sonin.mn
Зэвсэгт хүчний алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас ангид байлгах, биеийн жингийн зохистой харьцааг бий болгох зорилгоор "Алдар" спорт хорооны Нийтийн биеийн тамир, спорт тоглоомын албанаас долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт өглөөний 7-8 цагийн хооронд Кардио дасгалыг зохион байгуулж эхэлснээс хойш өдгөө 7 дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Чухам энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, алба хаагчдаа зөв амьдралын хэвшилд уриалж байгаа Зэвсэгт хүчний ирээдүй болсон офицеруудын нэгэн төлөөлөл бол тус албаны дарга хошууч Д.Цэрэнбат юм. Бид нэгэн өглөөний дасгалын дараа "Залуус" буландаа урьж ярилцсан юм.
 
Өглөөний мэнд. Та ажлын өдрийн өглөөг тун чиг эрч хүч дүүрэн эхлүүлдэг юм байна. Энэ олон хүнийг дасгал хөдөлгөөнд уриалж, өөрөө удирдаж явуулна гэдэг сайхан юм ...
 
-Тиймээ. Өглөөний дасгалд 20-25 хүн тогтмол оролцож байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд давтагдсан тоогоор 40-45 хүн хамрагджээ. Гэвч Улаанхуаран цэргийн хүрээний хэмжээнд авч үзвэл энэ нь тун чамлалтай тоо гэж бодож байна. 
 
Орой ажлаа тараад гэхээсээ илүү өглөө ажилдаа очихоосоо өмнө идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй, цаг заваа ч зөвөөр ашиглаж болох шийдэл шиг байна ... 
 
-Зэвсэгт хүчний алба хаагчдаа дасгал хөдөлгөөнд уриалах нь "Алдар"-ынхан бидний үүрэг шүү дээ. Бид нэгдмэл байдлаараа бие биеэ дэмжих ёстой. Энэ хүрээнд алба хаагчдын хамгийн боломжтой цагийг сонгон өглөөний дасгалд уриалах талаар "Алдар" спорт хорооныхоо удирдлагуудад уламжлахад саналыг минь 100 хувь дэмжсэн. Энэ ажлыг эхлүүлэх гэж буйг сонсоод Монгол Улсын харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй найз маань бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө хөгжим, спикерээ хэрэглүүлж байна. Мөн бидэнд байнга арга зүйн зөвлөгөө өгч байгаа манай Чийрэгжүүлэлтийн төвийн Оргилсайхан багшдаа болон спорт заал, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, өнгөтэй өөдтэй байлгадаг “Алдар” спорт хорооны үйлчлэгч нартаа туйлын их баярлаж байгаагаа энэ завшааныг далимдуулан илэрхийлье. 
 
Энэ үйл ажиллагаа өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн. Тогтмол оролцогчид ямар үр дүнг үзүүлээд байна вэ?
 
-Нийтийн дасгал хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс илүүдэл жингээсээ эрчимтэй салж байна. Тогтмол дасгал хийж байгаа алба хаагчид 11-18 кг хассан үр дүн гарсан. Үүнээс гадна бас нэг ач холбогдол нь ямар ч төлбөр мөнгө шаардлагагүй. Би энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө гаднын фитнес, дасгал хөдөлгөөн хийдэг газруудыг судалж үзсэн. Ихэнх нь сард дунджаар 150-250 мянган төгрөгийн төлбөртэй байна лээ. Тэгэхээр өнөөдөр манай өглөөний дасгалд оролцож байгаа хүмүүс одоогийн байдлаар 1,400,000 төгрөг хэмнэчихсэн байна гэсэн үг. 
 
Ярилцлагаа таны бага насны дурсамжаар үргэлжлүүлье. Тамирчин гэх алдрын замнал тань ер нь хэзээнээс эхэлсэн бэ?
 
-Намайг хүүхэд байхад манайх гэдэг айл хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хажуугийн байранд амьдардаг байлаа. Тэр үеийн хүүхдүүд гадаа гарч сагс, хөл бөмбөг тоглохоо л хамгийн их аз жаргал гэж боддог байсан даа. Миний бага нас тэдгээр хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Сонирхуулахад, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Одбаяр бид хоёр бүр багын найзууд. Ж.Гүррагчаа баатрын хүү гэдгээр нь манай салбарынхан илүүтэй таних биз ээ. Тэр үед хүүхэд бүр л чөлөөт цагаа гадаа тоглож өнгөрөөдөг байсан учир бие биеийнхээ араас хөөцөлдөж, хоорондоо хашхиралдаж шаагилдах нь их. Харин Ж.Гүррагчаа баатар гэрээсээ гараад ирэхэд л тэр ойр хавьд нэг ч хүүхэд чанга дуу гаргадаггүй байсан нь сонин шүү. Улс орныхоо өмнө гавьяа байгуулсан хүмүүст тэгж их хүндэтгэл үзүүлдэг байсны нэг жишээ юм уу даа.  
Би 1998 онд нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгсөж байлаа. Биднийг 7 дугаар ангид ордог жил нэг их өндөр биетэй эгч ангийн багшийн хамт хичээл дундуур ороод ирсэн. Тэгээд л хүүхдүүдийг өндөр намаар нь зогсоож байгаад өндөр хэдийг маань сонгож аваад гар бөмбөгийн дугуйланд оруулчихсан. Тухайн үед би хэчнээн их сонирхож байсан ч ангидаа намхнуудын тоонд ордог байсан учир харамсалтай нь гологдчихсон. Хүүхэд юм хойно шаралхаад л үлдсэн. Харин дараахан нь би тэр дугуйлан дээр зорьж очоод багштай нь уулзаад гар бөмбөгөөр хичээллэх чин хүсэлтэй байгаагаа хэлсэн. Багш ч намайг тун уриалгахан хүлээж авснаар би гар бөмбөгийн спортод анх удаа хөл тавьсан түүхтэй. Намайг уриалгахан хүлээж авсан тэр хүн бол Өвөрхангай аймгийн харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Цээ-Оригийн Шоовдор гэж хүн юм. Намайг энэ спортоор хорхойсон хичээллэхэд хүргэсэн анхны багш минь гэх үү дээ. 
 
Дунд сургуулиасаа энэ спорттой холбогдсон байх нь. Энэ замнал цаашид хэрхэн үргэлжилсэн бэ? 
 
-Сургуулиа төгсөхдөө хоёр сонголттой тулгарсан. Спортоо үргэлжлүүлэх үү эсвэл өөр ямар нэгэн мэргэжил эзэмших үү гэдэг. Эмээ, өвөөгөө дагуулаад хамгийн эхлээд МУИС дээр очиход миний сонирхлыг татчихаар мэргэжил нүдэнд минь тусаагүй. Тэгээд доош уруудаад Багшийн дээд сургуулийг зүглэв. Гэтэл тэнд математикийн багшийн ангид нийт 100-аад хүүхэд бүртгүүлчхэж. Харин хамгийн гайхмаар нь биеийн тамирын багшийн ангид 600-аад хүүхэд бүртгүүлчихсэн байсан. Миний нөгөө  сониуч, шаралхуу зан маань хөдөлчихсөн. Угаасаа ч спортоо орхихгүй гэж бодож байсан минь ч нөлөөлсөн хэрэг. Ямартай ч тэр олон хүүхдүүдийн хойно ороод бүртгүүлчхэв. Тэгтэл тус ангид Улаанбаатар хотоос ердөө 17-хон хүүхдийг шалгаруулж авна гэдэг юм байна. Улмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд бие бялдрын шалгалтаа өгтөл ямар золоор юм бүү мэд яг 17-д тэнцдэг байгаа. Бөөн баяр. Тэр өдөр л ганцхан хүүхдийн хойно орчихсон бол өнөөдөр миний амьдрал хэрхэх байсныг таамаглаж чаддаггүй юм аа. Тэгээд л сургуульдаа ороод Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Халзан багшийнхаа удирдлага дор мэргэжлийн тамирчин болох замналдаа орсон.  
 
Түрүүнд та ангийнхаа намхнуудын тоонд ордог байсан гэж хэллээ. Гэтэл та өнөөдөр Зэвсэгт хүчиндээ өндрөөрөө дээгүүрт жагсаж байгаа нь гайхмаар юм ...
 
-Тэр их сонин. 7 дугаар ангидаа намхан байсан би гар бөмбөгийн дугуйланд яваад 10 дугаар ангидаа 175 см орчим болж өссөн. Харин дээд сургуульд ороод нэгдүгээр курстээ Үндэсний дээд лигийн "Ноён" багт тамирчнаар орж байнгын бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Тухайн үед манай багийг Багануурын барилгын компани ивээн тэтгэдэг байсан учир зун нь Багануурт биднийг аваачиж нэгэн төрлийн бэлтгэл болгож элс, тоосго зөөлгөдөг байлаа. Тэгээд л гуравдугаар курсийнхээ намар нь хичээлд ороход манай ангийнхан миний өссөнийг л гайхаад байсан. Байнгын гар бөмбөгийн спортын бэлтгэл, дээрээс нь сунгалтын дасгал их хийдэг байсантай л холбоотой гэж боддог. Одоо миний өндөр 192 см. 
 
