
МОНТЕВИДЕО, 2025 оны тавдугаар сарын 14 /DW/. Уругвайн зүүний үзэлт Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгссөн талаар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мягмар гарагт мэдэгджээ.
“Нөхөр Пепе Мухика таалал төгссөн тухай мэдээг та бүхэнд гүнээ харамсалтайгаар дуулгаж байна. Тэрбээр Ерөнхийлөгч, идэвхтэн, чиглүүлэгч, удирдагч байсан билээ. Эртний анд минь, бид чамайг маш их санах болно” гэж Я.Орси X хуудсандаа бичсэн байна.
2024 оны тавдугаар сард Х.Мухика улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд улмаар элэг рүү нь тархжээ. Ерөнхийлөгч асан хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа талаар түүний эхнэр Люсиа Тополанский энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна. Латин Америкийн төдийгүй дэлхийн бусад орны зүүний үзэлт удирдагчид талийгаач Х.Мухикад хүндэтгэл үзүүлж байна. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес мэдэгдэхдээ, туршлага, мэргэн ухаанаар дүүрэн түүний зөвлөгөөг би үргэлж санаж явах болно гээд, Х.Мухикаг “ах” хэмээн тодорхойлсон байна. Харин Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум X хуудсандаа бичихдээ, Х.Мухика бол “Латин Америк төдийгүй дэлхий дахинд үлгэр дуурайл болсон эрхэм билээ” гэжээ.
Зүүний үзэлт Луис Инасио Лула да Силвагийн тэргүүлсэн Бразилын Засгийн газар Х.Мухикаг “манай үеийн хамгийн агуу хүмүүнлэг үзэлтнүүдийн нэг” хэмээн мэдэгджээ.
Испанийн социалист Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэхдээ, Уругвайн Ерөнхийлөгч асан “илүү сайн сайхан ертөнцийг цогцлоох үйл хэрэгт итгэж, түүний төлөө ажиллаж, амьдарч байсан юм” гэсэн байна. Х.Мухика 2010-2015 онд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” гэдгээрээ алдаршсан юм. Тэрбээр ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа цалингийнхаа ихэнхийг буяны ажилд зориулдаг байжээ.
Хэрэглээний соёлыг эрс шүүмжилдэг Х.Мухика албан ёсны үйл ажиллагаанд ихэвчлэн шаахай өмсдөг байв. Түүнчлэн Монтевидео хот дахь ерөнхийлөгчийн ордонд амьдрахын оронд нийслэл хотын захад орших жижиг фермдээ амьдарч байлаа.
Тэрбээр Уругвайг либерал, дэвшилтэт бодлогын "цайз хэрэм" болгон хувиргасан нь авлига, дарангуйллын засаглал газар авсан Латин Америкийн бүс нутагт түүний байгуулсан онцгой гавьяа юм. Тэрбээр мөн засгийн эрхийг барьсан таван жилийн хугацаандаа үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0