Засгийн газраа хамтран байгуулсан “МАНАН” сарних нь тодорхой болж байна. Өнгөрсөн даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байсан учраас хойшлуулсан.
Гэхдээ АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Үүнийг дүгнэж үзсэн.
Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн” гэсэн бол дэд дарга Ш.Түвдэндорж “Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр зохистой байгаа талаар судалгаа явуулахад 1000 оролцогчын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн байна лээ” гэсэн нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хамтарсан Засгийн газраас МАН-ыг шахан гаргахаар сэтгэл шулуудсаныг нотлох ноцтой дүгнэлт гэж ойлгож болно.
Түүгээр ч зогсохгүй бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийг сайжруулахын тулд засаг, эдийн засаг, эдийн засаг гэх уриатай Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар эдийн засгийг огт сайжруулаагүй байна. Хамгийн наад зах нь МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа.
Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар” хэмээн нэр цохон шүүмжилсэн нь АН-ын бүлэг Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас МАН-ыг шахан гаргахаар эргэлт буцалтгүй шийдсэний хамгийн бодитой нотолгоо мөн.
Хамтарсан Засгийн газраас МАН-ыг шахаж гаргахаар зөвхөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч санал нэгдээгүй бололтой. Хамгийн сүүлд өчигдөрхөн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралджээ. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргасан байна.
Мэдээж УИХ дахь АН-ын бүлгийн дарга, “Монроуд” компаниараа овоглогддог Б.Гарамгайбаатарын хувьд олон жил бизнес хийсний хувьд ч, АН-ын томоохон санхүүжүүлэгчийн нэгний хувьд ч аливаа асуудалд тун ч хатуухан байр суурьтай оролцдог нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа МАН-тай хэл амаа ололцох, найр тавих, буулт хийх тун дургүй Б.Гарамгайбаатар дарга олдсон боломжийг алдахыг хүсэхгүй нь тодорхой.
Мэдээж тэрээр С.Бямбацогттой гар барилцаж, Ц.Нямдоржтой тэврэлдэхийг хүсэхгүйгээс гадна хамгийн гол нь яагаад ч чадахгүй. Тэгээд ч МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн үед юм л бол “Намраас байдал тун хүнд болно. Ирэх 10 сард дахин сонгууль явуулах юм уу, оны төгсгөлөөр Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр арга байхгүй” гэж ярилцлага өгөөд байгаа нь хамтарсан Засгийн газар тун богинохон настай болсныг мэдэрсэн хүмүүсийн дүгнэлт гэхээс өөр гаргалгаа олдохгүй байгаа юм.
Ерөөсөө л анхнаасаа хамтрах хэрэггүй гэдгийг Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа гээд олон гишүүн ил далд сануулсаар, шаардсаар байсан нь ийнхүү биелэлээ олоход ойрхон болжээ. Түүнээс гадна шаварт унасан шарын эзэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат хүртэл сүүлийн үед нөмрөн ирж байгаа бодит байдалтай эвлэрч, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал улам л муудаж байгааг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдынхаа эсрэг утга агуулгатай үг яриа цухалзуулах болоод байгаа.
Өнөөдрийн хувьд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал өдрөөс өдөрт муудаж, улсын өр 20 тэрбум ам. долларт хүрээд байгаа эгзэгтэй үед МАН ч долоон сайдын суудалтайгаа үхэн хатан зууралдаж, хожим улс орныг дампууралд хөтлөн оруулалцсан гутамшигт хутгалдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Товчхондоо “МАНАН”-гийн Засгийн газраас МАН хөөгдөх юмуу, сайн дураараа орхин явах хоёр сонголтын өмнө зогсож байна.
Хувсгалын тохироо бүрэлджээ. Харин АН түрүүлж шилбүүрээ далайх нь уу, МАН өрсөж хаалгаа гаднаас нь хаах уу гэдэг нь зүгээр л цаг хугацааны асуудал болов. Магадгүй наадмын өмнө сурсан зангаараа өөрсдийнхөө дууг дуулан зам замаа хөөж одох болов уу. Тэгэхгүй бол аль аль нь түүхийн өмнө хүлээх хариуцлагад татагдаж, ард түмнийхээ өмнө нэр хүнд нь шалдаа унах гээд байна. Ер нь л онигоонд орж эхэллээ л дээ.
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Хэн нь түрүүлж завинаас үсрэхээ үзэх гэж уралдаж байна даа. Шийдлийн ЗГ нэртэй завь живэх нь анхнаасаа тодорхой байсан шүү дээ.Түрүүлж үсэрсэн нь амь гарна гэж бодож байгаа нь эндүүрэл.Бүгдээрээ живж таарна.
Мэнхбат улс тор мэдэхгуй бууны МАН ын нохой шуу дээ бага шиг хоол хэрэгтэй юм байна
Муу нохой Минь хотонд очих Хурц МАН нохойнууд минь