sonin.mn

 

Саяхан МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч гишүүн Г.Пүрэв-Очир нар Тува улсад судалгаа шинжилгээний албан томилолтоор ажиллаад ирсэн ба уг айлчлалын үеэр Тува улсын www.tuvaonliv.ru сайтад ийнхүү нийтэлснийг хөрвүүлэн уншигчдаа хүргэж байна.
 
Тува Улсын үндэсний бөх курашийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий сайдын орлогч Анатолий Дамба-Хуурак Монголын ҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч гишүүн Г.Пүрэв-Очир нартай уулзав. Уулзалтанд Тувагийн талаас чөлөөт бөхийн спортын мастер, Оросын БТТ Ажилтан, ТБНУ-ын гавьяат ажилтан Маадыр Монгуш, чөлөөт бөхийн европын аварга, дэлхийн цомын аварга Аяноол Ондар, нэрт тамирчин Оргелээр Ондар, Владимир Монгуш, Владимир Тулуш нар оролцлоо.
 
Монголын төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь хоёр улсын бөхийн холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Тувагийн түүхийн архивт хадгалагдаж байж болох Монгол улсын 1924-1945 оны наадмын материалыг үзэж, танилцах явдал байлаа. Анатолий Дамба-Хуурак дарга хоёр улсын бөхийн туршлага солилцох явдлыг ямагт дэмжин сонирхож байдгаа хэлээд эрдэм шинжилгээний ажлын холбогдолтой түүхэн архивын материалыг үзүүлэхэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
 
Энэ үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан хэлэхдээ:
 
-Сүүлийн үед амжилттай хөгжиж буй Тувагийн үндэсний бөхийг улам хөгжүүлэх талаар чармайн ажиллаж байгаа Тувагийн бөхийн холбооны хамт олонд амжилт хүсээд, Монгол улсын заан Д.Бумбаярыг гавьяат ажилтан цолоороо шагнасан явдалд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Д.Бумбаяр зааны “Алдартан” хэмээх бөхийн клубт Тува улсын арслан Андрей Хертек, Эрес Кара Сал зэрэг бөхчүүд суралцаж байгааг онцлон тэмдэглэв.
 
ҮБХ-ны төлөөлөгчид монгол үндэсний бөхийг ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлсэн, мөн 6016 бөх барилдуулж Монгол бөхөө дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсэн тухай, Монгол бөх бол Монголчуудын дунд хамгийн их нэр хүндтэй спорт тул төр болон ард түмнийхээ дэмжлэгтэйгээр эрчимтэй хөгжиж буй тухай ярьсан юм.
 
Тэрчлэн Тува улсын алдартай бөхчүүдийг Монголчууд сайн мэддэг. Монголын бөхийн холбооны “Бөх” сонинд европын 3 удаагийн аварга, дэлхийн 2 удаагийн мөнгөн медальт Лориса Оржакын тухай 2 удаа сонирхолтой нийтлэл гарсан тухай ярилаа.
 
Монголын төлөөлөгчид Анатолий Дамба-Хууракт кураш бөхөө амжилттай хөгжүүлж байгаад баяр хүргээд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулав. Мөн Тувагийн бөхчүүдийг МҮБХ-ноос зохион байгуулдаг “Хөдөөгийн хүчтэн” барилдааны баруун бүсийн хэсэгт баг бүрдүүлэн оролцох боломж олгосны зэрэгцээ өсвөр, залуучуудын, 20-21 настай залуусын УАШБ болон улсын наадмаас бусад бүхий л барилдаанд оролцох бололцоотойг мэдэгдлээ.
 
Эдгээр төлөөлөгчид Тува улсын биеийн тамир спортын багш, дасгалжуулагч нартай танилцаж, спортын сургуулиудаар айлчилж, Тувагийн түүхийн архивыг үзэж, танилцсан юм.
 
Эх сурвалж: “Бөх”