сонин mn
Үндэсний бөхийн ертөнцөд сонин содон амжилт, түүхүүдийг бөхийн хорхойтнууд ам дамжин ярьдаг. Нэг айлын гурван хүү том цолд хүрнэ гэдэг бахархам амжилт юм. Энэ амжилтын эзэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ах дүү гурван хүчтнийг онцлон хүргэж байна. Ах дүү гурав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Т.Сампил хэмээх айлд мэндэлжээ. Сампил гуайнх таван хүү, хоёр охинтой.
 
 
 
 
Гурван хүү нь багаасаа нутаг орондоо барилдаж эхэлсэн байна. Т.Сампил гуай ч өөрөө бие хаа томтой, их бяртай хүн байсан гэдэг. Энэ гурван хүүгийн том ах нь аймгийн хурц арслан С.Лувсангомбо нь 1955 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цолыг хүртжээ. С.Лувсангомбо арслан болсныхоо дараа жил нь нутгийн бөх “шигшээ” хэмээн алдаршсан улсын начин н.Галсантай хамт хөтөлгөө  морьтой улсын наадмыг зорьж байжээ. Ингэж улсын наадмыг зорихдоо тэд “төрийн их наадамд өөрийн чадлаар тав давна” хэмээн ярилцаж байсан гэдэг.
 
 
 
 
С.Лувсангомбо арслан зорьж очсон улсын их баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд тухайн үед улсын начин байсан Авхиа генералтай тунан барилджээ. Хоёр бөхийн барилдаан нэлээн удаан үргэлжилж С.Лувсангомбо арслан давсан ч дараагийн даваанд нэрийг нь дуудалгүй түүний оронд унасан бөх болох Авхиа гуайг дуудан гаргаж барилдуулсан гэдэг. Үүнийг тухайн үед наадам үзэж байсан олон түмэн батлан хэлж байна. Харин арслантай хамт явсан Галсан тав давж зургаагийн даваанд Булган аймгийн  харьяат “Өвөр” н.Гомбосүрэн гэдэг бөхөд өвдөг шорооджээ. Арслангийн амжилт үүгээр зогссонгүй 1961,1963 оны Өвөрхангай баяр наадамд тав давж шөвгөрсөн. 1959,1964 онд Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлсэн байна. Түүний удаах хүү аймгийн арслан С.Гомбодорж нь 1958 онд Баян-Өндөр сумынхаа баяр наадамд түрүүлсэн юм. Тэр зунаа аймагтаа очиж түрүүлэн арслан цол хүртэж байжээ. Аймгийн наадмын үзүүр түрүүнд Сант сумын харьяат “Тэмээ” Жамба хэмээх хүнтэй барилдан давж байжээ. 1961 онд Баян-Өндөр сумынхаа наадамд дахин түрүүлсэн байна. Түүний удмаас өдгөө аймгийн заан Л.Батсайхан тогтмол сайн барилдаж байгаа билээ.
 
Бага дүү аймгийн заан С.Дорж нь сайн бөх төдийгүй сайн уяач байжээ. Нутгийнхан нь түүнийг хурц түргэн барилдаантай бөх байсан хэмээн дурсдаг. С.Дорж заан 1957 онд Өвөрхангай аймгийн наадамд хоёр ахыгаа даган ирж барилдаад тав давж аймгийн начин болсон байна. Харин 1961 онд Өвөрхангай аймгийн наадамд Зүүнбаян-Улаан сумын Р.Цоодолтой үзүүр түрүүнд үлдэн өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн байна. Түүнийг аймгийн заан болсон жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан анх удаа хөдөө орон нутагт 256 бөх барилдаж байжээ. Энэ барилдаанд  аймгуудын түрүү бөхийг урилгаар барилдуулсан. Одоогоор бол чансаа өндөр бөхийн барилдаан болсон байна. Тус барилдаанд С.Дорж заан долоо давж наймын даваанд Дэмүүл арсланд өвдөг шороодож заан цолоо баталжээ. Хожим нь сум орон нутагтаа олон удаа үзүүр түрүүнд үлдсэн байдаг. 1990 онд 60 настайдаа сумынхаа ахмад бөхчүүдийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж харилтгүй хүчтэн гэдгээ харуулсан юм. Түүний үр удам сумынхаа баяр наадамд хоёр удаа түрүүлээд буй сумын заан Б.Бат-Эрдэнэ өдгөө сайн барилдаж байна.
 
 
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин