sonin.mn

Оюутан бүрт олгох 70 мянган төгрөг тойрсон асуудлаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын Ахлах мэргэжилтэн Б.Баднайнямбаас зарим зүйлийг тодрууллаа.

-Cap бүр оюутнуудад 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?


-Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль 2012 оны нэг сарын 1-нд батлагдсан. Мөн Засгийн газрын 2012 оны XIX тогтоол гарсан. Энэ тогтоолоор дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагсдад тэтгэлэг олгох журам гарсан. Энэ журам нэг сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Энэ дагуу оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг олгож эхэлсэн. Эхний ээлжинд нэгдүгээр сарын мөнгө гэж 70200 төгрөгийг олгосон.

-Үндэсний тэтгэлгийн мөнгө хэрхэн олгогдож байгаад шалгалт хийсэн. Шалгалтын үр дүн ямар гарав?


-Оюутанд олгох үндэсний тэтгэлэг 70200 төгрөг ямар байдалтай хэрхэн тараагдаж байгаа талаар шалгалт хийсэн. Шалгах явцад зарим нэг дутагдлууд илэрсэн. Оюутны тэтгэлгийг хууль тогтоомжид заасны дагуу хугацаанд нь олгох асуудал оройтсон. Энэ мөнгө банкаар дамжин олгогдох учраас оюутнуудад заавал карт олгох шаардлага гарсан. Карт тараагдах ажлаас болж нэлээд удааширсан. Мөн сургалтын төлбөрт нь суутгасан, үндэсний тэтгэлгийн оронд бараа материал өгсөн тохиолдол гарсан. Энэ байдлыг манай ажлын хэсэг газар дээр нь шалгаад алдаа дутагдлыг нь зогсоосон байгаа. Үндсэндээ нэгдүгээр сарын үндэсний тэтгэлэг бүх сургуулиудад олгогдсон. Нөгөө талаар оюутнууд өөрсдийн алдаа дутагдлаас болж олгогдохгүй байгаа. Жишээлбэл бичиг баримтын зөрчилтэй хүүхдүүд байна. Үүний үр дүнг хэлэлцээд, энэ дагуу БСШУ-ны сайдын тушаал гарсан. Сайдын тушаалыг үндэслэн их дээд сургуулиудад тодорхой үүрэг өгсөн байгаа.

-Хоёр, гуравдугаар сарын мөнгө олгогдохгүй нэлээд удлаа. Энэ саруудын мөнгө хэзээ сургуулиудын дансанд орох вэ?


-Үндэсний сургалтын тэтгэлгийг улирал бүрийн эцэст олгож байхаар журам гарсан. Одоогийн байдлаар хоёр гуравдугаар сарын сургалтын тэтгэлэг ихэнх сургуулийн дансанд орсон байгаа.

-Оюутанд үндэсний тэтгэлгийг нь олгохгүй байгаа тохиолдол гарсан. Энэ байдалд ямар арга хэмжээ авсан бэ?


-Үндэсний тэтгэлгийг хууль тогтоомжид заасны дагуу олгохдоо удаа дараалан зөрчил гаргасан сургуулийн сургалт явуулах зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авна. Энэ бол хариуцлагын тогтолцооны заалт юм. Энэ тогтоолыг бүх сургуулиудад хүргүүлсэн байгаа.

Э.Цэрэнлхам

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин