэмжээд барилдаагүй тал бий юу, Жаргалсайхан, Багахүү хоёрыг...?
 
-Жагааг гурав дээр гаргаж өгсөн удаа бий. Бид хоёр нэг нутаг ус, нэг байгууллагын бөх. Олон жил хамт бэлтгэл хийсэн, нэг нь цол авчихсан, нөгөөгөө дэмжих гээд л. Энэ бол байх л асуудал гэж бодож байна.
 
 
Харин Багахүүгийн хувьд тийм зүйл болоогүй. Харин ч хөлийн цэцийн алдаатай шүүлтээс болж би унасан шүү дээ. Эхлээд Багахүү надаас барьц сонгоод хайн уначихсан байхгүй юу. Тэгсэн хөлийн цэц дахиж Багахүүгээр барьц сонгуулаад... Барьцаа өгөхгүй бол хасна барина гээд бөөн юм болсоон.
 
 
Уг нь дүрмээрээ бол барьц задарсан тохиолдолд нөгөө бөх нь барьц сонгоно гэж байдаг биз дээ? Сүүлдээ би тэрүүгээр хэл ам хийж нэлээд яваад, тэгсэн цагдаа ирж дэвжээнээс гаргасан шүү дээ, намайг /инээв/. Тэр жаахан тиймэрхүү л барилдаан болсон.
 
 
 
-2011 оны наадмаар гурав дээр ам авах гээд очиход нутгийн дүү Гончигдамбаас эхлээд олон л хүн байсан байх. Магадгүй ах авчих болов уу гэж харах, зарим нь ах авчих гээд гуйх юм уу?
 
-Тийм юм байхгүй ээ. Манай нутгийнхан гэхэд хүн болгон л өөр өөрийн амжилтын төлөө барилдана гэдгээ наадмын бэлтгэл дээр ярьчихсан байсан болохоор элдэв гуйлт ирээгүй шүү.
 
 
 
-Таныг ам авах болоход ер нь шилэгдмэл залуус үлдчихсэн байна биз?
 
-Харин тийм. Ялангуяа 512-т дандаа аймгийн арслангууд үлдчихсэн байдаг. Энийг авбал яахав, тэрийг авбал яахав гээд нэлээд бодуулна шүү. Тэгээд барилдаан таарна гэж бодсоныгоо л амлана шүү дээ. 
 
 
 
-Наадмын дараа хөдөө очиж наадам “үймүүлдэг” үү? Манай зарим улсын цолтнууд наадмын дараа багагүй чих халууцуулаад байдаг болсон байна лээ?
 
-Би аймгуудын наадам руу нэг их явдаггүй ээ. Амраад явж байхад сумын наадам таарвал ганц нэг зодоглочихно. Аа, нээрээ энэ жил Дундговийн наадамд очиж барилдсан юм байна.
 
 
 
-Нөгөө айхтар будлиан болдог наадам байна даа?
 
-Тийм. Очсон чинь бороо ороод их тухгүй, онцгүй байсан. Тэгээд гурвын даваанаас буцаад ирсэн шүү дээ. Бороо орчихсон элс нь нялцайгаад бөөн шавар, хүн барилдахын эцэсгүй юм билээ.
 
 
 
Нямсүрэн начинг заримдаа Завхан аймгийн Баянтэс, заримдаа Тэс сумын харьяат гээд зарлаж байгаа дуулддаг. Энэ талаар болон бөхийн гараа, анхны цол гээд олон зүйлийн талаар үргэлжлүүлэн ярилцлаа.
 
 
-Та чинь Баянтэс, Тэс хоёрын алинд нь төрсөн юм бэ?
 
-Тэс суманд төрсөн. Тайлбарлагч нар сольж холиод л зарлаж байгаа дуулддаг. Нэг бол Баянтэс, нэг бол Тэсийнх гээд л. Аав минь Баянтэсийн хүн. Манайх 1993 оноос Эрдэнэтэд суурьшсан айл.
 
 
 
-Анх ер нь яагаад бөх болъё гэж бодсон юм бол...?
 
-Оюутан болох гэж эгчийгээ дагаж хотод ирээд барилддаг хоёр найзтайгаа хамт Баянаа аваргын сургууль дээр очоод анх бүртгүүлчихсэн. Ингэж л бөх болох гараагаа эхэлсэн дээ.
 
 
 
-Багын мөрөөдөл биш байх нь ээ?
 
-Эрдэнэтэд байхад үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж ноцолдохоор болчихмоор ч юм шиг санагддаг байсан үе бий. Яваандаа бэлтгэл хийгээд ганц хоёр хүн хаяад ирэхээр бүр дурлаад, шамдаад ирдэг юм билээ.
 
 
 
-Анх ямар цол авч байв?
 
-Булган аймгийн Бугат сумын наадамд 18-тай байхдаа үзүүрлээд сумын начин цол авч байлаа. Тэгэхэд хөнгөн цагаан медаль зүүж өгч байсан. Одоо ч манайд бий.
 
 
 
-Улсын цолтнуудаас анх хэнийг давж байсан бол...?
 
-Л.Цэвээн начинг давж байсан. Бас Сүхбат аваргыг заан цолтой байхад нь бөхийн өргөөнд анх удаа таарч барилдаад унаж байсан юм байна.
 
 
 
-Аймгийн заан цолтой нэлээд хэдэн жил барилдсан санагдана?
 
-2001 онд аймгийн заан цол авсан. Тэрнээс өмнө Булганд нэг тойргийн барилдаанаас начин болсон. Тэгэхэд одоо олимпийн аварга Түвшинбаяр, заан Баасандорж гээд олон хүүхэд барилдаж байлаа.
 
2002 онд Завхандаа очиж дахин үзүүрлэж заанаа батлаад, 2003 оноос хойш улсад барилдсан. 2006 онд нутагтаа очиж арслан болж байлаа. Тэгээд 2007 онд улсын начин болсон доо.
 
 
 
-Одоо нас хэдтэй вэ?
 
-Би 1980 оных шүү дээ. 33-тай.
 
 
 
-Биеийн өндөр, жин?
 
-Өндөр 178 см, жин 100 л байна даа.
 
 
 
-Багадаа жижгэвтэр хүүхэд байв уу?
 
-Зургаа үзэхээр тарган л хүүхэд байсан юм билээ /инээв/.
 
 
 
-Бөхийн удам гэвэл?
 
-Ээжийн талд удамтай гэдэг юм. Би нарийн сайн мэддэггүй юм аа. Ээж минь Говь-Алтайнх.
 
 
 
-Гэр бүлээ танилцуулах уу?
 
-Эхнэр, хоёр охин, нэг хүүтэйгээ ам бүл тавуулаа амьдарч байна даа. Хоёр охин маань дунд сургуульд сурдаг. Эхнэр одоохондоо гэр зуур хүүгээ хараад байж байна даа.
 
 
 
-Барилдахаас гадна ямар нэг бизнес эрхэлж байна уу?
 
-Тийм юм байхгүй ээ. Ажлаа хийгээд л...
 
 
 
Биднийг ярилцах үеэр улсын шинэ начин Ж.Амартүвшин хамт байсан агаад тэд дотны найзууд юм билээ. Бидний яриа цаашлаад нөхөрлөл, найз нөхдийн онигоогоор үргэлжлэв.
 
 
-Та хоёрыг дотно найз гэж ер мэдээгүй юм байна. Хэзээ танилцаж, хэрхэн нөхөрлөсөн талаараа хуучлахгуй юу?
 
-2006 оноос хойш найзалсан юм байна шүү. Өмнө нь бие биенээ мэддэг байсан. 2006 онд Жем Интэрнэшнлийн рекпамын зураг авахуулах үеэр бүр ойр дотно танилцсан.
 
Тэгэхэд Амраа аймгийн арслан, би аймгийн заан цолтой байсан. Тэгээд одоо хүртэл сайхан нөхөрлөөд л явж байна. Бэлтгэлээ хамт хийнэ, ийш тийшээ барилдаанд хамт явна.
 
 
 
-Олон жил цолонд зүтгэсэн найз тань энэ жил начин цол авлаа. Найзаасаа дутахгүй л баярлав уу?
 
-Яг наадмын дэвжээн дээр зэрэг барилдаж байсан болохоор давахыг нь хараагүй л дээ. Талбай голлох гээд эргээд явж байтал найз маань цол авчихаад туг тойроод гүйж байхыг хараад их л баярлаж байлаа.
 
 
 
-Дөнгөж саяхан инээдмийн баяр боллоо. Энэ дашрамд найз нөхдийнхөө хөгжилтэй явдлаас ярьж өгөөч?
 
-Манай нэг найз анх хот ирсэн тухайгаа ярив аа. Бас бөх л дөө. “Тэр үед унаа ховор. Хөлдүү, гулууз мах ачсан машин дээр суугаад л хот орж ирж байлаа” гээд л ярихгүй юу. Тэгсэн энэ Амраа машины хойд талын суудлаас гэнэт “Өвөл байсан юм уу” гэж асуугаад бөөн инээдэм болсон.
 
 
Хөлдүү махан дээр суугаад гэж ярьсаар байтал өвөл юм уу гэж байгаа юм чинь /инээв/. Бас нэг хөгжилтэй юм ярьчихъя. Өчигдөр би хууртаад. Өглөө дөнгөж 8 болж байтал манай гэрийн утас дуугарч байна. /Гар утсаа унтраачихсан байсан юм./ Автал манай аймгийн арслан Ж.Сүхбат ярьж байна аа. “Хөгшөөн ойрхон нэг барилдаантай гэнэ, бай мөрий нь гайгүй юм.
 
 
Хоёулаа явъя. Би гэрийн чинь гадаа яваад очъё. Чи хувцсаа өмсөөд гараад ир” гэж байна. Би ч тэгье, явъя гээд л хувцас хунараа өмсөөд явахад бэлэн болоод гар утсаа нээсэн чинь “Дөрвөн сарын нэгээн” гээд мессеж явуулчихсан байгаа юм даа / инээв/. Одоогоор Сүхбаттай уулзаагүй л явна. Уулзахаараа хариугаа авна л даа.
 
 
 
-Та хэр авьяаслаг хүн бэ?
 
-Авьяас гэхээр зүйл ховор доо.
 
 
 
-Гэхдээ сайхан дуулчихна биз?
 
-Сая бөхчүүдийн концертонд ордог Батцэрэн гээд сайхан дуулдаг бөхчүүдийг дагаад хааяа караокед ороод дуулна. Тэд нар намайг голоод дуулуулахгүй ээ /инээв/. Ер нь сайхан дуулдаг бөх олон шүү. Бөхчүүдтэйгээ хамт нийлээд хааяа дуулж хуурдана аа.
 
 
 
-Нэг хүн таныг бөх тайлбарлавал гоё хоолойтой юм гэж хэлж байсан?
 
-Хүмүүс хоолой чинь гоё юм, кинонд дуу  оруулбал болох юм биш үү гэж хэлдэг л юм. Бөх тайлбарлана гэдэг хэцүү байх аа. Тэр олон бөхийн нутаг ус, удам судар, хийдэг мэхийг нэг дор үзэгчдэд хүртэл тайлбарлана гэхээр...
 
 
 
-Ямар маркийн машин унадаг вэ?
 
-Lexus 470 унаж байна.
 
 
 
-Хэдэн машин солиод байна?
 
-Дөрөв дэх нь. Анх соната II унадаг байсан. Дараа нь чезерь, прадо гээд л.
 
 
 
-Хэр сайн жолооч вэ?
 
-Өөрийнхөө хэмжээнд гайгүй барьчихна аа.
 
 
 
 
-Дүрэм зөрчих үү?
 
-Хааяа шар гэрэлтэй уралдаад яваад орчих үе бол байна шүү дээ /инээв/. Тэрнээс биш улаан цайм дүрэм зөрчөөд байх нь гайгүй ээ. 
 
 
 
Өөрийнхөө барилдааны онцлог, давуу талыг юу гэж боддог талаар асуухад Нямсүрэн начин “Надад давуу тал гэхээр зүйл юу байхав дээ” гээд л инээмсэглэх. Харин Амартүвшин начин хажуунаас нь найзыгаа “Хоёр гарын атгалт сайн, шуундаа бас нуруундаа бяртай” гэж тодорхойлсон юм.
 
 
-Таныг бас уран барилдаантай бөхчүүдийн нэг гэдэг юм билээ?
 
-Нэг их уран нь ч юу байхав дээ. Хийж байгаа мэх нь тэр шүү дээ гэвэл онгирсон болох юм бол уу /инээв/. Уран барилдаантай бөхчүүд гэвэл өөр. Жамъянпүрэв начны барилдаан гэхэд “аймаар” шүү дээ
 
 
Мань мэтийнх нь тэр хүний барилдааны талд нь ч хүрэхгүй. Ганц хоёр мэх сурсан. Тэрүүгээрээ л унахдаа унаад, давахдаа даваад л явж байна даа. Тэрнээс биш айхтар уран барилдаантай гэж болохгүй байх аа.
 
 
 
-Хурд бол бий биз?
 
-Жаахан байх нь байгаа. Жижгэвтэр биетэй бөхчүүд бүгд л хурдтай байдаг. Яваандаа жин масс нэмэгдэхээр хурд багасчихдаг юм билээ. Одоо манай Пүрэвгарьдын хурд гэж аймаар шүү дээ, цахилгаан шиг л...
 
 
 
-Тэгвэл мэдрэмж...?
 
-Яахав, тодорхой хэмжээнд мэдэрнэ ээ. Манай нутгийн Балжинням начин гэхэд аймаар мэдэрдэг юм. барилдахад хийх гэж байгаа мэх энэ тэрийг андахгүй. Ялангуяа чөлөөт, жүдогоор явсан улсуудад мэдрэмж илүү байгаа нь ажиглагддаг юм билээ.
 
 
 
-Хэр бяртай гэж бодож байна, өөрийгөө...?
 
-Өө, би бяртай бөх биш. Бяртай хүмүүс чинь андашгүй шүү дээ, барилдахад.
 
 
 
-Тэгвэл одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн бол...?
 
-Эрхэмбаяр арслан ч бяртай даа. Хүн хүний барилдааны онцлогоос шалтгаалж бяр нь өөр өөр гараад байх шиг санагддаг юм. Юм өргөх бяр, барилдахын бяр гэж хоер тусдаа зүйл байдаг ч юм шиг. Доржсамбуу гарьдын хоёр гарыг хүчрэх хүн байхгүй байх аа. Зөвхөн хоёр гараараа л хүмүүсийг авч шидчихээд байгаа харагддаг.
 
 
 
-Юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
 
-Бөхчүүд тэглээ, ингэлээ гээд муугаар ярихаар их эмзэглэдэг. Нэг хүний хийсэн болчимгүй зүйлээс болоод бүх бөхчүүд муу юм хийчихсэн юм шиг хамруулж ярьдаг.
 
 
 
-Барилдааны үед хэлж яримаар санал гомдол байдаг уу?
 
-Барилдаан ч дажгүй болоод л байна. Хамгийн гол нь шударга л шүүх ёстой. Камерийн бичлэг тиймэрхүү талын зүйл жаахан дутагдаад байгаа юм уу гэж боддог. Ер нь барилдаж байгаа хоёр хүн унасан давснаа мэдэрдэг.
 
 
Зарим нь улаан цайм уначихаад маргаад зогсчихдог тал бий. Наадмаар бол бичлэг үзүүлдэггүй юм билээ.  Хөлийн цэц л шийднэ гээд. Бас мань мэтийг дөхүүлэхгүй, цаашаа бай гэж хөөгөөд /инээв/.
 
 
Намайг Багахүүтэй маргахад И.Мөнхбаатар начин хөлийн цэц байсан. Тийм хүмүүсийн үгийг сонсохгүй юм билээ. Тэр ч хөлийн цэц дээр очиж загнуулаад, энэ ч цэц дээр очиж загнуулаад... Ингэж шүүгээд бол дэмий л дээ.
 
 
 
-Үзэгчид бас заримдаа дэмжиж байна гээд хэтэрхий туйлшрах юм аа. Заавал бага цолтой бөх нь давах ёстой ч юм шиг...?
 
-Харин тийм. Давчихпаа гээд тахим авах, өгөх болтол тэндээс нэг үзэгч “өө боль боль” гээд орилдог. Тэгэнгүүт нөгөө бөх ч эргэлзээд явчихдаг.
 
 
 
-Саяны бизнес барилдаан дээр таныг Ядамсүрэнг даваад тахим авах гэхэд үзэгчийн “шум” ороод жаахан саатуулсан уу?
 
-Тэгсэн. Би засуулаас асуугаад давсан гэхээр нь дэвсэн. Тэгээд ирээд тахимаа авах гэтэл тэндээс нэг хүн орилоод тэгсэн өнөөх чинь тахимаа тайлах гэж байснаа болиод зогсчихсон. Тэгээд жаахан маргасан шүү.
 
 
 
-За сэтгэлээсээ сайхан ярилцсанд, баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.
 
-Баярлалаа.
 
Ярилцсан С.Бадамгарав.
 
 
 
 
“Өмсдөг” Нямсүрэн 
 
Дээрх ярилцлагыг хийх үеэр манай сонины идэвхтэн бичигч, МУИС-ийн оюутан, улсын дэд гарын даа Т.Түмэндэмбэрэл Нямсүрэн начны талаар ийм хөрөг бичсэнийг ярилцлагатай нь хамтатган уншигчдадаа хүргэж байна.
 
 
Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Завхан аймгийн харьяат аймаг цэргийн заан цолтой 3 бөх гарч барилдсан байдаг. Яруугийн Р.Батсайхан, Тосонцэнгэлийн Ш.Уламбаяр, Тэсийн Л.Нямсүрэн нар. Р.Батсайхан А.Сүхбат аваргад, Ш.Уламбаяр Доржсамбуу заанд унасан.
 
 
Харин Нямсүрэн Өсөхбаяр арсланг тахимдаад тун ч дөхүүлсэн дээ Энэ наадмаас хойш аймгийн заан Нямсүрэн “хатуу” боорцог болохоо олон удаа харуулсан. 2005 оны наадмын гурвын даваанд Говь-Алтай аймгийн арслан Очирхүүгийн Мөнхтөртэй тунаж даваад улсын аварга Г.Өсөхбаяртай оноолт таарч дахин өвдөг шороодов.
 
 
Харин 800 жилийн ойгоор Завхан аймагтаа түрүүлж арслан болоод улсад барилдаж Баянхонгор аймгийн шинэ арслан Д.Энхбаттай мөн л тунаж давсан боловч дөрвийн даваанд нутгийнхаа Баяржавхлан харцагатай оноолт таарч өвдөглөсөн. Намар нь бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтны нээлтийн барилдаан болж Нямсүрэн мөн ч сайхан барилдсансан.
 
 
Тавын даваанд улсын наадмын гурвын даваанд нутгийн гарди Цэрэнпунцагийг шороодуулж байсан Увс аймгийн залуу бөх Элбэгбаярыг амлан барилдаж солгой сууж өмсөөд тун ч уран орхисон бол дараагийн даваануудад Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ, Булганы А.Сүмбээ, Сэлэнгийн Б.Золбаяр нарыг өвдөглүүлж түрүүлсэн бөгөөд мөн уран барилдааны шагнал хүртэв.
 
 
Ийнхүү унаж давж явсаар 86 жилийн ойн наадамтай золгов. Энэ наадмын 3-ын даваанд Ховдын Т.Амартүвшин начинг, дөрвийн даваанд Б.Гантогтох гарьдыг, тавын даваанд улсын харцага Ц.Магалжавыг орхиж улсын цолтны их гэр бүлд орсон билээ.
 
 
Начин цол хүртсэнийхээ дараагийн гурван жилд а.а Ч.Баянмөнх, Ш.Жаргалсайхан, С.Багахүү нарт гурвын даваанд өвдөг шороодсон. Гэхдээ зөвхөн наадамд л барилдсан биш заал танхимын барилдаанд тогтмол хүч үзэж олон ч залууд “хичээл заасан”.
 
 
А.н Н.Батсуурь хэмээх залуу том цолтнуудыг өвдөглүүлж цахиур хагалж байхад Богд хан уулын хишиг барилдааны хоёрын даваанд оноолт таарч гайхалтай уран өмсөж байв. Мөн Бизнес барилдааны гурвын даваанд таарсан ц.а А.Бямбажавыг “газар ногоортол” тонгорсон.
 
 
Ер нь тэр өөртөө төвөггүй тун ч сийрэгхэн, уран барилддаг бөх. Их Монгол улсын 800 жилийн ойн наадмаар улсын начин Нямсүрэн а.з И.Батсайхан а.а Ц.Нямдорж нараар дөрөв давав. Тавын даваанд Өсөх-Ирээдүй начныг сайхан мушгисан ч өөрөө түрүүлээд өвдөглөчихсөн.
 
 
Энэ намраа монгол бөхийг гиннест бүртгүүлэх барилдаанд барилдаж улсын наадамд амлаад унаж байсан С.Багахүүг дахин амлан авч “даагаа нэхсэн” юм. Гиннесийн барилдаанаас хойш заал танхимд төдий л барилдахгүй байсан ч АСА циркт болсон “Хасу” барилдаанд жигд сайн барилдаж олон уран даваа авч байв.
 
 
Тэр дундаа Өмнөговь аймгийн харьяат а.а Ш.Дарханбатыг босоо өмсөж үзэгчдийг уулга алдуулсан юм. Тун удалгүй ардын хувьсгалын 90 жилийн ойн наадам эхэллээ. Нямсүрэн начин урьд урьдынхаасаа илүү өнгөтэй байсан бөгөөд гурвын даваанд Говь-Алтай аймагтаа жил дараалан түрүүлж аймгийн хурц арслан цолд хүрсэн, удамт бөх Ш.Шинэбаярыг амлав.
 
 
Хоёр бөх тун ойролцоо газардаж хөлийн цэцийн шийдвэрээр дахин барилдлаа. “За өмслөв, давлаа. Ийм л цацаа цалгиатай барилддаг бөх дөө. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Хүч” спорт хороо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Шинэ-Ази майнинг группын бөх улсын начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн хурц арслан Шинэбаяраар гурав давлаа.
 
 
Мөн ч сайхан өмслөө дөө” гэсэн тайлбарлагчийн дуу цангинахуй дор у.н Нямсүрэн туг тойрч харагдав. Дөрвийн даваанд мөн л Говь-Алтай аймгийн харьяат у.н Лхагвадоржтой оноолт таарч зайлж хавираад бас л уран хаяв. Харин тавын даваанд өмнөх жилийн үзүүр бөх у.а Г.Эрхэмбаяр амлажээ.
 
 
Арслантай тэнцүүхэн сайхан үзсэн ч арал бяр арай л дутаж шороодов. Арсланд унасныхаа дараа их л харамсаж байлаа. Уул нь тэр уналаа гэж урвайдаггүй, давлаа гэж давилуутдаггүй л бөх, Өнгөрсөн жил гаргасан алдаагаа давталгүй, өнөө жил цол ахина, цолоо батална гэж зорьсон болохоор тэгж харамссан болов уу.
 
 
Өмсөх дархан мэхтэй, тэнцүүхэн сайхан биетэй, жудаг ёс сайтай, ахмадуудын ярьдгаар Бээжин аваргархуу хэлбэртэй нэгэн сайхан бөхийн тухай өгүүлэхэд ийм. Өнөө жил мөн л сайхан өнгөтэй байна лээ. Нэгийг дуулгах биз ээ. 
 
Завханы Нямсүрэн зартай 
 
Заанд хүрэх бяртай 
 
Өмсвөл босох уртай 
 
Өсөхөөг хазайлгасан “гэмтэй”
 
Арсланд унаад харамссан ч 
 
Ахиад давах даваатай 
 
Цолоо баталж амжаагүй ч 
 
Цол нэмэх л учиртай.
 
 
МУИС-ийн оюутан, улсын дэд гарын даа Т.Түмэндэмбэрэл
 
Эх сурвалж: “Бөх” сонин