sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа

 

-МАН-ын гишүүд лоозон барьж суулаа. Тэмцлийн нэг хэлбэр гэж өөрсдөө тайлбарласан. Харин УИХ-ын дарга захирамж гаргаж хариуцлага хүлээлгэх ёстой гэлээ. Тэр хариуцлага нь торгууль. Өмнө нь ийм туршлага байгаагүй болохоор нийгэмд содон сонсогдох шиг боллоо. Та ямар бодолтой байна вэ?

-Ер нь хариуцлага хүлээлгэх ёстой. Гарцаагүй хууль зөрчсөн үйлдэл болсон шүү дээ. Биднийг жагсаал хийдэг байхад Төрийн ордноос хааш хаашаа 33 метрийн зайг төрийн тусгай хамгаалалтын бүс гэж үзнэ гээд ойртох л юм бол торгоод өнгөрөх биш зүгээр л аваачиад хорьчихдог байсан. Чуулганы хуралдааны танхимыг диванаар хааж суусан саяны явдал бол биднийхээс ч илүү ноцтой асуудал үүсгэсэн хэрэг болсон.

 

Яагаад гэвэл Төрийн ордонд төрийн үйл ажиллагааг зогсоож, саатуулна гэдэг бол байж болшгүй зүйл. Ард түмний сонголтыг хүлээж энд ирсэн хүмүүс ингэж авирлаж байгаа нь хууль зүйд ч, ёс зүйд ч нийцэхгүй. Ерөөсөө цагаан дээр хараар бичсэн Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн. Би энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Торгох ёстой, хариуцлага хүлээлгэх ёстой.



-Хэрэв эсэргүүцлээ ингэж илэрхийлээгүй бол Өвөрхангайд өрсөлдсөн АН-ын хоёр хүний тангаргийг хүчээр өргүүлэх байсан гэж МАН мэдэгдсэн. Хэрэв Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлсэн бол байдал бүр ноцтой болох байсан юм биш үү?

-Үгүй яахав дээ. Тэр тангараг өргөх ёслол болохгүй л байсан юм байна л даа. Би хувь гишүүнийхээ хувьд Г.Батхүү, Д. Зоригт нарыг тангараг өргүүлэхийг дэмжихгүй байсан. Үүнийгээ чуулган дээр хэлье гэж бодож байсан. Эвслийн бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлье гэж бэлтгэж байсан. Даанч хоёр өдөр ордон руу орох бололцоог жагсагсад өгөөгүй.

 

Ер нь бол шударга ёс, зарчим гэж байдаг бол шүүхийн шийдвэр энд тэнд будлиантай гарсан, улмаар эцсийн шийдвэр гараагүй байхад СЕХ асуудлыг шийдвэрлэсэн явдал байгаа. Түүнд нь би зохих ёсоор эсэргүүцлээ илэрхийлэх байсан. Харин МАН-ын УИХ дахь гишүүдийн хувьд хаалга үүд хаах байдлаар эсэргүүцлээ илэрхийлж болохгүй.



-Олон жилийн өмнө Л.Гүндалай хоёр ч удаа чуулганы хуралдааныг тасалдуулж байсан. Сая МАН-ын хувьд тэр явдалтай барьцах аяс цухалзаад авсан. Үнэхээр хариуцлага тооцох ийм механизм байдаг юм уу?

-Тухайн үед хууль нь ямар байсныг би сайн мэдэхгүй. Хуулиар ингэж зохицуулсан байсай юм уу, үгүй юмуу, эсвэл Л. Гүндалайгийн тэр эсэргүүцлийн дараа Төрийн ордны тухай хуульд тэр заалт орсон юм уу, би хууль батлагдсан хугацааг сайн мэдэхгүй юм. Тодруулах хэрэгтэй. Тэр үед ийм зохицуулалт байгаагүй бол Л.Гүндалайгийн үйлдэл хэвийн үйл ажиллагаа байсан.

 

Тэгээд ч Л.Гүндалай Монголын нийт иргэдийн тал хувь нь саналаа өгсөн тэр улстөрийн хүчний дуу хоолойг илэрхийлж байсан шүү дээ. Тэр өнцгөөс нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жинхэнэ сөрөг хүчин байсан гэж болно. Гэтэл чуулганы хуралдаан дээр түүнд үг хэлэх бололцоог олгоогүй. Заавал бүлэгтэй байж үг хэлнэ гээд л үгийг нь хаасан, боосон. Тэр утгаараа Л. Гүндалайн дуу хоолой шударга ёсны төлөө зохих ёсны үйлдэл байсан. Тэгээд ч төрийн үйл ажиллагаанд саад болоогүй. МАН-ын “буйданчдаас" зарчмын өөр зүйл байсан гэх үү дээ.



-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ирэх дөрвөн жилд аль салбарыг барьж ажиллах вэ?

-Би сонгогчиддоо ч хэлдэг байсан. Уянга гэдэг хүн яаж энэ 76 дундаас ялгарах вэ, ялгарахын тулд аль талыг барьж дуугарах вэ ч гэдэг байдлаар асуудалд хандахгүй гэж. Учир нь УИХ бол хувь хүний шоуны талбар биш шүү дээ. УИХ бол Монгол төрийн бодлого, нийгэмд байгаа бүх асуудлыг цогцоор нь олж хараад тэгээд шийдвэрлээд урагшаа хөгжих бодлогыг тодорхойлох талбар байх ёстой.

 

Гэтэл түмнээ төлөөлж ажиллана гэж амалж амалж гарч ирсэн гишүүд нь нэг нэг салбар барьж аваад, түүнийгээ л батлуулж байвал бусад нь падгүй ч гэдэг юм уу, тэрийгээ л имиж болгоод наагаад авья гэдэг ийм байдлаар хандах нь эрүүл биш. Дахиад л системийн өерчлөлт, Үндсэн хуулийн өөрчлөлт гэж яриад байгаа чинь үүнтэй л холбоотой.

 

Надад яг ингэж нэг сэдэв олж аваад, түүнийгээ духан дээрээ хаяг болгож наагаад тэгээд шоудаад явья гэсэн санаа алга. Зарчмын хувьд ямар ч байсан Оюу толгойн гэрээ буруу болжээ гэж уг гэрээ хийгдсэн цагаас эхлээд тууштай тэмцэж ирсэн. Үүнийхээ төлөө цаашдаа ч тууштай явна. Иргэний нийгмийн төлөөлөл болж гудамжнаас, тэмцлийн талбараас ирсэн хүний хувьд яаж олон нийтийг төрийн шийдвэр гаргах түвшинд илүү нөлөөлдөг болгох вэ, олон нийт төрдөө байнга хяналт тавьдаг тийм системийг яаж бий болгох вэ гэдэг тал руу илүү анхаарч ажиллана.

 

Ер нь бол миний гол баримталж буй зарчим бол төр өөрөө бүрэн бүтэн, зөв, эмх цэгцтэй нэг бүтэн систем байж тэгээд тэр Монголын хөгжлийг хангах гол институт байх ёстой гэдэг байр суурь юм. Энэ чиглэлээрээ Монгол төрийг боловсронгуй болгох, Монгол үндэсний үзэл баримталын хүрээнд монголчууд төрөө дээдэлдэг, төр нь иргэдийнхээ төлөө ажилладаг, цөөхөн хүн амтай улсын цогц систем цогц төр байх тэр чиглэл рүү дорвитой зүйл хийх юмсан гэж бодож байгаа.



-Та одоо бол УИХ- ын гишүүн. Албан тасалгааны цонхоор амьдрал ямар харагдах юм бэ?

-Нэг их тэнгэрт гараад ирсэн гэж өөрийгөө бодохгүй байгаа. Миний амьдрал хэвийн. Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хачирхалтай нь Их хуралд ороод ирэхээр намайг маш их баяжсан гэж боддог юм уу олон зуун хүсэлт ирдэг боллоо. Цахилгааны мөнгөө төлүүлэхээс эхлээд сургалтын төлбөр, гэр орон, байр гээд л бөөн өргөдөлд дарагдаж байна. Одоогоор миний нэр дээр мөнгөн дүнгээр тооцоход 300 гаруй сая төгрөгийн хүсэлт ирчихээд байна.

 

Гэтэл үүнийг шийдэх бололцоо надад яагаад ч байхгүй. Иргэд маань өөрсдөө 76 гишүүнээ буруугаар ойлгодог болчихжээ. Өмнө нь байсан 76 гишүүн буруу зүйлд иргэнээ сургачихсан байна. Өргөдлийн байнгын хороог үүнийг шийдэх гэж л байгуулсан. Би хүсэлт ирүүлсэн сонгогчиддоо “Та нарын сонгосон хүн юу хийх гэж УИХ-д орсон юм бэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

 

Та иймэрхүү хувийн асуудлаа шийдүүлэхийн тулд хаана хандаж болох вэ” гэдэг хариулт өгсөөр өдрийн талыг барах энүүхэнд байна л даа. Тэгэхлээр хууль тогтоохоосоо илүү сонгогчдод тал алдахгүй байхыг хичээдэг, тойрогтоо аар саархан зүйл хийсэн болж харагдахыг хүсдэг буруу хандлагыг нэгдүгээрт өөрчлөмөөр байна. Гишүүд маань хууль батлах гол үүрэг рүүгээ ормоор байна.

 

Иргэд маань түүнийг ойлгодог болмоор байна. Ер нь бол хууль батлах тэр үүрэг маш их маапаатай явдаг. Хуулийн эцсийн хэлэлцүүлэг хүртэл бүх шатанд тэр хуулийг сайжруулах бололцоо байдаггүй. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр ч шинэ санаа оруулах гэх мэт өөрчлөх зүйл их байна. Тэр хүрээнд би юуг нь өөрчлөх вэ, гажиг нь юу вэ, буруу нь юу вэ юуг нь яаж сайжруулах вэ гэдгийг эхнээс нь олж хараад явж байна даа.



-Наад санаагаа яаж хэрэгжүүлэх вэ?

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үүнийг өөрчлөх боломжтой гэдэг санаанууд төрж байна. Ерөнхийдөө Уянга гэдэг хүний хувьд төрийн түшээ боллоо гээд нэг их айхтар өөрчлөгдсөн, ард иргэдийн амьдралыг буруугаар хараад байх зүйл алга. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төрөө эхлээд сайжруулаад, төрийн бүх институциуд зөв цэгцтэй ажиллаад энэ хэдэн гажгуудыг багасгаад ирвэл аяндаа ард иргэдийн амьдрал сайжрах бололцоо бүрдэнэ.

 

Тэр бололцоог эхлээд сууриар нь хангах хэрэгтэй. Иргэн хүний асуудлыг нэг нэгээр нь шийдээд явна гэвэл энэ бол миний байх газар биш. Би хэдэн жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа Монголын төрийн институциуд байр байрандаа байдаг, хэн юу хийх ёстойгоо мэддэг тийм цэгцэрсэн эдийн засаг, ард иргэдтэй улс байгаагаа л хүсч байна. Тэр утгаараа би мэдээж урт хугацаанд улстөрөө, зорилгоо харж томьёолж ажиллаж байна даа.



-Энэ Засгийн газрын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Би Н.Алтанхуягийн Засгийн газрыг дэмжиж байгаа. Энэ засагт юм хийе, өөрчлөе гэсэн сэтгэл хүсэл тэмүүлэл харагдаж байгаа учраас тэр. Хоёрдугаарт, өнгөрсөн 22 жилийн хугацаанд АН анх удаа бүх шатандаа ялалт байгуулж байна. Ийм бололцоо өмнө нь олдоогүй. Энэ бололцоог бид ашиглая, монголчууд бүгдээрээ ашиглая. АН-д хийх ёстой юмаа, санаж сэдэж байснаа, хийх гэтэл Ардын нам саад болоод байсан , тэр зүйлээ хийгээсэй тийм сэтгэгдэл над төрж байна.

 

Тэр бололцоог олгоод зогсохгүй хамтарч хийх гээд үзье. Хэрвээ энэ бололцоон дээр Монгол орон өндийж чадахгүй бол бид Үндсэн хуулийн өөрчлөлт, нөгөө миний яриад байдаг хувьсгалаас өөр гарц Монголд байхгүй. Бололцоог нь олгоё л доо.

 


-Та өнөөх л хувьсгалынхаа тухай ярьж байна. Өөр бололцоо байхгүй гэж үү?

-Хувьсгалаас өөр гарц байгаа гэж хүмүүс мэтгэдэг. Тэгвэл байгаа гээд байгаа тэр боломж нь одоо бүрдлээ гэж үзэж ашиглая. Хэрвээ энэ бололцоо бидэнд эерэгээр ашиглагдахгүй бол Монголд хувьсгал гарцаагүй гэж би дотроо тууштай бодож явна.

Д.Дорж
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ”