sonin.mn
Тусгай дуут гэрэл дохио нь зөвшөөрөгдсөн өнгөнөөс хамаарч тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрмийн зарим зүйл заалтыг мөрдөхгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох зэрэг эрхийг олгосон байдаг.
 
Тусгай дуут гэрэл дохионы хэрэглээг хязгаарлах, сахилга дэг журмыг тогтоох чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Тус ажлын хүрээнд 2016 онд батлагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/62 дугаар тушаалыг хүчингүй болгож Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалыг батлуулаад байна.
 
Шинэ журам батлагдсанаар А/62 дугаар тушаалаар олгогдсон зөвшөөрлүүд /Тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгслүүдэд олгогдсоноос бусад/ хүчингүй болсон. 
 
Шинэчлэгдэн батлагдсан А/292 журам нь: 
 
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлсэн
2. Хэрэглэх субектуудын тоог багасгаж, субектуудыг тодорхой болгож өгсөн
3. Зөвхөн тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгсэлд тавьж хэрэглэхээр заасан. Ингэхдээ MNS4979:2016 Монгол Улсын стандартыг хангасан байхыг шаардана.
Цаашид цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхнийг дүрэм, журам зөрчиж тусгай дуут гэрэл дохиог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хэрэв зөрчсөн тохиолдолд Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
 
 
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА