sonin.mn
Улсын бүртгэлд бүртгүүлсэн учиргүй олон нам байх, Монголд. Угтаа хоёр нь амьд, бусад нь улс төрнйн ээлжит сонгуулийн үеэр ичээнээсээ цухуйдаг. Ядаж байхад амьд арзайж мэнд мэлтийж байгаа хоёр нам нь нийлж үгсээд нэг бус удаа бантан хутгаж орхисон. Хутгасан бантангийнх нь амт тун тааруу.
 
Тийм ч учраас эгэл түмэн хоёр том намаа МАНАН хэмээн бөөндүүлэн нэршээд заншчихаж. Гэхдээ бөөндөлт бараан зах, бүр тодруулбал Эрээнээс үүдэлтэй үг хэллэг шиг санагддаг юм. Ерөнхийдөө 1990-ээд онд зах зээлд шилжсэнээс цагаас төрийн алба эзгүйдэж, төрлийн бизнес итгэл төрүүлж байх үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэсэн үг.
 
За даа, бараг л тэр үеэс дээ баахан намууд цоо шинээр мэндэлсэн ч ихэнх нь ичээндээ гэдэг шиг байдалтайгаар аж төрсөөр өнөөг хүрчээ. Сүүлийн үед МАНАН-г сарниах талаар их дуугарах болж. Зүйн хэрэг л дээ.
 
Байгаль дээр ч гэсэн манан татахаар хамаг зүйл бүрсийж бүүдийгээд холын юм ч харагдахгүй дүнсийгээд нэг л биш санагдаад эхэлдэг. Түүн лүгээ адил улс төр МАНАН татахаар улс орны хөгжил цэцэглэл удаашраад төр засгийн толгойд суугчид үүрэг хариуцлагаа умартаад эхлэх нь гайхах эүйл биш.
 
Ер нь бол байгалийн үзэгдлийн нэрийг зээлсэн л болохоос базаахгүй явдал гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгээд яахав... Нар гарч манан бууж хольш бараа харагддаг шиг явдал улс төрд ч бас өрнөнө гээд хүлээгээд байвал тэнэг хэрэг болно.
 
Ингэхэд эгэл түмний хэлж заншсанаар улс төрийн МАНАН-г хэрхэн сарниаж уулын орой дахийг тод томруун харж болох вэ гэх бодол төрөөд байна. Нэг нөхөр ярьж байна... Сарниаж болноо, гагцхүү МАН-д нэг гайгүй хүчирхэг удирдагч гарч ирэх хэрэгтэй байна. Занданшатар шиг луйварчин биш, Энхтүвшин шиг унжуу биш.
 
Хэн байхав гэдэг нь удахгүй тодрох биз. Тэгээд Ардчилсан коммунист намыг тарааж одой нарын засаглалыг дараагийн сонгуулиар эгнэгт авч хаях хэрэгтэй. Ганцхан жилийн дотор Монгол Улсыг элгээр нь хэвтүүлээд цадахгүй, гүйцээж авах гэж байх шиг байна. Би л хувьдаа МАН-аас арай илүү дүн нуруутай, хүчтэй төр босч ирнэ гэж боддог.
 
Ардчиллынхан бол биш ээ. Баабар биш. Энхболд биш, Алтанхуяг бол бүүр биш. МАН-ыг одоохон тараая гээд байгаа нөхөд бол гудамжнаас, шуудхан хэлэхэд лааз өшиглөгчийн байр сууринаас АН ялсны дараа хурган даргын местэнд очсон нянгаруудын мөрөөдөл. МАН-ын хувьд маш зөв шүү дээ.
 
Сайд дарга болоод төрчихсөн юм шиг царайлдаг бас боддог өчнөөн хувалзнуудаасаа одоо салж байна. Энэ бол хамгийн том ялалт. Хэн нь хэн бэ гэдгээ тод хардаг болсон нь гол ололт. Одоо хүчирхэг лидер хэрэгтэй. Эргээд чангарах бүх ирээдүй нь байна... гэж.
 
Бас нэг нөхөр ярьж байна. МАН төрийн эрх барьж байх үед ямар байлаа даа. Монголчууд мартаагүй. АН олонх болж Засгийн газраа олон төлөөлөлтэйгээр байгуулснаар манай улсад ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж байна. Эдийн засгийн хямрал энэ тэр яах вэ. Хүн төрөлхтөн, дэлхийн түүхээс харвал байдаг л асуудал.
 
Н.Алтанхуягийн Засгийн газар сайн ажиллаж байгаа. Арав хорин жилийн түүхэнд энэ засаг шиг их ажил амжуулсан засаг байгаагүй юм шүү гээд л тууж өгч байна.
Гэхдээ МАНАН-г сарниах хүсэл хүмүүст байгаа нь тодорхой. Гагцхүү яаж гэдгээ л ягштал тодорхойлж чадахгүй байх шиг.
 
Хэрвээ ардчилсан нийгмийн загварт бичснээр явсан бол манайд МАНАН татахгүй байх боломж их байсан гэж бодогдоод байгаа юм. Нөгөөтэйгүүр хичнээн их улстөржсөн ч жижигхэн Монголд хамаатан садангүй, ах дүүгүй, танил талгүй хүн байхгүй болохоор...
 
Дээр нь хачин их хамаатансаг сэтгэлгээ биднийх болохоор л МАНАН татчихсан юм биш үү гэх хардлага бий, надад. Бодоод үз л дээ. МАН засгийн эрхийг чанга гээч атгаж байх үед салбарын нэг сайдын хайртай ганц дүүгийнх нь нөхөр АН-ын зүтгэлтэн байдаг.
 
Төрсөн ганц дүүгээ гомдоолтой нь биш гээд хажуудаа хурган даргын л болов суудал зэхээд өгчихсөн... Ардын үг бий. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж... АН томорч хадам ахын хаялгаар аж төрж байсан нөгөөх чинь өөрөө сайд болчихоод новшролтой нь биш, ядаж л ханилсан ханиа бодсон ч яалт ч үгүй аргаа бараад зөвлөх ч болтугай хийлгэнэ, өнөөхөөрөө.
 
За ингээд л нэгэн бүлд багтсан улс болохоор урдах хойдхоо ухаж сайн муугаа хууль цагдаагийнхнаар шүүлгэлтэй нь биш гээд таг дарж, нам нууна. Үр дүнд нь улс төр МАНАН-таж, эх орны эрх ашиг хойшлогдож эгэл түмэн лайг нь эдэлнэ.
 
Хүмүүсийн яриад байгаа шиг МАН, АН-тайгаа нийлээд жинхэнэ утгаараа МАНАН-таад байгаа юм бол яах вэ. МАН-ыг тараачихвал АН нь ядаж МАНАН-тахгүй байлгүй гэж мухраар найдах нь хэр оновчтой бол. МАН байхгүй болчихоор нөгөөдүүл нь ухаан ороод гэгээрчихнэ гэж үү...
 
Нэг л биш ээ, ний нуугүй хэлэхэд найдвар төрөхгүй байна. Харин ч бүртгэлд байдаг хэрнээ амьд үхсэн нь мэдэгддэггүй, сонгууль болохоор гарч ирээд МАНАН-д биеэ худалддаг жижиг намуудыг цэгцлэх хэрэгтэй юм шиг ээ.
 
Оюуны нам, Жагаагийн нам, Энхбаярын нам, Эрдэнэбатын нам, Энхсайхны нам гээд хувийн намуудыг цэгцэлчихвэл бас ч гэж овоо цэгцрэх байх. Тэгэхгүй бол эдгээр нэр дурдагдсан болон дурдагдаагүй жижиг жараахайнууд акулуудтай тохиролцож аль нэг тийшээ ашиг хонжоо хайн хөлбөрч, өнөөх хоёрыг давраагаад байна, тийм биш гэж үү?
 
Х.Хүслэн
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин