sonin.mn
 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, түрүүч Э.Энхсайхан Бүгд Найрамдах Казахстан улсад энэ сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах биатлоны тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. 
     Олон улсын хэмжээний мастер, түрүүч Э.Энхсайхан нь 15 км зайнд дэлхийн орнуудын шилдэг 91 тамирчнаас 21 дүгээр байр эзэлж, хувийн болон Монгол Улсын Зэвсэгт хүчний амжилтыг шинэчлэн ахиулж чадсан байна. Ташрамд дурдахад тэрээр үндсэн тэмцээний өмнөх урьдчилсан шатандаа 10 км замыг 1:26:34 цаг туулсан амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч "Монголын ирээдүйтэй цаначин" хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцлогдож байсан юм.
 
      Дэлхийн аваргыг зорихоос өмнө тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлтийн биатлоны хувийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
 
    Ийнхүү Зэвсэгт хүчинд цэргийн гэрээт алба хаангаа авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцох, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, дотоодын сургалт дамжаанд хамрагдах зэрэг олон боломж байдгийг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, түрүүч Э.Энхсайхан улс орон, тив дэлхийд гаргаж байгаа амжилтаараа нотлон харуулсаар байна. 
 
                                                             Ахмад Д.БОЛОР