sonin.mn
Сурагчид нийтийн тээврийн хэрэгсэл буюу том оврын автобусаар зорчихдоо 200 төгрөг төлдөг. Ямар ч орлогын эх үүсвэргүй, эцэг эхийн хараа хяналтад байдаг хүүхдүүдээс тасалбар тасалж мөнгө хураана гэдэг тийм ч таатай биш.
 
Өнгөрсөн хугацаанд сурагчид 200 төгрөгөө үг дуугүй төлж, эцэг эхчүүдийн зүгээс хэл ам гаргалгүй өдий хүрлээ. Тэгсэн хэр нь нас  биед хүрсэн оюутнууд виза картаар үнэгүй зорчино. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн насны иргэдийг үнэмлэхээр нийтийн тээвэрт явуулдаг.
 
Түүнчлэн цагдаагийн албан хаагчид ч мөн энэ бүлэгт хамааран нийтийн тээврээр үнэгүй зорчино.  Харин сурагчид бол мөнгөө төлж хичээл гэр хоёрын хооронд явцгаадаг. Зарим нэг биерхүү сурагчид том хүний тасалбар авч, 400 төгрөг төлөх бол энүүхэнд.
 
Сард 70 мянган төгрөгний цалинтай оюутнуудаа автобусаар үнэгүй зорчуулдаг атлаа цүнхээ дааж ядан яваа хүүхдүүдээс мөнгө нэхэх нь хэр шударга вэ?
 
Харин удахгүй энэ асуудал цэгцэндээ орж сурагчид том оврын автобусаар үнэгүй зорчих боломж бүрдэх нь. Учир нь З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үнэгүй явуулж байхаар болгох хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
 
Удахгүй ээлжит бус чуулганыг эхлүүлэх захирамж гарсан бөгөөд энэхүү хурлаар З.Баянсэлэнгэ гишүүн хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьж байгаад дээрх төсөл багтжээ. Тиймээс сурагчдад хандсан энэхүү хуулийн төслийг бусад гишүүд ч  санал нэгтэйгээр дэмжинэ гэдэгт итгэж байна.  
 
 
Б.Цацрал
 
Эх сурвалж: