sonin.mn
Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдсэн нь 61 жилийн хөгжлийн түүхтэй ширээний теннисчид анх удаа зуны олимпод оролцох эрхээ авсан баярт үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиов. Катарын Доха хотод болж өндөрлөсөн ширээний теннисний олимпын эрхийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар ганцаарчилсан төрлөөр олимпод дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх тийзээ авлаа. Монголчууд ийнхүү 13 дахь төрлөөрөө зуны олимпод оролцох гэж байгаа нь энэ. Энэхүү түүхэн амжилтыг эх орондоо авчирсан олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэнтэй онлайнаар ярилцлаа. Манай тамирчид өдгөө Казахтсаны Алматы хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм.
 
-Юуны түрүүнд баяр хүргэе. Монголын ширээний теннисний спортын түүхэнд шинэ хуудас нээж, олимпын анхны эрхийг хүртлээ. Сайхан үйл явдал тохиож байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Маш их баярлалаа. Монголд хөгжсөнөөсөө хойш 61 жилийн дараа олимпын эрх авлаа. Ширээний теннисний спорт нь Монголоос олимпод орж буй 13 дахь төрөл юм билээ. Тэмцээний хувьд өнгөрсөн жил зохион байгуулагдах нь тодорхой болсон байсан. Анх Тайландын Бангкокт болох хуваарьтай байж. Үүнийг манай холбооны дэд ерөнхийлөгч Д.Галсанбуян ах мэдээд, бидэнд боломж байгааг дуулгасан. Улмаар холбооны удирдлагууд шуурхай ажиллаж, шилдэг 16 тамирчны дунд сорил тэмцээн явуулж, хоёр тамирчныг шалгаруулсан. Би хоёр сонгон шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлснээр эрхээ авч байлаа. Сорилд эхний хоёр тоглолтод хожигдсон учраас боломж бага болсон. Гэвч тойргоор тоглосон учраас үлдсэн тоглолтууддаа ялалт байгуулж, намайг хожсон тамирчинтай оноо тоолж, миний бие дэд байрт шалгарсан юм. Анх ингэж олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн маань тодорхой хугацаагаар хойшилсон ч 2021 он гараад удаагүй байхад товоо зарлаж, болох газраар нь Катарын Дохаг сонгосон байсан. Ингээд үндсэн бэлтгэлдээ ороод, улмаар “Найрамдал” төвд нэгдсэн цугларалтад гарсан даа. Дохад Азийн бүсийн, дэлхийн гэсэн хоёр тэмцээн болсон. Бид Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээнээс эрхээ авсан.
 
-Олимпыг эрхийг ямар журмаар олгодог юм бэ. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын төрөлд эрх хэрхэн олгож байгааг манай спорт сонирхогчид мэддэг. Харин ширээний теннисчид яаж эрхээ авдаг талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаа болов уу?
 
-Өмнө нь нэг улсаас гурван тамирчин эрхийн тэмцээнд оролцдог байлаа. Гэвч 2012 оноос хойш бүх медалийг Хятадын тамирчид хамдаг болсон. Өөрөөр хэлбэл, алт, мөнгө, хүрэл медаль бүгд хятадуудын гарт очдог гэсэн үг. Тиймээс нэг улсаас хоёр тамирчин оролцуулах ёстой юм байна, ядаж нэг медалийг нь өөр орны тамирчин хүртэх нь шударга гэж шийдсэн юм билээ. Дохагийн тэмцээн нь олгох эрхээ бүсчилж хуваасан. Азийн бүсээс нэг тамирчин л эрх авна гэсэн үг. Ингэснээр таван бүсээс түрүүлсэн тав нь эрхээ шууд авлаа. Зургаа дахь эрхийг олгохын тул дэд аваргуудаас 2020 оны байдлаар олон улсад хамгийн өндөр чансаатай тамирчныг сонгох зарчмаар боллоо. Бидний оролцсон нь гуравдугаар сарын 18-20-нд болсон Азийн бүсийн тэмцээн юм. Хятад, Япон, Солонгосын шилдгүүд өмнө нь эрхээ авсан байсан учраас Хойд Солонгос, Гуам, Макао зэрэг орны тамирчидтай өрсөлдөв. Коронавирусийн цар тахлын улмаас Хойд Солонгосын тамирчид ирээгүй нь бидэнд том боломж олголоо. Ингэснээр миний бие Гуам, Макао болон нутаг нэгт тамирчинтайгаа тоглож бүсийнхээ аварга болсноор эрхээ авсан юм.
 
 
-Амьдралынхаа 22 жилийг энэ спортод зорилжээ. Бага хугацаа биш. Яг эрхээ авч байх тэр мөчид юу бодогдож байв. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд аавтайгаа хуваалцсан болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол миний оролцсон хамгийн том тэмцээн. Эрх олгох тэмцээнд оролцох юмсан гэдэг мөрөөдөл байвч боломж нь гардаггүй байлаа. Би шууд эрх авна гэж огт бодоогүй. Оролцох нь чухал, өөрийгөө хаана явааг мэдэх нь чухал гэж бодсон. Ний нуугүй хэлэхэд, олимпод өрсөлдөх эрх авна гэдэг холын мөрөөдөл байсныг нуухгүй. Манан шиг л харагдсан. Гэтэл боломж нь бүрдээд эхлэнгүүт сэтгэл зүйн хувьд хүнд болдог юм билээ.
 
Хэдийгээр бэлтгэлтэй байсан ч бүх зүйл цаанаасаа тэс өөр болоод эхэлсэн. Сэтгэлийн дарамттай байсан учраас бүх юм дуусаж, эрх авсны дараа баярлахаасаа илүүтэй маш их тайвшралыг мэдэрсэн. Тэгээд аавдаа хамгийн түрүүнд баярт мэдээгээ дуулгасан. Энэ хүртэл миний аав намайг хамгийн их дэмжсэн хүн шүү дээ. Аав ч их баярласан.
 
-Таны аав мэдсэн байсан уу?
 
-Мэдээгүй байсан. Гэнэтийн мэдээ болсон доо.
 
-Манай ширээний теннисчид  тэмцээн уралдаанд хэр оролцдог вэ. Дотоодын тэмцээн бол ойлгомжтой. Олон улсын тэмцээнд оролцох боломж, бололцоо хэр байдаг юм бол?
 
-Олон улсын тэмцээн маш их болдог ч бидэнд боломж хомс байдаг. Хамгийн сүүлд олон улсын тэмцээн гэвэл 2018 оны Азийн наадамд л оролцсон юм байна. Тухайн үед багаараа шилдэг 16 багийн нэгээр тодорч байсан. Түүнээс хойш 2019, 2020 онд тэмцээн уралдаанд оролцсонгүй. Бараг л гурван жил болж дээ. Манайхан ДАШТ, ААШТ, Азийн наадамд л оролцдог. Манай холбоо 2017 оноос хойш тогтмол олон улсын чанартай тэмцээнийг дотооддоо зохион байгуулдаг болсон. Манай холбооны ерөнхийлөгч О.Чулуунбат агсны нэрэмжит тэмцээн байна. Ер нь цаашид бидний оролцох тэмцээн уралдааны тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй явдаг.
 
-Бараг гурван жилийн дараа том тэмцээнд оролцлоо. Манай ширээний теннисний хөгжилтэй ижил түвшинд байдаг орнуудын тамирчдын ур чадвар хэр өссөн байна вэ?
 
-Ер нь бол маш хурдацтай хөгжжээ. Ширээний теннис өөрөө үзэгчдийн сонирхлыг татахын тулд дүрмээ өөрчилж байна. Бөмбөгний диаметр 38 байсан бол 41 болгож томруулсан байх жишээний. Бөмбөг томорсон учраас хурд нь удааширна. Удаан харилцдаг болно. Бөмбөгөө дагаад тамирчдын хөгжил арай өөр түвшинд очсон байгааг анзаарлаа. Гэхдээ мэдээж, огцом өснө гэж юу байх вэ. Аажим аажмаар өөрчлөгдөж байгаа юм билээ. Энэ бол сайшаалтай хэрэг. Манайд ч энэ спорт сүүлийн жилүүдэд сайн хөгжих болсон. Маш олон клуб байгуулагдаж, тэр хэрээр хичээллэх хүүхэд залуусын тоо өссөн. Өмнө 20 гаруй наснаас цойлж байсан бол одоо 15-18 насныхан тодорч гарч ирж байна. Энэ нь маш том давуу тал. Дотоод өрсөлдөөн сайжрахын хэрээр ур чадвар өсдөг жамтай. Аль ч спортын төрөл ийм. Цаашид бүр илүү хурдацтай хөгжинө гэж итгэж харж байна.
 
-Одоогийнхоос илүү өндөр түвшинд хөгжүүлье гэвэл юун дээр анхаарах ёстой юм бол. Шигшээ багийн тамирчны хувьд үзэл бодлоо хуваалцаж болох уу?
 
-Хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй. Маш их хэмжээний мөнгө байвал хөгжлийн хурдыг нэмэх болов уу. Жишээ нь, гадаадаас дэлхийн шилдэг дасгалжуулагч, мэргэжилтэн урьж ажиллуулъя гэвэл мөнгөтэй байх хэрэгтэй. Хангамж тал дээр бол манайх гайгүй шүү. Өөрийн гэсэн заалтай байна, материаллаг баазаар нэг их дутахгүй.
 
-Ширээний теннисний тэмцээний шагналын сан хэр байдаг юм бол, бусад спорттой харьцуулахад?
 
-Топ спортын төрлүүдийн хажууд бага шүү дээ. Олныг хамарч чаддаггүй учраас тэр юм болов уу. “World table tennis” гэдэг нэршил дор “А” зэрэглэлийн тэмцээнийг олон улсын ширээний теннисний холбооноос анх удаа зохион байгууллаа. Гэтэл энэ тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй, эмэгтэй хос гээд төрлөө хуваахаар шагнал бага байгаа нь мэдэгдэнэ. Дотоодод ч ялгаагүй. Жилдээ ганц, хоёр удаа өндөр шагналтай тэмцээн зохион байгуулдаг, манай холбоо.
 
-Олимпод таван тивийн “А” зэрэглэлийн шилдгүүд оролцоно. Дэлхийн топуудтай өрсөлдөх сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх вэ. Топ тамирчидтай тоглохын тулд ур чадвараас гадна сэтгэл зүйгээ дээд зэргийн түвшинд бэлтгэх ёстой байх. Сэтгэлзүйчтэй ажилладаг уу?
 
-Ширээний теннисний спорт өнгөрсөн жил анх удаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. Ингэснээр улсаас зохион байгуулж буй нэгдсэн бэлтгэлд тогтмол хамрагдах болсон нь том давуу тал юм. Дохад ирэхээс өмнө “Найрамдал”-д бэлтгэлд гарсан байхад сэтгэлзүйч доктор Ш.Долгор эгчээр хичээл заалгалаа. Өмнө нь сэтгэлзүйчтэй ажиллаж байгаагүй учраас манайханд шинэлэг байлаа, өгөөжөө ч өгсөн. Ер нь шигшээд багтдаг бусад спортын төрлийн тамирчидтай хамт бэлтгэл хийснээр манай залуучууд их зүйл сурсан, суралцсаар ч байгаа. Өөрөөр бол сэтгэлзүйчтэй ажилласан тохиолдол байхгүй. Мэдээж таны хэлдгээр сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд энэ чиглэлийн сургалт авах байх гэж найдаж байна. Монголд очсоны дараа энэ тал дээр илүү анхаарах болов уу.
 
 
-Казахстаны тамирчид дэлхийд дээгүүр эрэмбэтэй. Хамтарсан бэлтгэлээс юу хүлээж байна вэ?
 
-Дөнгөж эхэлж байна. Суралцах зүйл их бий. Хамтарсан бэлтгэл үр дүнтэй болж дуусна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
 
-Ширээний теннисний тамирчид хэр өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг нь сонин байх болов уу. Бэлтгэлийнхээ талаар мэдээлэл өгөх үү?
 
-Улс бүр өөрийн гэсэн онцлогтой. Том тэмцээн дөнгөж дуусгаад Казахстанд ирсэн учраас ачаалалтай бэлтгэлд ороогүй байна. Монголд очсон хойно албан ёсоор эхлүүлнэ. Өдөрт 7-8 цагийн бэлтгэл хийдэг, манай тамирчид. Ур чадвараа ахиулахын тулд нэг техникээ маш олон удаа давтана.
 
 
 
Ширээний теннис нь өөрөө маш олон техниктэй. Бусад спортоос үүгээрээ ялгардаг. Богино хугацаанд техникээ зөв хийх, сэтгэх бодох чадвар хурдан байх ёстой. Ер нь маш нарийн спорт.
 
 
 
Энэ спортын талаар хүмүүс ойлголт муутай байдаг бололтой. “Найрамдал”-д хамт бэлтгэл хийж байхад бусад спортынхон “Та нар бас гүйдэг байсан юм уу” гэж асууж байгаа юм чинь. Тэдний төсөөллөөр ракеттайгаа  л харьцдаг гэсэн ойлголттой. Гэтэл үнэндээ тийм биш. Бидний бэлтгэлийг хараад зарим нь гайхаж байсан шүү.
 
-Эрхээ авлаа. Дараагийн зорилго юу вэ?
 
-Олимпод хамгийн сайнаараа оролцоно. Үлдсэн хугацаагаа ашиглаад бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Ширээний теннис арай өөр түвшинд хөгжиж байна. Маш нарийн тактик руу явж байгаа юм байна, техникийн ур чадвар өндөр түвшинд байх ёстой. Монголын ширээний теннис хөгжлөөрөө “С” зэрэглэл буюу дундаж түвшинд байдаг. Гэтэл олимпод “А” зэрэглэлийнхэнтэй тоглох гэж байна. Тэднээс оноо салгах хэцүү. Тиймээс нэн түрүүнд тактикаа сайн боловсруулах хэрэгтэй болов уу. Багш нартайгаа л сайн ярилцаж, төлөвлөөд боломжоороо тоглоё л гэж бодож байна.
 
-Олимпоос наана оролцох тэмцээн юу билээ?
 
-Одоогоор тодорхой хуваарь алга. Монголд ч коронавирусийн улмаас тэмцээн уралдаан явуулах боломж хомс байх нь мэдээж. Ер нь олимпоос наана дотоодод тэмцээн болбол оролцоно. Энэ нь надад сайн бэлтгэл болно.
 
-Ширээний теннист бэртэл гэмтэл авах тохиолдол хэр олон байдаг вэ. Харахад аюулгүй спорт шиг?
 
-Өмнө нь гайгүй байсан. Одоо бол бөмбөг томорсноор тамирчдад хэцүү болсон. Магадгүй дотуур гэмтэл авах магадлалтай. Дээр хэлсэнчлэн бөмбөг томорсноор хурд нь удааширсан тул оноо авахад амаргүй. Халаалтаа сайн хийхгүй бол дотуур бэртэл авах тохиолдол авах нь нэмэгдсэн байгааг анзаарсан.
 
-Олимпын наадам нээлтээ хийхэд дөрвөн сар гаруй хугацаа үлдлээ. Хэр догдолж байна вэ?
 
-Одоохондоо бодож санасан, төсөөлсөн зүйл алга. Ямар ч байсан олимп бол тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Одоо бол бэлтгэлээ сайн хийж, амжилттай оролцоно л гэж бодож байна. Удахгүй судалгаа хийж, өрсөлдөгч нараа судална. Мөн сугалаа хэрхэн таарахыг харж л байя. Олимпод оролцож байсан Монголын бусад спортын тамирчнаас ч туршлага судална.
 
 
 
Сэтгэл хөдлөлөө ч сайн барьж оролцох нь зөв байх. Бөмбөг бүрийн төлөө хүчээ дайчилж, төвлөрнө. Токиогийн олимпод дараа нь харамсахааргүй л тоглолтыг үзүүлнэ гэж бодож байна.
 
 
 
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг гаргаарай?
 
-Маш их баярлалаа. Намайг дэмждэг та бүхэн байгаагүй бол өнөөдрийн Э.Лхагвасүрэн олимпын эрх аваад зогсож байхгүй байлаа. Мөн намайг үргэлж хурцалдаг өрсөлдөгч нар, тэдний дэмжигчид байгаагүй бол энэ амжилтыг гаргахгүй байсан байх. Та бүгдэд баярлалаа. Арыг минь даадаг, юу ч тохиолдсон хажууд минь байдаг аав, ээж, дүү, эхнэр, ах, эгч, эмээ нартаа баярласнаа хэлье.  Монголын ширээний теннисний холбооны удирдлагууд тэр дундаа дэд ерөнхийлөгч Д.Галсанбуян ахад талархсанаа илэрхийлмээр байна. Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, шигшээ багийн ерөнхий дасгал­жуулагч Б.Цэрэнтогтох, гадаад харилцааны менежер Б.Баярмагнай, “Улаанбаатар синема” компанийн захирал Ц.Энх-Амгалан болон Биеийн тамир, спортын улсын хорооныхоо хамт олонд танай сониноор дамжуулан чин сэтгэлийн талархал илэр­хийлье.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин