sonin.mn
Таван жилийн өмнө МХБХ-ны Үндэсний дээд лигт шинээр орж ирсэн “Андууд 220” ТТБ-ын дэргэдэх “Атлетик 220”  клуб богинохон хугацаанд олон амжилт гарган, түүнийгээ тогтвортой хадгалан бататгаж буй. Тус багийн зорилго зорилт зөвхөн багийн амжилтаар хэмжигдэх биш өөрсдийн бүхий л үйл хэргээрээ  Монголын хөл бөмбөгийн спортын салбарыг хөгжүүлэх  туйлын хүсэл  юм. 
Ази хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээн /AFC Cup/ 5-сарын 14-20-ны хооронд Хонг Конг улсад зохиогдох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Атлетик 220” клуб тоглох аж. Ингээд уг тэмцээн болон “Атлетик 220”  клубийн цаашдын зорилгын талаар багийн эзэн  Б.Билгүүн, Дасгалжуулагч Б.Гарьдмагнай, тамирчин /хаалгач/  Э.Мөнх-Эрдэнэ нартай ярилцлаа.  
 
-Яг өнөөдрөөс таван жилийн өмнө дээд танай баг шинэ түүхээ эхлүүлж байхад бид ярилцаж байжээ. Тухайн үед танай багийн зорьж байсан зорилго зорилтуудын ихэнх нь биелж, харин одоо дараагийн шинэ түүхээ бичихээр нэг шат ахихаар зорьжээ  гэж би ойлгосон. Энэ хугацаанд бүтээсэн түүхээ дүгнэн, дараагийн зорилго зорилтын тухай яриагаа эхэлье?
 
Б.Билгүүн: Дээд лигт доод лигээс орж ирсэн багууд амжилтаа хадгалж удаан оршин тогтохдоо тааруухан, буцаад доод лиг рүү  буудаг тал манай лигүүдэд бий. Харин манай багийн хувьд үргэлж өсөж, дэвшиж ирсэн бөгөөд лигт орсон жилээс хойш тогтмол эхний дөрөвт орж байгаа нь бидний тогтвортой амжилтыг илтгэж байгаа болов уу гэж. Энэ бүх хүчин чармайлт, амжилтын үр дүн өнөөдөр “AFC Cup” тэмцээнд оролцох хүртэл биднийг хөтөллөө. АХБХ-ноос хэрэгжүүлж буй клуб лиценжүүлэлтийн ажилд “Атлетик 220” клуб маш идэвхтэй хамрагдаж байгаа. Үүгээрээ бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн баг болох ажлыг эхлүүлээд байна гэж ойлгож болно. Лицензжүүлэх ажил нь маш нарийн процесс, шаардлага, шалгуур өндөртэй ажил байдаг. Олон улсын аудитын санхүүгийн тайлан зэргээс эхлээд боловсон хүчний бодлого, хүүхдийн хөл бөмбөгийн хөгжлийн хөтөлбөртэй болох, өсвөрийн дөрвөн насанд багтай, өөрсдийн гэсэн талбайтай байх зэрэг шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.  Хөл бөмбөг бол маш их хөрөнгө шаарддаг спорт гэдгийг бид бүгд мэднэ. Манайх шиг улсад хөл бөмбөгийн баг авч явна гэдэг амар биш. Нэн түрүүнд санхүүгийн асуудлыг шийдэх шаардлагатай болдог. Лицензжүүлэхтэй холбоотой санхүүгийн нэмэлт зардлууд гарах  хүнд сорилт хүлээж буй ч бид  хөл бөмбөгийн спортын ирээдүйн хөгжлийн төлөө үүнийг зайлшгүй хийх ёстой.
 
 
Э.Мөнх-Эрдэнэ: Энэ хугацаанд бид энгийн нэг клуб байгаагүй гэдгийг хөл бөмбөг сонирхогчид маань мэдэх байх. Бидний амжилт тамирчдын хүчин зүтгэлээс гадна багийн эзэд, олон жил тууштай дэмжиж байгаа спонсор байгууллагууд тэр дундаа манай багийг тууштай дэмжиж байгаа “Капитрон” банк, багийн арын албыг хашдаг олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээж байгаа гэж хэлмээр байна. 
 
-Хөл бөмбөгийн спортын хөгжилд хамгийн их тулгамдаж байгаа асуудал?
 
Б.Билгүүн:  Энгийн жишээ гэвэл бид Үндэсний дээд лигт түрүүлэхэд 50 сая төгрөгийн шагнал авдаг. Гэтэл зөвхөн энэ тэмцээнд зориулсан нэг багийн жилийн зарцуулсан төсөв багадаа 200 сая төгрөг болно. Олон багууд хоорондоо нийлээд зардлаа багасгаад лигийн тэмцээнд орж болох ч энэ спорт хөгжөөсэй, өрсөлдөөн их байгаасай гэсэндээ тэгдэггүй. Ивээн тэтгэж байгаа хүмүүс эндээс нэр хүнд, мөнгө гэхээс илүү энэ спортод хайртай учраас сэтгэлээрээ дэмждэг. Бодлогоор клубуудыг дэмжиж байж хөл бөмбөгийн спорт илүү хурдацтай хөгжих боломжтой. Монголд хөл бөмбөг сонирхдог зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүстээ лигийн тэмцээнээ хүргэх маркетинг менежментийн ажлыг өргөн цар хүрээтэй, далайцтай хийх шаардлагатай байна. Цаашлаад стандарт талбайн асуудал гээд нэрлэвэл асуудал их л дээ. Гэхдээ сүүлийн хэдэн жил багуудын хүчин чармайлтаар нилээдгүй  өөрчлөлт шинэчлэл гарч байгаа учраас хөл бөмбөгийн хөгжлийг гэрэлтэйгээр харж байна.  
 
 
Б.Гарьдмагнай: Бодлогын хувьд хоцрогдож байгаа учраас процесс удаан байна. Наад зах нь дасгалжуулагчид бэлдэх бодлого байхгүйгээс боловсон хүчин маш дутмаг. Хөл бөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тэр ч утгаараа маш олон үзэгчтэй, улс орны хөгжлийг тодорхойлдог. Бид энэ спортоор дамжуулан дэлхийд улс орноо сурталчилах  юм. Тамирчид маань зөвхөн тамирчнаа хийхгүй, ахуй амьдралаа өөр ажил хийж залгуулах шаардлага байсаар байгаа цагт дэлхийн хэмжээнд хөгжихгүй болов уу. Хэдийгээр энэ спортод үнэхээр хайртай багийн эзэд, тамирчид бүхнээ зориулж дээрх байдал бага багаар өөрчлөгдөж байгаа ч манай бусад багийн спортын төрлүүдтэй харьцуулвал хангалттай биш. Сүүлийн үед хүүхдүүд хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй болж үүнийг эцэг эхчүүд нь бас мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа нь их сайшаалтай санагддаг.
 
-Таван жилийн өмнө танай багт байсан тамирчид одоо ч гэсэн тоглож байна. Багуудын хооронд сайн тамирчдыг өөртөө авах өрсөлдөөн үргэлж байдаг. Танай багийн тамирчид багтаа үнэнч байдаг үнэт зүйл юу бол? Ер нь Атлетикийн бусдаас ялгарах ялгарал?
 
Б.Билгүүн: Манай баг байгуулагдсан цагаасаа эхлээд бүхий л зүйлийг стандартад нийцүүлж хийхийг хичээсээр ирсэн. Тамирчдын өмсгөл, бэлтгэл, шаардлагатай нэмэлт зүйлс зэрэг. Мэдээж багийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол тамирчид байдаг. Бидний хувьд багийн удирдлагууд тамирчидтайгаа маш сайн харилцаатай байдаг. Эзэд, тамирчид гэж зааг хаалт үүсгэхгүйгээр тамирчдаа аль болох ойлгож дэмжихийг хичээдэг. Мөн манай багийн бусдаас ялгарах  нэг давуу тал бол багийн дотоод уур амьсгал гэж боддог. Баг дотроо эв нэгдэлтэй, нэгдмэл нэг зорилготой байж байж амжилт гаргана. Энэ жилээс “Ази-Фарм” ХХК биднийг дэмжиж хамтран ажиллах болсонд маш их баяртай байгаа. Тамирчдын хамгийн сэтгэл зовоосон асуудал бэртэл гэмтэл байдаг. Гэмтэснийх нь дараа эмчлэх биш гэмтлээс урьдчилан сэргийлэх нь маш чухал. “Ази Фарм” ХХК тамирчдыг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай хамгаалалтын хэрэгслүүд болон тамирчдын дархлааг дэмжих витаминаар хангах юм. Энэ бол тамирчдыг дэмжиж байгаа том хөрөнгө оруулалт. Энэ мэтчилэн олон зүйл дээр үлгэр жишээ болж ажиллахыг эрмэлздэг нь тамирчдад таалагддаг болов уу гэж бодож байна. Мөн цалин хангамж ч энд яригдана.
 
Б.Гарьдмагнай: Атлетик 220 багийн онцлог гэвэл  ялагдах дургүй, тэмцэгч чанар гэж хэлмээр байна.  
 
-Б.Гарьдмагнай таныг дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд “Атлетик 220” баг хамгийн өндөр амжилтаа үзүүлж Үндэсний  дээд лигийн аварга болсон. Та энэ багт ирээд хамгийн түрүүнд ямар ажлыг эхлүүлж дээрх амжилтад хүргэсэн бэ?
 
Б.Гарьдмагнай: Би 30 жил хөл бөмбөг тоглож тамирчнаас дасгалжуулагч болсон. “Атлетик 220” багт ирэхээсээ өмнө насанд хүрэгчидтэй биш  хүүхдүүдтэй ажилладаг байв. Тэр туршлага ажлын арга барилаараа насанд хүрэгчидтэй ажиллаж болохгүйг ойлгосон. Арга барилаа өөрчилж, засч залруулах зүйлс нэлээд байв. Мэдээж дасгалжуулагчийн үүрэг  зөвхөн бэлтгэл хангах биш шүү дээ. Тамирчдын сэтгэл санааг дэмжих сэтгэл зүйч, заримдаа ах нь, найз нь байх шаардлагатай. Багтаа ирээд  мэргэжлийн тоглолт үзүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулах  тал дээр ажиллаж багийн бэлтгэлийн тоог нэмж ажилласан.  Үндэсний лигийн аварга болсон нь зөвхөн миний хөдөлмөр биш багийн нийт арын албаны хичээл зүтгэл ч хамаатай гэж хэлмээр байна.
 
-Хонг Конг улсад зохиогдох “AFC Cup” тэмцээнд “Атлетик 220” клуб монгол улсаа төлөөлөн оролцох гэж байна. Энэ тэмцээний тухай дэлгэрэнгүй яривал?
 
Б.Гарьдмагнай: Тухайн жилийн Үндэсний лигийн аварга болсон баг “AFC Cup” цомын тэмцээнд оролцох эрхтэй байдаг. 2019 оны аварга “Улаанбаатар Сити” баг оролцох байсан ч тэмцээн хойшлогдсон юм. Ингээд Монголын хөл бөмбөгийн холбооноос 2019, 2020 оны хоёр аварга лигээс гадуур нэмэлт хоёр тоглолт хийн нийлбэр оноогоор ялсан нь тус тэмцээнд оролцох санал тавьсныг манай хоёр баг дэмжин хүлээн зөвшөөрсөн.  Тоглолтын нийлбэрээр манай баг хожсон  учраас  энэхүү тэмцээнд явахаар болсон.
 
Б.Билгүүн: Манай баг энэ тэмцээнд сайн тогловол зөвхөн “Атлетик 220” багийн биш Монгол Улсын шигшээ болоод Монголын хөл бөмбөгийн  лигийн нэр хүнд дээшилж Азидаа чансаа өсөх юм. Тиймээс бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой. Гэхдээ цар тахал, хөл хорионы улмаас төлөвлөж, тооцоолж байсан ажлууд хойшлогдож, тамирчдын бэлтгэлжилт хангагдахад хүндрэлтэй болж байна. Гэсэн ч бид ямар нэг шалтаг, шалтгаан  тоочилгүй өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээж ажиллаж байна .Энэ дашрамд тэмцээнд оролцох бүхий л боломж нөхцлөөр хангаж байгаа ивээн тэтгэгч “Капитрон” банкны удирдлагууд болон хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. 
 
-Тоглох багуудын тухай?
 
Б.Гарьдмагнай: Хонг Конгийн хоёр баг, Тайваний Лигийн аварга нэг багтай нийт гурван тоглолт хийнэ. Өмнө нь манайх Хойд Солонгос гэх мэт судлах боломжгүй хаалттай багтай ихэнхдээ тоглодог байсан бол энэ жил судлах боломжтой багууд байгаа. Тоглолт хийх багуудын лиг эхэлчихсэн учраас биднээс давуу тал нь бэлтгэл сайн хангагдсан. Цар тахалтай холбоотой бодож төлөвлөсөн олон зүйл өөрчлөгдөж байна. Тэндээ дасан зохицох бэлтгэл ч хийж амжихгүй шууд тоглолтод орох нөхцөл үүсээд байгаа.
 
Э.Мөнх-Эрдэнэ: Тоглох багууд биднээс илүү их туршлагатай мэргэжлийн багууд. Гэхдээ энэ бүхнээс илүү өөрийгөө л хамгийн сайнаараа бэлдэх тал дээр анхаарч байгаа. Энэ бол зөвхөн Атлетикийн тоглолт биш  улсаа төлөөлөх учраас илүү их хичээх хэрэгтэй. Өрсөлдөгч багууд хэдийнээ багаараа бэлтгэлээ хийгээд явж байгаа. Харин манайх УОК хүсэлт гаргасан боловч зөвшөөрөл өгөхгүй байгаа учир нэгдэж тоглолт хийж чадахгүй байна. Бүгд гэртээ дасгалжуулагчийн ерөнхий зааврын дагуу бэлтгэлээ базааж байна даа.
 
-Э.Мөнх-Эрдэнэ та мөн улсын шигшээ багын хаалгач. Саяхан олны анхаарлыг татсан Японы багтай хийсэн тоглолтын талаар танаас асуумаар байна.
 
Э.Мөнх-Эрдэнэ: Дэлхийн хэмжээний багтай тоглох завшаан олдож  нэг талбайд хамт гарна гэдэг нэр хүндийн хэрэг бас том боломж юм.  Бүх юм хоёр талтай байдаг шүү дээ. Биднийг шүүмжилж байхад бидэнд урам өгч магтаж байсан хүмүүс ч байсан учраас авах гээхийн ухаанаар хандаж хүлээж авсан.  Хэдийн хожигдсон ч гэлээ би энэ тоглолтод үнэхээр сэтгэл хангалуун байгаа.
 
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод, бас хөл бөмбөгийн спорын хөгжлийн төлөө зогсолтгүй хийж байгаа шинэ санаачлага, ажлуудад  нь амжилт хүсье. 
 
Б.Билгүүн: Манай баг хамт олон боломжгүй гээд хойш суухгүй бүхий л хүч чадлаараа олон ажил зорьж эхлүүлж байна. Бидний ажил өнөөдөр биш ч арван жилийн дараа үр дүнгээ харуулна гэдэгт итгэлтэй байна. 4-р сарын 22-нд манай клубын 5 жилийн ой тохиож буй. Клубын удирдлага хамт олон, багийн нийт тамирчид, үнэн ч хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгч байгууллагууд болон бидний дэмжиж байгаа бүх хүмүүстээ 5 жилийн ойн баярын мэнд хүргэе.