Та спорттой холбогдоод 27 жил болчихсон байна. Энэ бүхний араас дүгнэхэд спорт гэдэг зүйл хувь хүнд чухам юу өгдөг вэ? Таны хичээллэдэг гар бөмбөг гэхэд л багаар ажиллах чадвараас эхлээд хүнтэй харьцах, хүнийг ойлгох чадварт суралцуулдаг болов уу ...
 
-Спорт болгон өөрийн гэсэн онцлогтой, олон ч ач холбогдлыг дагуулдаг. Түүн дотроо багийн спорт гэдэг заавал хамтын ажиллагаа шаарддаг. Гар бөмбөгийн талбайд хүн болгон яг л нэг хүн шиг өөр хоорондоо ойлголцсоны эцэст амжилтад хүрдэг. Би ганцаараа хэчнээн бэлтгэл хийгээд бусад нь хийхгүй бол хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс хариуцлага гэдэг зүйлийг хамгийн эхэнд тавьдаг юм. Цаашлаад хүнтэй ойлголцох, багаар ажиллах чадваруудыг илүүтэй суулгаж өгдөг нь хувь хүний зан чанар болон бие бялдрын өв тэгш хөгжлийг спортоос авах боломжийг бүрдүүлдэг. Ядаж л цагийн зохион байгуулалттай, цэвэрч нямбай байж, хөлс, хүч, хөдөлмөрийн үр шимийг ойлгодог, хорт зуршлаас ангид болж төлөвшдөг. Би гэхэд архи, тамхийг огт хэрэглэдэггүй. 
Гэхдээ спортоор дамжуулаад нэр алдарт хүрсэн хүмүүс эргээд олон түмнийхээ хайр хишгийг дааж чадахгүй бол ямар их өндөр дээрээс унаж болдгийг саяхны жишээ бидэнд харууллаа шүү дээ.
 
Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтуудыг харахад багийн гишүүд нь хоорондоо илүү сайн ойлголцож чадсан нь амжилт гаргадаг мэт харагддаг ...
 
-Тэгэлгүй яах вэ. Хамтдаа нэг багт тоглоод, байнга шахуу хамтдаа цагийг өнгөрөөгөөд ирэхэд тэр хүнийхээ байгаа байдлаас нь ямар зантай байгааг нь шууд мэдчихдэг. Намайг ийм үйлдэл хийхэд тэгж магтаж, ингэж шүүмжилнэ гэдгийг бүүр мэдэрчихдэг гэх үү дээ. Тиймдээ ч спорт гэдэг том нөхөрлөл шиг санагддаг. 
Би 2002 онд сургуулиа бие тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалж байсан. Дараа нь Анагаах ухааны их сургууль, "Аварга" дээд сургуульд багшилж байгаад ҮБХИС-д 2012 оноос багшилж эхэлсэн. Улмаар 2017 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын биеийн тамирын сургалтын офицер албан тушаалд томилогдоод 2020 оноос Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны Нийтийн биеийн тамир, спорт тоглоомын албаны даргаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд би хуучин багийн андуудтайгаа холбоо тасралгүй нөхөрлөсөөр л ирсэн. 
 
Тэгэхээр та 2012 оноос Зэвсэгт хүчинтэй холбогдсон байх нь ...
 
-Бас яг ч тийм биш л дээ. 2006 онд Үндэсний дээд лиг эхлэх дөхөөд бид бэлтгэл сургуульдаа орчихсон байх үед “Хасумегастарс” клубийн багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Л.Баатархүрээ ах маань надад "Алдар" спорт хорооны шинээр бүрдэж байгаа багт тоглох санал тавьсан. Яагаад ч юм цэргийн байгууллагын нэрийн өмнөөс тоглоно гэхээр нь сонирхоод "Алдар" спорт хорооны “Алдар” багийн гишүүн болж байлаа. Тэр жилээ Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнээр манай баг бүр тэргүүн байрын эзэн болсон. Сайн баг хамт олон бүрдсэн гэж боддог. Зэвсэгт хүчин маань ч манай багийн ар талыг маш сайн дэмжиж байсан. Багийн эзнээр ЗХЖШ-ын даргын нэгдүгээр орлогч хошууч генерал М.Борбаатар агсан, ерөнхий дасгалжуулагчаар тухайн үеийн "Алдар" спорт хорооны орлогч дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажиллаж байв. Хойтон нь дөрвөн жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний спартикадад "Алдар" баг маань мөн л тэр бүрэлдэхүүнээрээ тэргүүн байрыг эзэлж байсан. Тиймээс би гар бөмбөгөөрөө дамжуулаад Зэвсэгт хүчинтэйгээ нэлээд эрт холбогдчихсон. Хожим ҮБХИС-д багшаар ажилд ороход ч гаргасан амжилт маань эергээр нөлөөлж байсан.
 
