sonin.mn
Хүннүчүүд 2500 орчим жилийн өмнө одоогийн Дундговь аймгийн нутагт хүдрийн ил уурхай ажил­луулж байсан баримт бай­даг. Үүнээс үзвэл бид уул уурхайн эртний түүхтэй орон юм. Гэвч манай уул уурхайн түүх 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Налайхын нүүрсний уурхайг засаг өөрийн мэдэлд авснаар эхэлдэг. 
 
Монгол оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр хагас зуу­ны турш монголчуудыг тэжээсээр ирлээ. Өдгөө уул уур­хай монголын эдийн засгийн нөлөөлөх чухал салбарын нэг болоод байна. 
 
Тийм ч учраас дэлхийн эдийн засгийн байдал, ашигт малтмалын үнэ хан­шаас бидний идэх хоол, өм­сөх хувцас, амьдрах орон сууцны үнэ хамаарч хэлбэлзэж байгаа нь нууц биш. 
 
Ердөө хэдхэн жилийн өмнө Монголын өмнийн говиос зэсийн нөөцөөрөө дэл­хийд гуравт орох том ордыг илрүүлж, монголчууд дэл­хий нийтийн анхаарлын төвд орсон гэж хэлж болно.
 
“Оюутолгой”-г тойрсон гэрээ­ний хэрүүл хэдэн жилийг барсан ч 2009 онд гэрээг үзэглэж чадсан. Үүний нэг шалтгаан нь монголчууд нэг улс, нэг баг болж чадсаны ач гавьяа юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харуулсан. Мэдээж хэрэг гэрээний сайн мууг ярилгүй яах вэ. 
 
Хамгийн гол нь гэдсэндээ хөлөө жийлцэлгүй Оюутолгой хэмээх энэ том төслийг хөдөлгөж чадсан нь хамтарсан Засгийн газрын, С.Баярын түүхэн гавьяа байв. Гэвч өнөөдөр байдал хүндхэн байна. “Рио Тинто”-ийн зүгээс Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг улс төр тогтвортой болтол зогсоох шийдвэр гаргалаа.
 
Засгийн газраас тус төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцүүлсний дараа шийдвэрлэнэ гэж мэдэгдсэний дараа “Рио Тинто” ийн хариу мэдэгдэл хийсэн юм.
 
Үүний үр дүнд хуучнаар “Айвенхоу Майнз” буюу “Turquoise hill resources” компанийн Канадын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 23 хувиар буурлаа. Олон улсын шинжээчид Оюутолгой төслийн үнэ цэн далд уурхайн бүтээн байгуулалтгүйгээр тэг төгрөгтэй тэнцэнэ гэж мэдэгдсээр буй. Үнэхээр ч Оюутолгойн ордын нийт баялгийн 80 хувь нь далд уурхайд байгаа. Тийм учраас далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсоосон мэдээлэл олон улсын хөрөнгө оруулагчдад хүндээр тусав. 
 
Тэд “Монголын Засгийн газрын дараагийн алхам юу байх бол...” гэсэн хүлээлтэд шилжээд байна. Харин үүнээс Монгол Улс чухам юу хожих вэ. Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсоосноор Монгол Улс өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан онцолсон байсан.
 
Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалт зогсох нь Монгол Улсад мэдээж ашиггүй. “Рио Тинто” далд уурхайг 2016 он гэхэд ашиглалтад оруулна гэж төсөөлж байсан. Харин одоо төсөөллөө 2018 он болгон хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа 2018 он болтол хойшлогдож байна гэсэн үг. 
 
Бүх шатны сонгууль дууссан, ид ажлын цаг байтал тэд юуны учир ийн мэдэгдэх болов оо. Магадгүй Н.Алтанхуягийн хэт хувийн гэмээр улстөржсөн тоглолт, “Фортуна” эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэргэжлийн бус хайнга мэдэгдлүүд хөрөнгө оруулагчдыг гайхашруулж эргэлзээ төрүүлсэн байж мэдэх юм. 
 
Бид гаднын хөрөнгө оруулалыг татаж байж уул уурхайгаа “хөдөлгөж”, эдийн засгаа өөд татаж чадна. Төрийн тэргүүн Оюутолгойн гэрээ батлагдахад монголчууд бүгдээрээ нэг алхам урагш алхаж чадлаа хэмээн мэдэгдэж байсан. 
 
Засгийн газрын тэргүүний урагшаа харсан бус, бүх ажлын хариуцлагыг өмнөх Засаг руугаа чихсэн далайцтай бус үйлдлүүд нь харин ч монголчууд бүгдээрээ арагшаа гурван алхам ухрах байдалд хүргээд байна. Шинэ засгийн хэт улстөржсөн бодлогын үр дүнд гадны хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар буурч, ам.долларын ханш тэнгэрт хадаж, цахилгаан, усныхаа үнэд иргэд түүртэж эхэллээ. 
 
Хамгийн бодитой жишээ гэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссоноор 2000 орчим ажилчид гудамжинд гарах нь тодорхой болоод байгаа юм.  2000 өрхийн цаана дунджаар гурван ам бүл байгаа гэж бодохоор 6000 иргэний амьжиргааны асуудал яригдана. Үүгээр ч зогсохгүй Оюутолгойг тойрч ус, унд, ажлын хувцас, жижиг техник хэрэгсэл нийлүүлж амьжиргаагаа залгуулдаг олон жижиг компаниудын үйл ажиллагаа зогсоно. 
 
Ингээд тооцоод үзэх юм бол дор хаяж 10000 хүний амьжиргааны асуудал хөндөгдөнө. Оюутолгойн орд манай улсын хамгийн том, ирээдүйд хамгийн их ашиг өгөх, анхаарал татах орд газар болоод байгааг бид бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь энэ түүхэн цаг үед засгийг тэргүүлж буй Ерөнхий, уул уурхайн сайд нарын далайцтай, уян хатан, мэргэжлийн бус “тэнэг” мэдэгдлүүд гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж байна. 
 
Хамгийн аймшигтай нь монголын эдийн засгийг гадныхан бус дотоодын эдийн засгийн алуурчид өөрсдөө сүйрүүлж байна. 
 
 “Оюутолгой” ба бусад ордуудын тухай
 
Монголын уул уурхайн түүх 2500 жилийн түүхтэй байж болох талаар дээр өгүүлсэн. Алдарт Налайхын нүүрсний ордоос хойш монголчуудад бодит хөрөнгө оруулалт хийсэн орд бол Монгол оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Бүхэл бүтэн хот сүндэрлэн босч эдийн засгийн төдийгүй, оросын хүчирхэг соёл монгол хөрсөнд даган орж ирсэн юм. 
 
Өнөөдөр ч Эрдэнэт үйлдвэр монголчуудад ач буянаа өгсөөр буй. Түүн лүгээ Оюутолгойг түшиглэсэн барууны хэв соёл бүхий том хотыг монгол хятадын хилийн заагт босгож яагаад болохгүй гэж. Тэгээд ч манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 30:30:40 гэсэн тоо бий. 
 
Өөрөөр хэлбэл, хоёр хөршөөсөө тус бүр 30, гуравдагч хөршөөс 40 хувийн хөрөнгө оруулалт авна гэсэн үг. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад гуравдагч орноос орж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж буй хэрэг юм. 
 
Хятадууд Говь-Алтай аймгийн хамгийн баруун урд талын сум буюу Алтай сумтай хил залган нефьтийн орд газрыг нээж, Монголын хил дээр асар том нефьтийн үйлдвэр босгосон. Олборлосон шатахуунаа өдөр шөнөгүй нутгийн гүн рүү эхлээд машинаар зөөдөг байсан бол одоо төмөр зам тавьж вагоноор зөөж байна. 
 
Хэдхэн гэрэл анивчиж байсан Тэнгэр уулын хойд талд бүхэл бүтэн хот сүндэрлэн босч байна. Хамгийн ойрын жишээ татахад ийм байна. Улс стратеийг ингэж хийдэг ажээ. Гэтэл манайхан яаж байна. 
 
Өчнөөн жил хэрэлдэж, эвлэж хамтарсан үедээ арайхийн батлуулсан гэрээгээ урж байна, гэрээ эвдэж байна. Өмнөх засгийнхаа хийсэн бүхнийг өөрсдөө байгаагүй юм шиг нулимж хаяж байна. Үүнийг горыг эрх баригч олгархиуд биш ард түмэн амсах нь гаслантай. Орд газраа зүй зохистой ашиглаад ашгийг нь хэдхэн улс төрч олгархиуд бус улс нь хүртэж болдгийн сайхан жишээ бол Эрдэнэт. 
 
Харин сүүлийн хэдэн жил улс төрчид Эрдэнэт рүү бохир гараа дүрэх болсон. Яагаад гэвэл тэнд асар их мөнгө эргэлдэж байдаг учраас. Гэтэл алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр Оюутолгой болон бусад уул уурхайгаа олигтой ажиллуулж чадахгүй байгаагийн учир юу вэ. 
 
Хариулт нь товчхон. Төрийн хар хайрцагны бодлого гэж том ярихаа больё. Уг нь ярих ёстой. Байх ч ёстой. Ерөөсөө л нэг улс, нэг баг болж тоглож чаддаггүй. Өмнө хийсэн сайн үйлээ үргэлжлүүлээд аваад явж чаддаггүй, дандаа баалж баллуурдаж байж сэтгэл нь ханадаг ёрын монгол араншинд учир нь байгаа юм. 
 
Ураныг өнөөдөр дэлхий нийтээрээ зүй зохистой ашигласнаар дэвшилтэт техник технологийг бүтээж хөгжлийг хурдасгаж байна. Гэтэл манайхан бүгд л ураныг зүй зохистой ашиглах нь зөв гэж хүлээн зөвшөөрдөг хирнээ сонгууль бүрээр зүсээ хувиргаж, ард түмэндээ хайртай “баатрын” жүжиг тоглодог. 
 
Үр дүнд нь уул уурхайн хөгжил нь яст мэлхийн хурдаар явж, ард түмнийх нь амьдрал бахь л байдгаараа. Өнөөдөр монгол төрийг хамгийн муу менежер удирдаж байна. Ямар ч газрын баялаггүй Сингапур орныг дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй хот улс болгож чадсан ойрхны жишээ бий. Орос ах нарын үлдээсэн алдарт Мардайн ураны ордыг бид яагаад ашиглаж болохгүй гэж. 
 
Хэрвээ зүй зохистой ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй л юм бол Францын Ареваг яах гэж Монголд оруулж ирсэн юм бэ?
 
Цаашид монголын томоохон орд газар, уурхайг ашиглалтад оруулснаар Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө гэсэн таамаглалыг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч манай төр засаг уул уурхайн салбарт хэт орсноор хөгжилд нь саад болж байна. 
 
Төр уул уурхайд дээд зэргийн хяналт тавьдаг байхаас Засгийн газар уул уурхайн яам шиг байж таарахгүй. Монголд хэрэгжиж ахлээд үр ашгаа өгөх байсан олон төсөл улс төрөөс болж зогссон гэдгийг олон хүн хэлдэг. 
 
Нүүрс дандаа ийм өндөр ханштай байхгүй. Шинэ технологи, бүтээгдэхүүн гарч ирээд дэлхий нүүрс хэрэглэхээ боливол яах юм бэ. Бид хэдий болтол алтан дээр суусан гуйлагчин байх вэ.  Монголын төрд дэлхийн чиг хандлагыг зөв мэдэрсэн, ард түмнийхээ төлөө өөрийгөө зольж чадах уян хатан тоглогч, сайн менежер үгүйлэгдэж байна.                  
 
 Үргэлжлэл бий...
 
Эрх зүйч Г.Нэргүй
 
Эх сурвалж: