sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын нийслэл Москва хотын Манежная талбайд байдаг маршал Г.К.Жуковын хөшөөг Улаанбаатарт шилжүүлэн өгөх хүсэлтийг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргажээ. Энэ тухай Монголын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Ш.Алтангэрэл мэдээлсэн байна. Маршал Жуков бол БНМАУ-ын баатар, Улаанбаатар хотын хүндэт иргэн хүн юм. Монголчууд 1939 оны Халх голын тулалдаанд оролцсоныхоо төлөө ЗХУ-ын Баатар цол хүртсэн нэрт жанжинд зориулж нийслэл хотдоо музей байгуулсан бөгөөд дээрх хөшөөг уг музейн дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж.
 
“Маршал Жуков Калуга хотод төрсөн хүн, харин Монголд байхдаа тэрбээр цэргийн жанжин болсон тухай өгүүлсэн захидлыг хүргүүлсэн. Хөшөөг Калуга хотод бус Улаанбаатар хотод шилжүүлэн авчрах боломжийг Москвагийн эрх баригчид хэлэлцвээс тун сайнсан” гэж Ш.Алтангэрэл ОХУ-ын Сонгуулийн төв хороотой хамтран зохион байгуулж буй Орос, Монголын харилцаанд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээх үеэрээ хэлжээ. ЗХУ-ын баатар маршал Г.К.Жуковын хөшөөг 1995 оны тавдугаар сарын 8-нд Аугаа Эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулж Түүхийн музейн өмнө Манежная талбайд байрлуулсан байна. Нэрт жанжныг морь унаж байгаагаар дүрсэлжээ.
 
Манежная талбайд байрлуулсан Жуковын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Уг хөшөө нь “цэргийн сэдэвт бэлгэ тэмдэгт тохирохгүй байна” гэж  “Офицер ахан дүүс” сангийн ерөнхийлөгч Владимир Михалкин урьд нь мэдэгджээ. Жуковын шинэ хөшөөг хэдийн бүтээсэн бөгөөд шинжлэх ухаан, урлагийг ивээн тэтгэгчдийн хандиваар байрлуулж магадгүй гэж тэрбээр хэлсэн байна.
 
Манежная талбай дахь Жуковын хөшөөг Калуга мужийн төв дэх Жуковын музейд шилжүүлэх хүсэлтийг Жанжныг дурсах нийгэмлэг өнгөрсөн оны намар Москва хотын Думд гаргажээ.
 
Д.Жаргал