sonin.mn
Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн гимнастикийн модон морин дээгүүр малгай тавьж харайх төрөлд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн танкийн батальоны механик жолооч, цэрэгжлийн спортын мастер, ахлагч Даваадоржийн Бат-Анар тэргүүлэв. 
 
Ахлагч Д.Бат-Анарын хувьд цэрэгжлийн спортоор 2017 оноос хойш хичээллэж яваа тамирчин. 2016-2017 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцан төгссөнөөс хойш маршийн салаанд гүйж, саадын зурвас, цэрэгжлийн гимнастикийн олон төрөлт, модон морь гээд хэд хэдэн төрлөөр жигд хичээллэж, амжилтыг ч алгасахгүй гаргаж яваа залуу ахлагч юм.
 
Тухайлбал, Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 2017, 2019, 2022 онуудад салаа болон ротоороо алт, мөнгө, хүрэл,  саадын зурвас, цэрэгжлийн гимнастикийн олон төрөлтөөр 2018, 2022 онд хос хүрэл медаль тус тус хүртсэн байна. 
 
Энэ жил тэрээр модон морин дээгүүр 10 малгай тавьж харайсан бөгөөд энэ тухайгаа “Тэмцээн зохион байгуулагч багш нар малгайгаа шинэчилсэн байсан. Шинэ хангалтаар өгч байгаа малгайнуудыг тавьсан учраас өндөр нь харьцангуй нэмэгдэж, тамирчдад нэг төрлийн шинэ шалгуур нь байлаа. Гэхдээ алдаа гаргалгүй түрүүлсэндээ баяртай байна” гэв.  Цэрэгжлийн спортоор хичээллэх нь цэргийн бэлтгэл сургалтдаа манлайлах, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, эрүүл чийрэг байх, хүсэл тэмүүлэл, зорилготой болгох, тэсвэр тэвчээр, хатуужлаас суралцах гээд олон талын ач холбогдолтой байдгийг тэр онцлов. Ялангуяа, өлссөн ч өлсөөгүй юм шиг, даарсан ч даараагүй юм шиг сэтгэлийн хатуужлыг суулгаж, хичээллэсэн цэргийн алба хаагч бүртээ үр ашгаа өгдөг спорт гэлээ.
 
Ахмад Д.Болор
Эх сурвалж "Соёмбо"сонин