сонин mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын домогт хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле (Эдсон Арантис ду Насименту) мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэжээ. Энэ тухайгаа тэрбээр “Instagram” хуудсандаа мэдээлсэн байна.
"Өнөөдөр бол мартагдашгүй өдөр. Би вакцинд хамрагдлаа" гэж 80 настай тамирчин асан баруун мөрөндөө вакцин хийлгэж буй зургийнхаа тайлбар дээр бичжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр цар тахал үргэлжилсээр байгааг мартаж болохгүйг дагагч нартаа сануулаад, эрүүл ахуйн дүрмийг сахиж, аль болох гэртээ үлдэх, гадагш гарахдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барихыг уриалсан байна.
 
 
 
“G1” цахим хуудаст мэдээлснээр, Пеле Хятадын “Sinovac Biotech” компанийн бүтээсэн “Coronavac” вакциныг гэртээ хийлгэжээ.
 
 
 
Бразилд коронавирусний вакцинжуулалт нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус улс хүн амаа дархлаажуулахад “Sinovac Biotech” болон Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. Эдгээр вакцинаас гадна, Америкийн “Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн боловч одоогоор хүлээж аваагүй байгаа аж. Гуравдугаар сарын 1-ний оройны байдлаар хүн амынх нь 3.11 хувь буюу 6.57 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол 1.93 сая хүн (хүн амынх нь 0.91хувь) хоёр тунг хоёуланг нь тариулсан байна.
Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 114.1 сая гаруй хүн халдвар авч, 2.5 сая хүн нас баржээ. Хоёрдугаар сарын 26-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн Бразил улс халдварын тохиолдлын тоогоор (10 587 001) АНУ, Энэтхэгийн дараа гуравдугаарт орж байгаа бол нас барсан тохиолдлын үзүүлэлтээр (255 720) АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг