sonin.mn

2014 он гарсаар цөмийн технологийг шагшин магтагчид эрс идэвхжиж, “урангүй бол хөгжихгүй, АЦC-гүй бол утаанаас салахгүй” гэсэн сурталчилгаа хичтэй явж байна. Мэдээж ингэхдээ байгаль орчноо хамгаалагчид болон иргэний нийгмийнхнийг “Арева мэтийн цөмийн компаниудыг шантаажилж, мөнгө нэхдэг”, “Орос Хятадын тагнуулууд” хэмээн эрээ цээргүйгээр гүтгэж, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо ч тэд мартсангүй.

Аливаа улс үндэстэн хүнд хэцүү байдалд орж, алдаж онохын дэнсэнд дээр ирэхэд эх оронч иргэд, тэр тусмаа сэхээтнүүдийн үүрэг асар чухал. Монголын эс ширхэг болсон миний бие эх орон нэгт ард иргэдээ цөмийн галд “хуйхлагдахаас” анхааруулан сэрэмжлүүлэлгүй, амиа хичээн нуугдаж сууваас эх орон, эцэг эх, эрдэм мэдлэг, эрхэм нандин итгэл үнэмшлээсээ урваж, тэднийгээ гутаан доромжилсон хэрэг болох буй заа.

Иймд цацрагийн аюулын хор хөнөөлийг илчилсэн богино нийтлэлүүд бэлдэж,  http://golomt.org дээр цувралаар хүргэж байхаар шийдлээ. Монгол хүн та үүнийг уншихдаа зөв бурууг мэргэн ухаандаа тунгаагтун.

Хүндэтгэсэн,

Доктор Э. Амарлин

АНУ

http://golomt.org


  ****     *****    *****

“Цөмийн технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд хэрэглэж байна. Энэ бол шилдэг, урдаа барих технологи, хөгжил дэвшлийн манлай мөн. Тийм учраас бид уранаа ухаж, АЦС барих ёстой” гэсэн утгатай мэдээ, ярилцлага гардаг болоод удаж байна. Харин би Н. Тэгшбаяр болон бусад цөмчдийн логикийг огт ойлгохгүй байгаа юм. Яаж сэтгэхээрээ эмнэлгийн рентген эсвэл томографын аппаратыг АЦС-тай зүйрлүүлдэг юм бол?



АЦС-ын дэргэд тэд чинь хүүхдийн тоглоом шүү дээ. Тэгшбаяр “мотоцикл жолоодож сурсан юм чинь олон улсын нисгэгч болж, Боинг онгоц жолоодмоор байна” гэж мунхаглах шийдчихсэн танхай гарыг санагдуулах юм. Танхай эр мотоцикл унаж яваад осол аваар хийвэл өөрөө л амь нас, эрүүл мэндээрээ хохирно. Харамсалтай, гэхдээ амьдрал үргэлжлэх болно. Харин танхай эрийн уршгаар Монгол улсын 3 сая иргэдийг суулгасан Боинг онгоц осолдвол яах вэ?

Ингээд АЦС ба цөмийн технологийн ялгааг Тэгшбаяр мэтийн “хөлдүү” толгойтнуудад тайлбарлая.

Цөмийн (цацрагаар шарах) технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн зарим салбарт хэрэглэдэг нь үнэн. Гэвч тэдгээр нь АЦС-д ашигладаг технологиос тэс ондоо. Тухайлбал:

1) Эмнэлэг, аж үйлдвэрийн багаж хэрэгсэлд халуун цөмийн урвал тасралтгүй явагдахгүй
2) Шарах цацрагийн тун/дооз бага, хүчин чадал, нөлөөллийн хүрээ хязгаарлагдмал
3) Хор хөнөөл нь хязгаарлагдмал, асааж унтраахад хялбар
4) Зөвхөн дунд ба бага түвшний цацраг идэвхтэй хог хаягдал гаргана (тэдгээр нь дээд тал нь 3 зиверт/цагт хүртэлx цацраг ялгаруулдаг).
5) Цацраг идэвхит хог хаягдлынх нь хагас задралын хугацаа нь богино–хэдэн цагаас хэдэн өдөрт задардаг
6) Ажиллах боловсон хүчинд мэргэжлийн шаардлага тавигддаг ч төдийлэн хатуу биш
7) Бага ба дунд түвшний цацраг идэвхит хаягдлыг тусгаарлаж, аюулгүй хадгалах боломжтой

Харин АЦС гэдэг бол:
1) Халуун цөмийн урвал тасралтгүй явагддаг
2) Асар өндөр цацрагийн тунгаар шардаг, хүчин чадал өндөр, нөлөөллийн хүрээ өргөн
3) Осол гамшиг тохиолдсон нөхцөлд хор хөнөөл нь хязгааргүй, реакторыг хүссэн үедээ асааж унтраах боломж байхгүй
4) Бага, дунд, ба өндөр түвшний цөмийн хаягдал (ашигласан цөмийн түлш) гаргадаг. Реактороос гаргаж, усан санд 10 жил хөргөөсөн ашигласан цөмийн түлшнээс 1 метрийн зайд 1 цаг зогсоход 200 зивертийн цацрагийн тунд хордож тэр даруй үхэлд хүргэнэ. 50 зивертийн тун авахад 7 хоногийн дотор нас бардаг.
5) Цөмийн хаягдал түлшний хагас задралын хугацаа нь хамгийн удаан буюу хэдэн сая жил
6) АЦС-ыг ажиллуулах боловсон хүчин нь өндөр мэдлэгтэйгээс гадна ажлын өндөр хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга батыг чандлан сахиж мөрддөг, онцгой нөхцөлд оновчтой шийдвэр гаргах чадвартай, амь биеэ золих зоригтой байх шаардлагатай. АЦС нь найдвартай харуул хамгаалалттай байна.
7) Цөмийн хаягдлыг хадгалах асуудлыг амжилттай шийдсэн улс орон өнөөдөр дэлхий дахинаа байхгүй

Тэгэж ярьвал цөмийн технологи гэдэг тэр болгон “хөгжлийн манлай” огтоос биш юм шүү. Энэ тухай бас хэдэн жишээн дээр тайлбарлая.

АНАГААХ УХААН: Xүний биед гэмтсэн гажигтай эд эсүүд олширвол хорт хавдар үүсдэг. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол үxэлд хүргэх нь гарцаагүй. Ийм тохиолдолд гажигтай эсүүдийг устгахын тулд цацрагийн эмчилгээ хийдэг. Цацраг туяа нь эд эсийг эрүүл өвчтэй гэж ялгалгүй шардаг учраас эрүүл эсүүд ч бас гэмтээж, хүний бие бүхэлдээ цацрагт хорддог. Цацрагийн эмчилгээний дараа үс унах, гүйлгэх, дотор муухайрах, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрч, амны хөндий, залгиур хоолой, бөөр шээсний зам, давсагны өвчин тусах нь элбэг. Тэгээд зогсохгүй,  хэдэн жилийн дараа үе мөчний өвчин, үргүйдэл, тунгалагийн хаван үүсч, хорт хавдар дахих аюултай талаар АНУ-ын Хавдар Судлалын Үндэсний Хүрээлэнгийн цахим хуудсанд бичжээ (National Cancer Institute: Radiation Therapy Side Effects гэж хайна уу). Зөвхөн гарцаагүй үхэл тулгарсан нөхцөлд хэдхэн жил ч атугай амьд явахын тулд аргагүйн эрхэнд л цацрагийн эмчилгээ хийлгэдэг болохоос шилдэг, аюулгүй, баталгаатай гэж цацрагийн эмчилгээг сонгодоггүй нь тодорхой биш гэж үү?


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ. Бага түвшний цацрагийг хөдөө аж ахуйд үр тариа, хүнсийг ариутгах, тэдний хадгалах хугацааг уртасгах зориулалтаар ашигладаг. Сүүлийн үед дэлхийн улс орнууд энэ аргыг өргөнөөр ашиглах болсон ч хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь сайн судлагдаагүй хэвээр байна. Тухайлбал, цацрагаар ариутгасан хоол хүнсийг урт хугацааны туршид хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй aжээ. Цацрагаар ариутгасан хүнсээр тэжээсэн лабораторийн хулгануудад хавдар ургах, нөхөн үржихүйн эрхтэн нь өвчлөх, үр хөврөл нь өсөлтгүй болох, зулбах, бөөр гэмтэх зэрэг сөрөг үр дагавар бусад хулгануудаас хавьгүй их тохиолддог нь судалгаагаар нотлогдсон. Үүний учир нь цацрагаар ариутгасан хоол хүнс хэрэглэснээр амин дэмийн дутагдалд орж, хоолны энзим идэвхгүй болж, ДНХ эс гэмтдэгтэй холбоотой байх гэж эрдэмтэд таамагладаг . Ийм ч учраас хөгжилтэй орнуудад чинээлэг иргэд нь зөвхөн органик хүнс хэрэглэж, өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаггүй. Харин цацрагаар шарсан, эсийн мутацид орсон хоол хүнс, үр тариаг дунджаас доош түвшний ядуу хүмүүс хэрэглэдэг байна.

Тухайлбал, АНУ-д байрлах Whole Foods” гэдэг  органик хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн цахим хуудсанд:
“Ионжуулах цацрагаар шарахад молекулийн бүтэц гэмтэж, өвчин үүсгэгч бие организмууд болон бактери, шимэгчид устдаг. Гэвч хоол хүнсийг цацрагаар шарснаар хүнсэн дэх амин чухал тэжээлийн бодисууд ч мөн ижил задран устаж, өвөрмөц төрлийн радиолит нэгдлүүд үүсгэдэг нь хүний биед хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй” гэж анхааруулсан байна. Тэр бүү хэл, тус дэлгүүр нь цацрагаар ариутгасан хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх хориотой жагсаалтанд оруулснаа зарлажээ (Whole Foods: Unacceptable Ingredients for Food).

Төгсгөлд нь:
Хүүхдийн живхийг үйлдвэрлэхэд цөмийн технологи ашигладаг гэж “томроод” байгаа ЦЭГ-ын газрын дарга н.Чадраа, АЦС барьж үзэх гээд загтнаад байгаа Н. Тэгшбаяр нарт хэлэхэд:

Хүүхдийн живх хийж болноо! Рентген томограф аппаратаа ч ажиллуулла! Тэгшбаяр сурснаараа визний луйвраа ч хийсэн яахав. Тэрнээс болоод Монгол улс сүйртэл өдий биз! Харин АЦС барьж “галаар наадна” эсвэл рентген багаж ажиллуулахын тулд, живх хийхийн тулд 60 мянган тонн уранаа ухна гэвэл ёстой яршиг шүү!!! Цацрагт баян ядуу, дарга цэрэг, эрүүл өвчтэй гэж ялгадаг “арын хаалга” байхгүй гэдгийг бас санаарай!

Жич: Ураны уурхайн хор уршгийн талаар бидний орчуулсан “Уран хэмээх хордуулсан өв” баримтат киног эндээс сонирхоно уу.