sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт өндөрлөлөө. Хамгийн сүүлийн барилдааныг +100 кг-ын жинд хийсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд жил гаруйн өмнө нь Парисын “Их Дуулга”-д түрүүлэхдээ финалд ялж байсан Азербайжаны туршлагатай жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр дахин ялснаар шагналын тавцанд зогссон.
2021 онд Абу-Даби, өнгөрсөн жил Парист алтан медаль хүртэж байсан түүний “Их Дуулга”-ын гурав дахь түрүү нь болж байна. Мөн энэ өдөр -90 кгд барилдсан ОУХМ Б. Алтанбагана хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Тель-Авивын татамид манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч барилдснаас 1 алт, 1 хүрэл медаль хүртэв.