сонин mn
Ерөнхий сайд Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Тавантолгойн асуудал сураг алдраад байгаа. Тэгвэл чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ­ын гишүүн Ө.Энхтүвшин Тавантолгойн асуудал юу болсныг асууж, сурсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 
 
-Та нэгдсэн чуулганы хуралдаанд Тавантолгойн асуудлыг хэзээ хэлэлцэх талаар асуусан. Таны асуултад УИХ-ын дарга “Энэ асуудлыг нууцаар хэлэлцэнэ” гэх утгатай хариулт өгсөн нь ямар учиртай юм бэ? 
 
Тавантолгойг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. УИХ­аар хэлэлцүүлэхгүй явуулах гээд байгаа учраас УИХ­д заавал өргөн мэдүүл гэж шаардсан. Үүний дагуу өргөн мэдүүлсэн. Гэтэл өргөчихөөд байхад хэлэлцэхгүй байж болохгүй шүү дээ. Тавантолгойг зориуд саатуулаад байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх эсэхийг нь шийддэг ажлын хэсэг гаргачихсан. Тийм ажлын хэсэг өмнө нь ямар ч асуудал дээр гарч байгаагүй юм. 
 
Түүнчлэн Тавантолгойг голдуу эсэргүүцдэг бүрэлдэхүүнийг энэ ажлын хэсэгт оруулчихсан байна билээ. Би үүнийг гайхаад байна. Яагаад, юу нь болохгүй байгаа юм. Уг нь УИХ­аар хэлэлцээд, асуудлыг ний нуугүй, ил тод ярих хэрэгтэй. Хаалттай хэлэлцээд байх шаардлагагүй. Хэлэлцүүлгийн шатанд болж байгааг нь болгоод болохгүй бол засч залруулах чиглэл өгөөд ажилд нь оруулчихмаар байгаа юм. Гэтэл УИХ-ын дарга “Тавантолгойг нууцаар хэлэлцүүлэх гээд байгаа юм уу” гэж хэлж байх юм. Бүр гайхчихлаа. УИХ-аар хэлэлцүүлэх гэж байж яахаараа нууцаар байдаг юм. Нэг ийм л эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд яваад байгаа юм. 
 
-Хаврын чуулган завсарлахаас өмнө Тавантолгойг УИХ-аар хэлэлцэж амжих болов уу? 
 
-УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхгүй бол маш бага хугацаа үлдэж байна. Наадам дөхчихлөө, олон нийтийн анхаарал сулардаг шүү дээ. Тиймээс даруйхан л УИХ-аар оруул, болох эсэхийг нь ярилцъя л гэж байгаа юм. Уг нь УИХ дээр Тавантолгойг хэлэлцэх болохоос батлаад сүйд болоод байх зүйлгүй юм. Хамгийн гол нь энэ гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэж байна уу, үгүй юү, өмнөх тохирсон зүйлүүдтэйгээ авцалдаж байгаа эсэхийг л ярилцах ёстой. Тэгээд ч ер нь МАН Засгийн газарт орох үед Тавантолгой, Оюутолгойг явуулна гэж тохирсон. Ингэхдээ мэдээж бүх зүйл ил тод, нээлттэй байна. Монголын талд ногдох хувь аль болох их байх ёстой гэдэг зарчим барихаар шийдэлд хүрсэн юм шүү дээ. 
 
-Танай намын бүлгээс сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг Ард нийтээсээ асуух тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Хэдийд хэлэлцэх талаар мэдээлэл авсан уу? 
 
- Мэдээлэл алга. МАН-ын байр суурь бол хоёр статустай гишүүн байхаа больё л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг нь намын нэрсийн жагсаалтаар, нөгөө хэсэг нь тойрогт өрсөлдөж сонгогддог байх шаардлагагүй. Бүгдээрээ ард түмнээсээ буюу тойргоос сонгогддог байя л гэж байгаа. Гэхдээ энэ нь УИХ дээр саналын зөрүүтэй байгаа учраас ерөөсөө ард түмнээсээ санал асуучихъя. Ард түмнээр шийдүүлчиье гэж байгаа юм. Учир нь, төрийн эрх барих дээд байгууллагаа хэрхэн байгуулах вэ гэдэг нь ард түмний эрх ашгийн асуудал. Тиймээс ард түмэн шийдвэрээ гаргаг гэдэг үүднээс манай намын бүлгээс тогтоолын төсөл өргөчихсөн. 2011 оны үед мөн л манай намын бүлгээс ард түмнээс асууя гэдэг санал гаргаж байсан ч дэмжлэг аваагүй. УИХ асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй гэсээр байгаад л унагаачихсан. Одоо бодоход тухайн үед ард түмнээсээ асуучихсан бол зөв л хувилбар байх байж. 
 
-Ард түмнээс санал асуучихвал Сонгуулийн хуулийг хөндөхгүй байх боломжтой юү? 
 
-Нэг удаад ард нийтийнхээ саналыг асуучихсан байхад хуулийг хөндөх шаардлагагүй л дээ. -Санал асуулга явуулахад багцаагаар дөрвөн тэрбум төгрөг орно гэж тооцоолсон гэсэн. Энэ мөнгийг маш их гэж шүүмжлэх хэсэг байна л даа? Сонгуулийнхаа тогтолцоог нэг гольдролд оруулж чадвал дөрвөн тэрбум төгрөг тийм чухал биш. Гэхдээ мэдээж энэ мөнгөн дүнг эргэн харж таарна. Үнэндээ өнгөрсөн хугацаанд тэр байтугай л үрсэн шүү дээ. Хэдэн тэрбумаар нь л Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг үр ашиггүй зүйлд мөнгө зарсан. Гэтэл яг шаардлагатай зүйлдээ хөрөнгө гаргахгүй гэх юм. Сонгуулийн тогтолцоогоо хөдөлгөөнгүй зөв болгоод авчихвал хөрөнгө мөнгө бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Уг нь ард түмнээс санал асуудаг тогтолцоог нэг удаа хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Хууль нь байдаг, 20-иод жил хэрэглэж үзсэнгүй шүү дээ. Уг нь засгийн эрх ард түмний мэдэлд байдаг гэдэг атлаа тэднээсээ ямар ч асуудлыг нэг ч удаа асууж үзсэнгүй. 
 
-Санал асуулга явуулахад зардал, чирэгдэл их гарна гэх тайлбарыг СЕХ- ноос хийсэн. Цаашлаад “Ард түмнээс санал асуудаг тусгай заалттай. Томоохон асуудлаар л санал асуудаг” гэдгийг АН-ынхан хэлээд байгаа шүү дээ? 
 
-Энэ тогтоолыг явуулахгүй гэж бодож байгаа бол Үндсэн хууль энэ тэр гээд олон долоон юм ярьж болно л доо. Харин явуулъя гэвэл энд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн ямар ч зүйл байхгүй.
 
 
М.ӨНӨРЖАРГАЛ
 
Эх сурвалж: