sonin.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Эмэгтэйчүүдийн -48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг 5704 оноогоор дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ. Түүний жинд дэлхийн чансааг олимпийн аварга Косовогийн Дистриа Красники тэргүүлсэн байна. Мөн ОУХМ Г.Наранцэцэг 23-т эрэмбэлэгджээ. Энэ жингийн шилдгүүдийн нэг Г.Отгонцэцэг 44 дүгээр байрт жагслаа. -52 кг-д Францын Амандине Бущард тэргүүлсэн. Манай улсын тамирчин ОУХМ Л.Сосорбарам 15-д, Б.Хорлоодой 27-д жагссан байна.

 

-57 кг-д Канадын Жессика Климкайт тэргүүлж, олимпийн аварга Нора Кжакова хоёрдугаар байранд бичигджээ. Гавьяат тамирчин Д.Сумъяа 28 дугаар байрт жагссан юм. -63 кг-д олимпийн хошой аварга Францын Клариссе Агбегнену тэргүүлсэн бол ОУХМ Б.Ганхайч 23-т эрэмбэлэгдсэн байна.

 

-70 кг-д Хорватын Барбара Матич тэргүүлжээ. Манай улсын жүдоч Ц.Батцэцэг 98-д, Ц.Энхчимэг 99-д бичигдлээ. -78 кг-д Германы Анна Мариа Вагнер чансааг тэргүүлж, манай улсын ОУХМ О.Мөнхцэцэг 46-д жагслаа. +78 кг-д Францын Романо Дико тэргүүлсэн юм. Манай улсын тамирчин Э.Гандиймаа 70-д эрэмбэлэгдсэн байна. Энэ удаагийн чансаанд Япон улсын нэг ч тамирчин жингээ тэргүүлээгүй байна.

 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин