сонин mn
“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.
Австрийн баруун хэсгийн Тироли мужийн Инсбрук хот дөрвөн жилийн өмнө цагаан олимпыг хүлээн авах боломжтой байсан ч санал асуулгад Америкийн Скво Вэллигийн боловсруулсан аварга төслийг давж чадаагүй. Харин энэ удаа тэд Канадын Калгари, Финландын Лахтиг хялбархан ялж, IX олимпыг зохион байгуулах хотоор тодорлоо.
Австричууд өвлийн спортод үнэн сэтгэлээсээ дуртай гэдэг нь үзэгчдийн тооноос харагдана. Олимпын турш сая гаруй хүн тэмцээн уралдааныг “амьдаар” нь ирж үзсэн бол 30 гаруй улс олимпыг шууд дамжуулан үзүүлсэн юм. Өмнөх олимпод телевизийн шууд дамжуулалтын эрх 50 мянган ам.долларын үнэтэй байсан бол энэ удаа 937 мянга болж, огцом нэмэгджээ. Гэхдээ ихэнх цагаан олимпын адил цаг агаарын нөхцөл байдал зохион байгуулагчдын санааг зовоож байв.
Австрид тэр жил дулаан өвөл болсон тул цас мөсөөр гачигдах зовлон тэдэнд тулгарлаа. Тиймээс цэргийнхнийг дайчилж уулнаас 60 мянган шоо метр цас зөөвөрлөн авчирсан байна. Мөн 20 мянган блок мөс авчирч, бобслей, чарганы замаа байгуулжээ. Инсбрукийн бамбар хамгийн богино зайг туулсан гэдгээрээ олимпын түүхэнд үлдсэн. Бамбарыг эхлээд онгоцоор Венад авчирч, дараа нь тэндээсээ шууд Инсбрукт хүргүүлжээ.
 
 
Нийт 36 орон орж, рекорд тогтоосны зэрэгцээ тамирчдын тоо анх удаа мянгын босго (1091) давжээ. Үүнээс 199 нь эмэгтэй тамирчин байв. Монгол, БНАСАУ, Энэтхэг гэсэн Ази тивийн гурван улс анх удаа олимпын их гэр бүлд багтлаа. Наадмын хөтөлбөрт бобслей эргэн ирсэн бол чарганы спорт анх удаа оржээ. 
Харамсалтай нь нээлт болохоос хэд хоногийн өмнө Их Британийн чарганы тамирчин Казимеж КайСкжипецкий бэлтгэлийн үеэр амиа алдсан юм. Үүнээс гурав хоногийн дараа Австрийн уулын цаначин Росс Милн мөн л бэлтгэлийн үеэр уулын бэлд байсан модыг очиж мөргөн хүнд гэмтэв. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Ийнхүү Инсбрукийн олимп эхлэхээсээ өмнө л хар бараан түүхийг дагууллаа. Энэ нь цагаан олимпын үеэр тамирчин нас барсан анхны тохиолдол байсан юм. Милний үхлийн дараа уулын цанын замын хажуугаар тусгай хаалт хийн тамирчид мод мөргөхөөс сэргийлжээ. 
Уулын цанын тэмцээний үеэр Францын эгч, дүү Гойчелийн хоорондын дуэль олны нүдийг хужирлаж, ярих юмтай болгов. Слаломын төрөлд Кристин түрүүлж, дүү нь болох Мариэль удаалсан бол жиант слаломд тэдний байр солигджээ. Жиант слаломын төрөлд Кристин Америкийн Ш.Зауберттай цаг нь тэнцсэн тул мөнгөн медалийг хуваан авсан юм. 
Уран гулгалтад дээгүүр өрсөлддөг Америкийн баг энэ удаа хоёрхон хүрэл медаль авав. 1961 онд тус улсын гулгагчид Брюссельд онгоцны осолд орж, хэд хэдэн шилдэг тамирчин нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэд олимпод тааруухан оролцсон нь үүнтэй холбоотой байлаа. Америкийн шилдгүүдийн үгүйд Герман, Голланд, ЗХУ-ын гулгагчид тэргүүн байрт заларчээ.
 
 
Хойд Солонгосын баг олимпод анх ороод л тэшүүрийн 3000 метрийн уралдаанаас мөнгөн медаль зүүн, өвлийн спортод авьяастай болохоо харуулав. 
“Инсбрук-64”-ийн гол од нь ЗХУ-ын тэшүүрч Лидия Скобликова, цаначин Клавдия Боярских нар байв. Скобликова тэшүүрийн дөрвөн зайд (500, 1000, 1500, 3000 м) бүгдэд нь аваргалснаар өвлийн олимпын зургаан алтан медальтай болж, шинэ дээд амжилт тогтоожээ. Түүний амжилтад ЗХУ-ын төрийн тэргүүн Никита Хрущев тусгайлан баяр хүргэж утсаар ярьсан гэдэг. Скобликова ойрын гурван зайд өнгөлөхдөө олимпын рекордыг шинэчлэн тогтоосон юм. 
Тэгвэл Боярских цанын 5, 10 км, 3х5 км-ын буухиад тэргүүлж, гурван алтан медальтай нутаг буцжээ. Сонирхолтой нь тэрбээр олимпоос өмнө улсынхаа аварга болж чадаагүй байв. Тиймээс олимпод нөөц тамирчнаар явжээ. Гэтэл голсон юм голд орно гэгчээр олимпын баатруудын нэгээр тодрох нь тэр. Тавиад оны сүүлээр энэ бүсгүй дугуйтай явж байгаад машинд мөргүүлж, үүнээс болж спортоо орхих талаар бодож байсан гэдэг. Гэвч шантралгүй зүтгэсээр алдрын оргилд хүрч чадсан байна. Инсбрукийн олимпын дараа дахин дөрвөн жил уралдахдаа дэлхийн аварга цолыг хоёр удаа хүртэж, ЗХУ-ын аваргаар зургаан удаа тодорсон юм. Улмаар 29 настайдаа зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжжээ. 
Скобликова, Боярских нарын супер амжилтын ачаар ЗХУ 11 алтан медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн юм. Хоёрдугаар байрт зохион байгуулагчид 12 медальтайгаар жагсчээ. Тэд Зөвлөлтийн багаас долоон алтан медаль дутуу авсан юм. Цагаан олимпын түүхэнд нэг, хоёрдугаар байр эзэлсэн багуудын хооронд ийм их зөрүү урьд хожид байсангүй.
Биатлоны төрөл олимпод хоёр дахь удаагаа багтаж, оросууд алт, мөнгөн медалийг нь хүртлээ. Оролцогчдын дунд өмнөх олимпоос цанын төрлөөр гурван медаль авсан Финландын Вейкко Хакулинен байв. Финланд эр цанандаа бүхнээс хурдан байсан ч буудлагадаа зургаа алдсаны балгаар 15-р байр эзэлсэн юм. 
Түүнчлэн 1952 оны зуны олимпын 10.000 метрийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж байсан Ханну Пости уралдаж, наймд жагсчээ. Тухайн үед биатлоны дүнг цаасан дээр бичиж гаргадаг байж. Шүүгчид энэ үеэр алдаа гаргаснаар Зөвлөлтийн А.Пираловыг нэг сум алдсан хэмээн тэмдэглэж, гуравдугаар байрт оруулаад байв. Гэхдээ дараа нь түүнийг бүх сумаа алдалгүй буудсаныг тогтоож, мөнгөн медалийг нь олгожээ.
 
 
Энэ олимпын хамгийн өгөөмөр тамирчнаар Италийн бобслейч Эуженио Монти тодорсон. Тэрбээр өөрөө уралдсаны дараа Их Британийн Т.Нэш, Р.Дикстон нарт бэхэлгээний боолтоо зээлүүлсэн гэдэг. Тухайн үед британичуудын бобслейн чарга нь эвдэрч, засах сэлбэггүй болоод байв. Харин итали найзынхаа өгөөмөр зангийн ачаар Британийн хос алтан медаль хүртсэн юм. Монти өөрөө хүрэл медалийн эзэн болжээ. Түүний энэ үйлсийг ОУОХ үнэлж, Пьер де Кубертиний нэрэмжит Fair Play шагналыг олгосон юм. Хувь заяа ч түүнийг шагнаж, Монти дөрвөн жилийн дараах Греноблийн олимпоос хошой алтан медаль хүртжээ.
Олимпын хоккейн тэмцээн санаанд оромгүй зүйлээр дүүрэн болж, Канадын шигшээ анх удаа медалиас мултарлаа. Өмнө нь дандаа сонирхогчдын баг илгээдэг байсан хоккейн эх орныхон энэ удаа мэргэжлийн тамирчдаа оруулсан. Тиймээс тэднийг гарцаагүй алтан медаль авна гэж тооцож байлаа. Гэтэл долоон тоглолтынхоо хоёрт нь хожигдон дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Канадчууд сүүлийн тоглолтод Зөвлөлтийг хожсон бол түрүүлж ч болох байсан. Тэд 1:0, 2:1 гэх зэргээр тэргүүлж явсан ч сүүлийн үед хоёр шайб алдан ялагдсан юм.
1962 онд ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн болсон Монгол Улс “Инсбрук-1964”-өөс эхлэн олимпын наадамд оролцож эхэллээ. Тус олимпод монголчууд биатлоны төрөлд Б.Дамдинжав, Б.Дашгай, Т.Лхамсүрэн, Ц.Данзан, цанын төрөлд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, С.Нацагдорж, Б.Баадай, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, гүйлтийн тэшүүрийн төрөлд Л.Дашням, Л.Цэнд, Ц.Лхамжав гэсэн 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм. 
Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрт өрсөлдсөн Ц.Лхамжав 20-р байр эзэлсэн нь өвлийн олимпод манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдсоор байна. Түүнчлэн монголчууд хамгийн олон тамирчинтай оролцсон өвлийн олимп нь “Инсбрук-1964” болжээ.
 
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
 
Улс                      Алт   Мөнгө  Хүрэл   Нийт
1.ЗХУ                    11      8           6          25
2.Австри                4      5           3          12
3.Норвеги             3       6           6          15
4.Финланд            3       4           3          10
5.Франц                3       4           -           7
6.Герман               3       3           3          9
7.Швед                  3       3           1          7
8.АНУ                    1       2           3          6
9.Нидерланд        1       1           -           2
10.Канад               1       -           2          3
11.Их Британи     1       -            -          1
12.Итали               -       1           3          4
13.БНАСАУ           -       1           -          1
14.Чехословак     -       -           1          1