2020 онд Аугаа их эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр жавхаат цэргийн алба хаагчид Улаан талбайд хөл тавин алхсан. Тэр ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүний нэгэн төлөөлөл бол та шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал уншигчдад сонин байх болов уу ...
 
-Би тэрхүү ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулах ажилд өөрөө оролцсон. Эхний шалгуур нь биеийн өндөр байв. Цаашлаад царай төрх, биеийн бүтэц зэргээр нь ангилж үзээд таван хүний сэлгээтэйгээр 80 цэргийн алба хаагчдыг шалгаруулж аваад 3 дугаар сарын нэгнээс жагсаалын бэлтгэлдээ орж байсан. Анхандаа би тэр жагсаалд оролцох хүмүүсийн дунд байгаагүй. Дараахан нь Б.Хаш-Эрдэнэ хурандаатай ЗХЖШ-ын үүдэнд тааралдаад намайг тус жагсаалд орж алхах санал тавьсан. Би ч уухайн тас зөвшөөрдөг юм байгаа биз дээ. Өмнө нь 2015 онд мөн л алхана гэж яригдаж байгаад биеийн өндрийн зөрүү гараад хасагдчихсан байсан болоод ч тэр үү энэ удаадаа алхах туйлын хүсэлтэй байсан нь тэгж биеллээ олсон хэрэг л дээ. Тэгээд л бэлтгэлдээ хамрагдаж эхэлсэн. Хэдийгээр биеийн тамирын сургууль төгссөн, алхаж гишгэхээ мэддэг байсан ч жагсаалын алхаа гэдэг өөрийн гэсэн онцлогтой байв. Үүний ард өндөр хариуцлага дагалдаж байгаа шүү дээ гэдгийг хамгийн түрүүнд ухамсарласан. 
Бид өглөө 8 цагаас орой 18 цаг хүртэл тасралтгүй бэлтгэл хийдэг байв. Энэ хугацаанд 2.5-3 кг жинтэй хүндрүүлэгчийг хоёр хөлдөө зүүнэ. Амрахдаа ч хөлөөсөө салгах эрхгүй. Ярихад амархан мэт санагдаж болох ч үнэндээ тийм биш. Үүнийг биеэрээ үзсэн хүн л ойлгох байх. Хаврын улирал байсан учир цастай, шороотой, бороотой өдрүүд олон байсан. Тэр болгонд бэлтгэл маань үргэлжилдгээрээ л үргэлжилнэ шүү дээ. Хоёр өвдгөндөө хөзөр хавчуулаад хоёр цаг хөдөлгөөнгүй зогсоход нуруу, гар, хөл өвдөхөөс эхлээд хэцүү биз дээ. Тиймдээ ч тэр жагсаалын бэлтгэл бидэнд асар их тэсвэр тэвчээрийг суулгаж өгсөн гэж боддог. Бид нийт 100 орчим хоног бэлтгэлээ базаасан.   
 
Тухайн үед улс орон даяар "Ковид-19" цар тахлын хөл хорионд орчихсон байсан цаг. Халдвар хамгааллаа тун сайн баримталж бэлтгэл сургуулиа хийсэн байх. Хилийн дээс алхахдаа ч олон хоногийн тусгаарлалтад орсон шүү дээ.
 
-Тэгсэн. Явахаасаа өмнө бид Зэвсэгт хүчний 350 дугаар ангид 14 хоног тусгаарлагдаж байсан. Оросод очиход зарим орны цэргийн алба хаагчдаас халдвар илэрсэн. Тиймээс бид улс улсаараа тусдаа байрлан бэлтгэл сургуулилтаа хийж байсан. 
Хэд хоногийн дараа тусгаарлалтын хугацаа дуусаж бидний хүсэн хүлээсэн өдөр ирэв. Улмаар бусад орны цэргийн алба хаагчидтай хамт цуваа татуулаад Москвагийн төвөөр явж байхад Оросын ард түмэн ерөөсөө л тэр аяараа ялалтын баяраараа амьсгалчихдаг юм билээ. Хажуугаар өнгөрч буй хөгшид залуучууд нааш харсан даруйдаа бүгд малгайгаа аван бөхийж хүндэтгэл үзүүлж байсан нь маш сайхан санагдсан. Дараа нь автобусандаа суугаад Улаан талбай дээр очиход тэнд цугласан олон хүмүүсийн эмоци, баярлаж, хөөрч байгаа байдал нь илт мэдрэгдсэн. Манай бие бүрэлдэхүүн жагсаалтын дагуу байраа эзлээд зогсоход яг бидний хажууд алдартнуудын орох VIP хаалга байж таарсан. Тэр хаалгаар нь тус орны томчуул, тэр дундаа ОХУ-ын баатрууд, хошой баатрууд, алдартай генерал, адмиралууд зэрэг эрхмүүд орж байсан. Тэгэхэд манай улсын далбаа тэр хаалгатай хамгийн ойрхон байсан болохоор тэдгээр алдартнууд манай далбааны өмнө ирж ёсолж хүндэтгэл үзүүлчхээд цааш явж байсан нь үнэхээр огшмоор байсан шүү. Ер нь ч тэр өдөр бид тайван байх чөлөөгүйгээр сэтгэл хөдөлсөн. Тэгээд л тэр том жагсаал дундаас "ура" цуурайтуулахаас эхлээд жагсаалаар хөл тавьж алхах үе, цаашлаад цэргийн жагсаалын араас явж буй зэвсэглэл, техникүүд, сөнөөгч онгоц, нисдэг тэрэгний сүрт жагсаалаар үргэлжлэх хүртэл огшсоор л явсан. Тэр цаг хугацаа бидэнд хэзээ ч мартагдахааргүй дурсамж болон үлдсэн.
 
Тэр том жагсаалын нэг хэсэг болж алхахад сандарч тэвдэх үе  байв уу?
 
-Тэр том хариуцлагыг үүрчихсэн хүмүүс учир сандрал байх нь мэдээж. Гэхдээ тэглээ гээд биеэ бариад тэвдээд байсан удаа байгаагүй. Яг хөл тавин алхаж байх үеийн бичлэгээ үзэхэд миний амаа ангайчихсан байгаа нь их тод гарч байна лээ. Хүмүүс ч энэ талаар их асуудаг. Энд бага зэрэг залруулга хэлье гэж бодож байна. Биднийг алхаж байхад маш урт үргэлжилсэн цэргийн хөгжмийн цуваа хангинаж байсан. Тэр их дуу чимээ дунд команд сонсогдоход бэрх байсан учир жагсаалын урд яваа командлагчдадаа дамжуулж хэлэх үүрэг надад оногдсон юм. Зурагтаар гарч байгаа есөн секундийн бичлэгт яг тэр дамжуулан хэлж байгаа үетэй таарсан байна лээ. 
 
Та өнгөрсөн энэ бүх цаг хугацаагаа дүгнэж хэлэхэд хэнээс илүү их үлгэр дуурайлыг авч байв? 
 
-Нэг хүнийг нэрлэнэ гэвэл өрөөсгөл зүйл болох биз. Өнгөрсөн цаг хугацаанд мэдэхгүйг зааж, чадахгүйг зөвлөж, үргэлж зөв зүйлээр үлгэрлэж байсан олон хүнийг дурдаж болно. Би хэд хэдэн сургуульд багшилж байсан болохоор олон шавьтай. Шавь нараа хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн эцэг, эх болж байгааг нь хараад бахархаж тэднээсээ байнга үлгэр дуурайл авч байдаг хүн дээ, би. Багш шавь гэснээс саяхны нэг явдлыг ярья гэж бодлоо. Би Зэвсэгт хүчний алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрөөх, цаашлаад зөв хүмүүжил, төлөвшил олгох зорилгоор гар бөмбөгийн дугуйланг хичээллүүлж эхэлсэн. Одоогоор манай дугуйланд 40 гаруй хүүхэд хамрагдаж байна. Би дугуйлангийнхаа хүүхдүүдэд нэг зүйлийг байнга захидаг. "Та нар сайн идэж, амарч, ариун цэврээ сахиж байгаарай. Та нар өвдвөл бусдадаа халдаана. Харин өвчин туссан л бол бэлтгэлдээ ирж чадахгүй шүү" гэж. Гэтэл дараахан нь манай дугуйланд хамрагдаад удаагүй байгаа 9 настай охин надад жижигхэн уутанд хийсэн 12 ширхэг “Д” витамин өгөөд "Багшаа, та өвдчих юм бол бид нар энд ирж чадахгүй шүү дээ" гэж хэлсэн. Би амьдралдаа яг цаг баримтлаад минут, секундийн алдагдалгүйгээр уусан витамин нь бараг л тэр байсан байх. Би тэр шавиасаа тэгж их урам зориг, үлгэр дуурайллыг авч байсан юм.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин